Ардчилсан нам VII их хурлаа энэ сарын 12-нд буюу ирэх ням гаригт хийхээр болж, товлосон. Орон даяар Ардчилсан намын шинэ дүрмийн төслийг хэлэлцэж байгаа.
Эдгээр асуудалтай холбоотойгоор Ардчилсан намын ерөнхий нарийн бичгийн даргын үүрэг гүйцэтгэгч Л.Эрхэмбаяр, Ардчилсан намын дүрмийн төслийг боловсруулах үүрэг бүхий ажлын хэсгийн дарга Ш.Түвдэндорж нар өнөөдөр /2017.02.08/ сэтгүүлчдэд мэдээлэл хийлээ.
Энэ удаагийн VII их хуралд 2700 гаруй төлөөлөгч оролцох аж. Өмнөх VI их хуралд 1210 төлөөлөгч оролцсон. Их хуралд 2700 орчим төлөөлөгч оролцох болсон нь сум бүрээс хоёр төлөөлөгч, хороо болгоноос таван төлөөлөгч оролцох болсонтой холбоотой.
Хоёр асуудлыг их хурлаар хэлэлцэнэ. Нэгдүгээрт, шинэ намын даргыг батламжилна. Хоёрдугаарт, Ардчилсан намын бодлогын хороо/хуучнаар ҮЗХ/ -ны сонгууль, нийслэл, аймаг, дүүргийн намын хороодын дарга нарыг хэрхэн сонгох вэ, намын хяналтын болон сонгуулийн байгууллагуудаа яаж байгуулах вэ гэдэг бүтцийн өөрчлөлтийг хэлэлцэж, хийх юм байна.
Энэ удаагийн их хурлаар Ардчилсан намын дүрмийн шинэчлэлийг батлахгүй, ирэх тавдугаар сард зарлагдах хурлаар эцэслэх аж.
Дээрх мэдээллийг хийсний дараа сэтгүүлчдийн сонирхсон асуултад хариуллаа.
-Ардчилсан намын ерөнхий нарийн бичгийн даргад долоон хүний нэр яригдаж байна гэх. Хэзээ сонгох вэ?
Л.Эрхэмбаяр: Намын ерөнхий нарийн бичгийн даргыг намын дарга санал оруулж, Үндэсний бодлогын хорооны олонхийн саналаар сонгодог дүрмийн төсөл явж байгаа. Өмнө ч тийм байсан.
-Ирэх ням гаригийн их хурлаас ерөнхий нарийн бичгийн даргыг сонгож чадах уу?
-Энэ бол шинэ намын даргын өөрийнх нь бүрэн эрхийн асуудал. Одоогоор шинэ намын даргад хэдэн хүний нэр өгөгдсөнийг би өөрөөс нь асуугаагүй байна. Та бүхэн надаас илүү мэдээлэлтэй байна.
-Ерөнхийлөгчийн сонгуульд Ардчилсан нам ялагдал хүлээхэд шинэ намын дарга хариуцлага үүрэхгүй байх зохицуулалт намын дүрэмд суусан гэдэг яриа байна. Хэрвээ энэ заалтыг суулгасан юм бол ямар үндэслэлээр оруулав?
Ш.Түвдэндорж: Ерөнхийлөгчийн сонгуулийн дүнг бид бүгдээрээ намын их хурлаараа хэлэлцье гэж байгаа. Аль аймаг тус сонгуульд идэвхитэй оролцов, аль нам нь хэдэн төгрөг хандивлав гээд. Хэн нь тааруухан байв гэдэг дүгнэлтийг хийнэ.
Ерөнхийлөгчийн сонгуулийн нэг онцлог бол намаас хэдий нэр дэвшдэг ч сонгогдсоныхоо дараа намын хүн биш болдог. Тэгэхээр Ерөнхийлөгчийн сонгуульд нам ялагдахад намын даргад хариуцлага тооцоход харьцангуй. Тэглээ гээд Ерөнхийлөгчид нэр дэвшигчээ тоохгүй хаяж болохгүй.
Ийм онцлог байгаа учраас нэр дэвшигчээ сонгуульд ялуулахын төлөө бүхий л талаар чармайж ажиллана. Гарсан үр дүнг шууд намын дарга хүлээх нь зохимжгүй. Харин намын дарга УИХ-ын сонгуульд ялагдал хүлээвэл хариуцлагаа үүрнэ, нийслэл, аймаг дүүргийн дарга нь орон нутагтаа хариуцлагаа үүрэх нь зөв юм аа гэж үзэн, дүрмийн төслийг боловсруулсан.
-Ямар тохиолдолд намын даргыг огцруулах вэ?
-Гурав, дөрвөн шалтгаан бий. Эрүүл мэндийн шалтгаан, эсвэл Ерөнхийлөгчөөр сонгогдвол, эсвэл өөрөө чөлөөлөгдөх өргөдлөө өгнө. Энэ ажлыг хийхгүй гэдэг ч юм уу. УИХ-ын сонгуульд олонхи болж чадаагүй нөхцөлд чөлөөлөгдөнө. Итгэл үзүүлэх эсэх асуудал байхгүй гэж ойлгож болно.
-Бүлэг, фракцаас татгалзана гэсэн тухайлсан заалтыг намын дүрэмд оруулж чадсан уу?
-Нам дотроо эвлэлдэн нэгдэх гэдгийг хорьж байгаа. Нэг нам болж, эвлэлдчихээд дотроо бас дахиад эвлэлдэх асуудлыг хорино.
Гишүүн аль нэг төрийн бус байгууллага, хуулийн этгээдэд харьяалагддаг бол тэр төрийн бус байгууллага, хуулийн этгээдийн зүгээс намын дотоод хэрэгт оролцох гэсэн оролдлого хийх юм бол гишүүн тийм боломж олгохгүй байх үүрэг хүлээх заалт тусгаж өгч байгаа. Дээр нь сахилгын 20 орчим шийтгэл хүлээлгэхээр заасан.
Тухайлбал, хүний нөөцийн бодлогыг зөрчин, зохион байгуулалтад орж, эрх бүхий хүмүүст тэрийг дарга, сайд болгомоор байна гэж шахах юм бол хариуцлага хүлээнэ. Үндсэндээ фракцаар зохион байгуулалтад орж юм хийхийг хорьсон.
Л.Эрхэмбаяр: Эрх зүйнхээ хувьд фракцлаад ч ач холбогдолгүй болсон. Дүрмэнд тийм өөрчлөлт орсон. Одоо намын даргаа бүх гишүүдээрээ сонгочихсон учраас өөр нэгэн огцруулах боломжгүй. Тийм учраас фракцууд барьцаалаад юм уу, энэ нөхрийг огцруулъя гэдэг ч юм уу, энэ асуудал харьцангуй тогтвортой. Дөрвөн жилдээ сонгосон даргатайгаа явна, ийм тогтолцоо руу Ардчилсан нам орчихлоо гэж хэлж болно
Ш.Түвдэндорж: Бүх эрх мэдэл анхан шат руу буюу гишүүд рүү шилжиж байгаа. УИХ-ын сонгуульд нэр дэвшигчээ, Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигчээ тодруулна. Иргэдийн Төлөөлөгчдийн хуралд нэр дэвшигчийг, намын даргад нэр дэвшигчийг тодруулна. Намын бүх гишүүдийн хурлаас дотоод бүх байгууллагаа байгуулна.
Мөн манай нам бодлогын нам болж байгаа. Үндэсний зөвлөлдөх хороо бодлогын хороо болж, Засгийн газрын бүтцээр үйл ажиллагаа явуулаад тэр дундаасаа хүний нөөцийн бодлогоо гаргадаг болно. Ямар нэг танил тал, ах дүү ч гэдэг юм уу фракцын зүгээс манай намын боловсон хүчний асуудлыг шийддэг хуучин систем халагдана.
Зөвхөн Үндэсний бодлогын хороон дээр бодлогоо уралдуулаад салбартаа шалгарсан манай намын гишүүд тэр тухайн салбарыг удирдана.
Г.ДАРЬ