УИХ-ын Хууль зүйн байнгын хорооны хуралдаанаар өнөөдөр “Эрдэнэт” үйлдвэрийн 49 хувийн худалдан авалттай холбоотой асуудлыг хэлэлцэх байсан ч маргааш хэлэлцэхээр болж, хойшлууллаа.
Тус байнгын хороо “Эрдэнэт”-ийн асуудлыг хойшлуулахын өмнө Эрүүгийн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай, Эрүүгийн хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлгийг хийж, ажлын хэсгээс оруулж ирсэн зарчмын зөрүүтэй саналын томъёоллоор санал хураалгасан юм.
Хэлэлцүүлгийн шатанд УИХ-ын гишүүн Л.Мөнхбаатар цаа буга хулгайлсан хулгайчид малын хулгайчид ногдуулдаг ял оногдуулдаг байх санал гаргасан нь дэмжигдлээ.
Дээрх хуульд мал хулгайлсан этгээдэд зургаан сараас 5 жил хүртэл хугацаагаар хорих ял ногдуулахаар заасан байгаа юм.
Харин УИХ-ын гишүүн О.Батнасан “Малын хулгайчид ногдуулах ял хүнд байгааг хөнгөвчлөх боломжтой юу” гэсэн асуудал хөндлөө.
Хууль зүй, дотоод хэргийн сайд С.Бямбацогт “Өмнөх Эрүүгийн хуулийн төсөлд малын хулгайчид 2-8 жил хүртэл хугацаагаар ял оноохоор байсныг 6 сараас таван жил хүртэл ял оноохоор болгож өөрчилсөн. Хүнд байна гэж үзвэл санал гаргах бололцоотой” гэсэн хариулт өгч байлаа.
Хуулийн төсөлтэй холбогдуулан нийтдээ 50 гаруй зарчмын зөрүүтэй саналаар санал хураалгаж дууссанаар байнгын хорооны хуралдааныг өндөрлүүлэв.
Г.ДАРЬ