Цагдаагийн албаны тухай хууль батлагдлаа

Хуучирсан мэдээ: 2017.02.09-нд нийтлэгдсэн

Цагдаагийн албаны тухай хууль батлагдлаа

УИХ-ын чуулганаар Цагдаагийн албаны тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон холбогдох бусад хуулийн төслүүдийн эцсийн хэлэлцүүлгийг хийж баталлаа. Өмнө нь хүчин төгөлдөр үйлчилж байсан Цагдаагийн албаны тухай хуулийг хүчингүй болсонд тооцох тухай асуудлыг холбогдох байнгын хороонд шилжүүлэв.

Хуралдааны үеэр УИХ-ын гишүүн С.Чинзориг:

-Цалин хөлсний талаар Хөдөлмөрийн тухай хуульд заагаад өгчихсөн байхад энэ хуульд цолны цалин гэдэг юм нэмээд оруулаад ирчихсэн байх юм. Цолны цалин, цалин хөлс гэж тусдаа байх шаардлагатай юу?

УИХ-ын гишүүн Ц.Нямдорж:

-С.Чинзориг гишүүний хэлж байгаа нь зөв. Дараа нь энэ хуульд өөрчлөлт оруулах шаардлага гарвал хасчих байх. Ер нь цагдаа нар бол халуунд халж, хүйтэнд хөрж явдаг. Хамгийн хүнд хүчир алба хашдаг хүмүүс атал 600-700 мянган төгрөг авдаг.

УИХ-ын гишүүн Л.Болд:

-Ц.Нямдорж даргын ярьж байгаатай санал нэг байна. Үнэхээр цагдаагийн албан хаагчийн нийгмийн асуудалд анхаарах ёстой. Хоёрдугаарт, цагдаа хуулийн дагуу үйл ажиллагаа явуулах эрхийг нь бүрэн хангах хэрэгтэй. Цагдаагийн генерал гэдэг цол олгох хэрэг байна уу?

УИХ-ын гишүүн Ц.Нямдорж:

-Цагдаагийн генерал цол олгодог 40 гаруй улс орон байдаг. Бие даасан улс хэдэн генералтай байхад буруудаад байх юу байх вэ дээ. Төртэй улсад байдаг л асуудал шүү дээ.

УИХ-ын дарга М.Энхболд:

-Цагдаагийн генерал бол дэмий зүйл дээ. Дараа нь тагнуулын генерал гэх мэтээр төрөлжөөд явах эхлэл тавилаа. Цэргийг дээд цол гэдгээрээ байх ёстой байсан юм.

УИХ-ын чуулган үргэлжилж байна. Яг одоо Дотоодын цэргийн тухай хуулийн төслийг хэлэлцүүлгийг хийж эхэллээ. Энэ үеэр УИХ-ын гишүүн Л.Болд “өнөөдрийн хэлэлцэх асуудалд Дотоодын цэргийн тухай хуулийн төсөл байгаагүй. Гэтэл шууд оруулаад ирж байгаа юм уу” хэмээн шүүмжлэв.

Т.НОМИН

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж