“Би тог дамжуулж байна чамд
Одоо дэлхийн хаа нэгтээ чи хамгийн хэрэгтэй хүн
Би тог дамжуулж байна чамд
Яг хажууд чинь байгаа хүн гэрэлгүй байж магадгүй” хэмээн өгүүлэх “Цахилбаа” дууны эзэн, реппер бүсгүй NMN-тэй ярилцлаа. Түүнийг М.Номин-Эрдэнэ гэдэг. Тэрбээр монголын хип хоп урлагт цоо шинэ өнгө төрх, аялгуу болж, хөгжмийн ертөнцийг өнгөлж буй эмэгтэй репперүүдийн нэг. Түүний “Цахилбаа”, “Хэвээрээ”, “Баяртай” зэрэг дуунууд нь орчин үеийн залуусын сонсох дуртай дууны сонголтын нэг болж. Тэрбээр ярилцлагадаа өөрийгөө реппер гэхээс илүүтэйгээр дуучин гэж бичихийг санал болгосон юм. Учир нь тэрбээр сүүлийн үед поп жанрын дуу дуулах болсон байна. Ингээд түүнтэй ярилцсанаа хүргэж байна.
-Сүүлийн үед дуучин Б.Оргил, реппер Н.Цэцэнбилэг, амьд хөгжмийн “Shom” хамтлагтай хамтран дуулсан дуунууд залууст хүрч байна. Хоёулаа ярилцлагаа сүүлийн үеийн уран бүтээлээс эхлэх үү?
-Сүүлийн үед студи дээр л өнждөг ажилтай болсон. Шинэ уран бүтээлүүдээ ч ар араас нь сонсогчдод хүргэж байна. Дуунуудаа хүмүүст хүргэх тал дээр л сайн ажиллахыг хичээж байна даа. Миний хувьд хамгийн сүүлд “Долоо” гэж хийлээ. Шинэ дуу маань энэ сардаа багтан цацагдаж эхэлнэ. Дууны нэр их өвөрмөц. Шинэ дуу цацагдах үед л учрыг тайлаарай.
-Энэ намар шинэ хамтлаг, дуучдыг дэмжих зорилготой “Тiger Jams-2016” хөтөлбөрт нэгдсэн. Амьд хөгжмийн “Shom” хамтлагтай дуулсан “Өөр зүйл” дуу залууст их хүрч байна?
-Тийм. Дуучин Ука эгч, “Лемонс” хамтлагийн ах нартайгаа хамтран “Тiger Jams” хөтөлбөрт оролцлоо. Уг хөтөлбөр маань ч амжилттай болж өндөрлөлөө. Миний хувьд амьд “Shom” хамтлагтай хамтран “Өөр зүйл” дууг хийсэн. Ер нь энэ төслийн “Чамтай хамт”, “Залуу нисгэгч”, “Өөр зүйл” хэмээх гурван дуу бүгд л шинэлэг өнгө аястай дуу болсон санагдсан.