Нийслэлийн өвөлжилтийн бэлтгэл 64,5 хувьтай байна

Хуучирсан мэдээ: 2011.07.29-нд нийтлэгдсэн

Нийслэлийн өвөлжилтийн бэлтгэл 64,5 хувьтай байна

Нийслэлийн 2011-2012 оны өвөлжилтийн бэлтгэл ажил өнөөдрийн байдлаар 64,5 хувьтай байна. Нийслэлийн Засаг даргын “Нийслэлийн 2011-2012 оны өвөлжилтийн бэлтгэл хангах тухай” 458 дугаар Захирамжийг дүүрэг, харъяа байгууллага бүрт хүргүүлж, “Нийслэлд 2011 онд хэрэгжих инженерийн шугам сүлжээ, автозам, тохижилтийн нэгдсэн төлөвлөгөө”-ний дагуу шугам сүлжээний их болон урсгал засвар, замын засвар, шинэчлэлийн ажлуудыг уялдуулан хэрэгжилтийг нь хангуулан ажиллаж байгаа.

Улаанбаатар хотын Ерөнхий менежер Ч.Батаар ахлуулсан комисс өнөөдөр хуралдаж, бэлтгэл ажлын явц болон цаашид анхаарах асуудлуудын талаар хэлэлцлээ.

Салбар тус бүрээр нь авч үзвэл, Усан хангамж, ариутгах татуургын ажлын явц 85 хувьтай, төвлөрсөн дулаан хангамжийн ажил 70 хувь, ОСНАА-н үйлчилгээ 71,5 хувьтай байна. Төвлөрсөн дулаан хангамжийн хувьд  Баянзүрх дүүргийн 115, 128 дугаар цэцэрлэгүүд дулааны шугам дээр тохижилтын ажил хийсэнтэй холбогдон12 г магистрал шугамыг солих, мөн ОСНАА-н хонгилын системийн барилга угсралтын болон Опен-Хаус салбарын ус дулаан дамжуулах төв барих ажлыг эрчимжүүлэх шаардлагатай байгааг Ерөнхий менежер анхааруулсан. Цахилгаан хангамжийн хувьд “Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ” ХК өвөлжилтийн бэлтгэл хангах ажлын хүрээнд 1224,2 сая төгрөгийн 9-н их засварын ажил хийгдэж байгаагаас гүйцэтгэл нь 51,8 хувьтай, “Төвийн бүсийн цахилгаан дамжуулах сүлжээ” ХК 34 ажил төлөвлөснөөс 23 ажил хийгдэж, төлөвлөгөөний биелэлт 67 хувийн хэрэгжилттэй байна. Халаалтын зуухны засвар ашиглалтын газрын бэлтгэл 65, Эрүүл мэнд, Боловсролын газрынх тус бүр 60 хувьтай байна. Эрүүл мэндийн харъяа нийт 17 объектод их засвар хийгдэхээс одоогийн байдлаар 3-ынх нь засварын ажил бүрэн дуусч, 6 байгууллагын ажил дуусч, техникийн комиссын дүгнэлтийн дагуу дахин засварлах шаардлагатай ажлуудыг гүйцэтгэж, 3 байгууллагын засварын ажил гүйцэтгэлийн шатандаа байгаа ажээ.

Дүүргүүдийн өвөлжилтийн бэлтгэл 50-75, дундын эзэмшлийн эд хөрөнгийн засвар үйлчилгээ 52,2 хувийн гүйцэтгэлтэй байна. Байруудын дотор халаалтын системийг угаах, айл өрхийн бөглөөтэй шугам солих ажлыг эрчимжүүлэхийн зэрэгцээ бүх худгийн тагийг бүрэн болгохыг Ерөнхий менежер нийт холбогдох газруудад үүрэг болголоо.    
 

Эх сурвалж: www.ulaanbaatar.mn
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж