Т.Батцогт: 50 янданг нэг болтол цөөлөх боломж байна

Хуучирсан мэдээ: 2017.02.09-нд нийтлэгдсэн

Т.Батцогт: 50 янданг нэг болтол цөөлөх боломж байна

Нийслэлийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын төлөөлөгч, БЗД-ийн Засаг даргын Дэд бүтэц, хот төлөвлөлтийн асуудал хариуцсан орлогч Т.Батцогттой цаг үеийн асуудлаар ярилцлаа.


-Нийслэлийн Иргэдийн хурал шинэ оны дараа агаарын бохирдлын асуудлаар хуралдсан. Тиймээс ярилцлагаа энэ сэдвээр эхэлмээр байна. Энэхүү хурлаар ямар асуудал хэлэлцсэн юм бэ?

-Энэ бол яах аргагүй олон нийтийн санаа бодлыг тусгаж, шийдлийг нь олох учиртай чухал асуудлын нэг. Бид нэг л агаараар амьсгалж байгаа болохоор бүгд эрүүл байя гэвэл агаараа цэвэр байлгах шийдлийг олж, түүнийг хэрэгжүүлж, нийтээрээ дагаж мөрдөх хэрэгтэй байна. Утаанаас үүдээд бага насны хүүхдийн өвчлөл нэмэгдсэн, тэр ч бүү хэл тархины хорт хавдартай болсон тохиолдол гарсан гэдгийг албаныхан хэлж байгаа. Нийслэлийн иргэдийн хурал өнгөрсөн сард утааны асуудлаар хуралдлаа. Энэ хуралд НИТХ дахь Ардчилсан намын бүлгээс тодорхой асуудлуудыг хөндөж, хэлэлцүүлсэн. Нийслэлийн гэр хороолол, тэр дундаа утаа хамгийн их байгаа тойргуудын судалгааг гаргаж, дэд бүтцийн асуудлыг шийдэх гарц юу байгааг бүлгийн зүгээс хөндөж ярьсан байгаа. Ингэхдээ бид жилийн дөрвөн улиралд энэ асуудлыг судалж, гарцыг хайя гэдэг санал гаргасан. Нийслэлийн удирдлагуудаас утааны эсрэг хийгдэх ажил нь хангалтгүй байна. Өмнөх жилүүдэд олон Засгийн газар, нийслэлийн удирдлагууд олон тэрбум төгрөгийг утааны эсрэг санал санаачилга гаргаж хийсэн ч үр дүнгүй байсан. Агаарын бохирдол ганцхан Монголд тохиолдоод байгаа зүйл биш. Дэлхийн хөгжсөн, хөгжиж байгаа бүх улс орон бидний энэ цаг үеийг туулж өнгөрсөн, асуудлаа шийдэж ирсэн. Тэд нэн тэргүүнд яндангийнхаа тоог бууруулж чадсан байна. Өнгөрсөн дөрвөн жилд нийслэлийн хэмжээнд гэр хорооллыг дахин төлөвлөх, дэд бүтцийн ажил хийгдсэн. Энэ хэмжээгээр тодорхой байршлуудад утаа багассан. Жишээлбэл, Баянзүрх дүүргийн 14-р хороо буюу “Нарантуул” захын хойд хэсэг гэр хороолол байсныг дахин төлөвлөж, орон сууц болсон. Батлан хамгаалах сургуулийн орчимд Баганат өргөө, Гангар гэсэн орон сууц баригдсан. Иймэрхүү байдлаар гэр хорооллыг дахин төлөвлөж, утаа гаргаж байгаа янданг багасгаж байж л агаарын бохирдлыг бууруулна. Энэ бол дэлхийд нотлогдсон тод жишээ. Арай гэж яндангаа цөөлөх гэж хичээж байхад одоо нийслэлээс утаагүй зуух тараах асуудлыг яриад сууж байгаа нь маш шүүмжлэлтэй зүйл.

-Гэтэл одоо гэр хорооллын дахин төлөвлөлт хийх гэхээр улс нь мөнгөгүй байна гэдэг шалтаг, шалтгаан хэлээд байгаа шүү дээ?

-Улс орны эдийн засаг хүндэрсэн ийм үед гэр хорооллыг бүгдийг нь барилгажуулах боломжгүй. Гэхдээ түүний өмнө зуух тараахаас гадна хийж болох арга олон бий. Жишээлбэл, Сонгинохайрхан дүүргийн Зүүн салаанд 50 айлыг нэгтгээд хэсэгчилсэн инженерийн шугам сүлжээтэй хотхон байна. Энэ хотхоны айлууд халуун, хүйтэн устай, бохироо шийдчихсэн учраас утаагүй орчинд амьдарч байна. Өнгөрсөн 4 жилд санал санаачлага болон хэрэгжиж эхэлсэн Сайн хашаа хөтөлбөр бас бодит жишээ.

-Тэгвэл, Улс орны эдийн засаг хүнд байгаа ийм үед агаарын бохирдлыг багасгах богино хугацааны ямар, шийдэл гарц байна гэж та харж байна вэ?

-Тэгэхээр гэр хорооллын айл өрхүүдийг бүгдийг нь биш гэхэд хэсэгчлэн шийдэх боломж байгаа юм. Нэг дор байдаг 40-50 айл зөвшөөрсөн тохиолдолд тухайн хэсэгт хэсэгчилсэн инженерийн шугам сүлжээг бий болгох замаар гэр хорооллын яндангийн тоог багасгая гэж байгаа юм. Ингэснээр тухайн айлуудын дунд цахилгаанаар болон бага хэмжээний нүүрсээр халдаг уурын зуух бий болгосноор хотын агаарын бохирдол буурахад бодит нөлөө үзүүлнэ. Гэр хорооллын 40-50 янданг шүүлтүүртэй нэг яндангаар солих амар хялбар боломжийг нь бид бүрдүүлэх ёстой. Өндөр байшингаас илүү өөрийн гэсэн газар дээрээ асуудлаа шийдсэн хотхон нь өөрөө капитал юм. Бидэнд боломж нь байгаа учраас зөв бодлого чухал. Үүнийг хийгээч гэж санал тавиад байгаа ч цөөнх бол цөөнх л байдаг юм байна. Олонх бол өөрсдийн мөрийн хөтөлбөрөө биелүүлэхийн тулд ажилладаг юм байна гэдгийг ойлгож байна. Гэхдээ бид олонхи шийдэхгүй байна гээд энэ асуудлыг хаяхгүй. Миний хувьд Баянзүрх дүүргийн гэр хорооллоос сонгогдсон төлөөлөгч. Манай гурван хороо тэр чигтээ гэр хороолол. Өөрийн сонгогдсон тойргийнхоо айл өрхүүдэд 40-50 айл дундаа хэсэгчилсэн инженерийн шугам сүлжээг бий болгоё гэдгээ иргэдтэй уулзалт хийх үедээ хэлсэн. Тиймээс өөрийнхөө тойрогт дэд бүтцийг нь хэсэгчлэн шийдсэн жишиг хотхон байгуулъя гэж төлөвлөж байгаа. Харин тэр жишиг хотхон барьсныхаа дараа хотын удирдлагуудад үзүүлээд ийм боломж байна гэдгийг нь харуулна. Нийслэлийнхээ иргэдийн сайн сайхан амьдрах боломжийг нь бүрдүүлэхийн тулд бид сайн санал, санаачилга гаргаж эхлүүлэх болно.

-Хэрэгжүүлэхэд иргэдийн оролцоо, санхүүгийн дэмжлэг тодорхой хэмжээнд шаардлагатай байх. Гэр хорооллын 40-50 айл бүгд зөвшөөрөх боломжгүй байх. Бас санхүүгийн хувьд бүгдээрээ тэр бүр боломжтой байх нь юу бол. Энэ мэт асуудал гарах болов уу?

-Тийм асуудал гарна. Орлого багатай, ажилгүй иргэд маш олон бий. Гэхдээ энэ төслийг санаачлаад ажил хэрэг болгоход шугам татахаас эхлээд маш олон ажлын байр бий болно. Тиймээс дахин төлөвлөлтөд орж байгаа тэр хэсгийн айл өрхүүдийн ажилгүй иргэдийг хамруулж болно. Тэр хүний цалин нь дэд бүтэц шийдэх мөнгөндөө нэмэрлэх боломжийг нь бүрдүүлнэ. Түүнээс 10 айл төлбөрийн чадамжгүйгээс үлдсэн 40 айл нь хохирох ёсгүй. Тиймээс тэр хэсэгчилсэн хүрээний айлуудын 70 хувь нь зөвшөөрсөн тохиолдолд бид энэ ажлыг эхлүүлээд тэр боломжгүй, ажилгүй байгаа иргэддээ боломж олгохоор төлөвлөсөн. Ийм байдлаар асуудлыг шийдэх боломж байгаа учраас ярихаас илүү эхлээд бид хийж үзүүлэх нь үр дүнтэй гэдгийг НИТХ дахь АН-ын бүлэг үзэж байгаа.

-Шинэлэг арга, санаачилга гаргаж байгаад тань иргэд бас урамшиж байгаа байх. Тэгвэл хэзээнээс энэхүү хэсэгчилсэн шугам сүлжээ амьдрал дээр биеллээ олох бол. Бас хөрөнгө мөнгөний хувьд хэрхэн шийдвэрлэх вэ?

-Энэ бол зуны гурван сард л хийх ажил. Бид том зүйл барих гэж байгаа биш. Бэлэн гэр хорооллын талбар байгаа учраас ашиглах ёстой. Гол нь төр тодорхой хэмжээгээр дэмжихгүй бол иргэд дангаараа санаачилга гаргаад явах нь хүндрэлтэй, тэдэнд дэмжлэг хэрэгтэй.

-Үндэсний аюулгүй байдлын зөвлөлөөс нийслэлийг гамшгийн байдал үүссэн гэж зарлахдаа дан ганц утаа бус хөрсний бохирдлын асуудал ч гамшигт хүрсэн гэж үзсэн. Гэр хорооллын нэг янданг бууруулснаар түүнийг дагасан хөрсний бохирдол багасах боломж юу байна вэ?

-Хөрсний бохирдол нийслэлийн хэмжээнд гамшигт хүрсэн, бидний хэрэглэж байгаа ундны цэвэр ус руу орчихсон. Утаа шиг бидний нүдэнд харагдахгүй л болохоос хөрсний асуудал нийслэлчүүдийн өмнө тулгамдсан асуудал хэвээр л байна. Гэр хорооллын айл бүр модон жорлонтой учраас хөрс бохирдох нэг шалтгаан болж байна. Нөгөө нэг шалтгаан нь нийслэлийг тойрсон гурван газарт хог хаягдлыг булдаг. Хан-Уул дүүргийн Морингийн даваа, зүүн хэсэг нь Цагаан даваа, баруун хэсэг нь Улаанчулуутад булдаг. Энэ нь нийслэлийг гурван талаас нь бүсэлсэн гэсэн үг. Хүн амын 60 гаруй хувь нь ажиллаж байгаа нийслэлийн иргэдийн хог хаягдал маш их. Түүнээс гадна нийслэлийн автомашины тос, масло хөрсний бохирдолд шууд нөлөөлж байгаа. Нийслэлд явж байгаа машин бүр жилдээ хоёр удаа тос, масло сольдог. Тэр тос масло нь хөрсөнд л шингэж, дахин сэргээгдэхгүйгээр хөрсийг бохирдуулж байна. Энэ мэт хөрс бохирдох тодорхой хэдэн шалтгаан байна. Тэгэхээр бид хөрсний бохирдлыг бууруулах асуудалд анхаарал тавьж байна. Ирэх дөрөвдүгээр сард нийслэлийн иргэд, эрдэмтэн судлаачидтай уулзаж, хөрсний бохирдлыг бууруулах арга замын талаар зөвлөлдөнө. Хөрсний бохирдол дулаарч эхлэхээр агаарт дэгдэж, халдварт өвчин үүсгэх нөхцөл бүрдүүлдэг. Түүнд нь бага насны хүүхдүүд өртдөг гэдгийг эрүүл мэндийн байгууллага хэлдэг. Энэ асуудлыг шийдэх ёстой. Шийдэх гарц нь гэр хорооллын бохирыг хөрсөнд шингээхгүйгээр зориулалтын газар буюу Төв цэвэрлэх байгууламжийн хүчин чадлыг нэмэгдүүлэх шаардлагатай байгаа юм. Сүүлийн хоёр жилийн хугацаанд хөрсний бохирдол 7-9 хувиар буурсан үзүүлэлт гарсан. Энэ юутай холбоотой вэ гэхээр сүүлийн гурван жил хийгдсэн гэр хорооллын дахин төлөвлөлтийн үр дүн. Хөрсний бохирдлыг бууруулахын тулд гэр хорооллын дахин төлөвлөлт хийх хэрэгтэй.

-Дэлхийн энэ олон том хот, улс орнууд хог хаягдлаа боловсон аргаар дахин ашигладаг. Манай улсад хог дахин боловсруулах үйлдвэр байгуулж байсан ч тэр нь тодорхой үр дүнд хүрээгүй. Асуудал нь яг юундаа байдаг юм бэ?

-Хог хаягдал, дахин боловсруулалтад Япон улс маш сайн технологи ашигладаг. Хотын төвд нь ямар ч утаа гаргадаггүй, хогны үйлдвэр нь байдаг. Тэр үйлдвэр нь хог хаягдлыг ялгадаг, дахин боловсруулдаг, хэрэгцээгүй хог хаягдлыг дахин боловсруулж бүтээгдэхүүн болгодог. Ийм бэлэн байгаа технологийг бид нийслэлд хэрэглэх хэрэгтэй. Японы хог дахин боловсруулах үйлдвэр нь цаас, шил, мод, төмөр, хуванцар гээд бүгдийг нь ялгаж, дахин ашигладаг. Огт боловсрохгүй байгаа хогийг маш өндөр даралтад шатааж, лаав болгоод бүтээн байгуулалтын түүхий эд болдог.

Утаа гардаггүй, устөрөгчийн утаа гаргадаг маш том үйлдвэрийг Монголд нутагшуулах боломжтой. Болдог бол манай байгаль орчны сайд Япон улсын байгаль орчны сайдтай уулзаад хоёр талын хамтарсан гэрээ байгуулаад зээл, тусламжаар хог хаягдлыг дахин боловсруулах үйлдвэр барьж болно. Энэ үйлдвэрийг дагаад маш их ажлын байр бий болно. Гаднаас зээл, тусламж авахдаа бодит ажил болгох нь чухал байгаа юм.

-Тантай ярилцаад сууж байхад бидэнд утаанаас салах гарц олон арваараа байгааг мэдэрч байна. Гэхдээ нүдэнд харагдах гарц нь байгаад байгаа хэр нь шийдлээ олохгүй юм. Магадгүй зөвхөн шийдэл хайдаг дарга нар нь олшроод байгаа юм уу?

-Хэдийгээр бид НИТХ-д цөөнх ч гэсэн өөрсдийгөө вакумжуулаад байгаа, хэтэрхий их агаар дээгүүр ниссэн гарын үсэг зурж, шийдвэр гаргадаг дарга нарыг хөрсөн дээр нь буулгахын тулд тодорхой ажлууд санаачилж байна. Тэр нь юу байх вэ гэхээр НИТХ дахь Ардчилсан намын бүлэг иргэдээ сонсдог байя гэж. Долоо хоног бүрийн лхагва гаригт “Хотын шийдэл” нэртэй иргэд, судлаачид, эрдэмтдийн хэлэлцүүлэг зохион байгуулж байхаар болсон. Хэлэлцүүлгээс гарсан шинэ санаачилга, шийдвэрээ холбогдох байгууллагуудад нь саналаар хүргүүлнэ. Олонх бидний саналыг сонсохгүй бол иргэдийнхээ саналыг сонсох байх гэж бодож байна. Ер нь бид иргэдийн асуудлыг шийдэхээр сонгогдсон хүмүүс. Нийслэлийн иргэдийг ажилтай, орлоготой болгох гэж сонгогдсон. Өөрийнхөө тойрогт нэг ч гэсэн хүний амьдрал ахуйг сайжруулах бүтээлч ажлууд санаачилж байна. Харамсалтай нь улс төржих, намын ялгаа гаргах асуудлаас болж бидний тавьж байгаа бүтээлч саналуудыг үгүйсгэж байгаа нь харамсалтай.

Ш.ЧИМЭГ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж