1988 онд байгуулагдсан Улсын тэргүүний 21 дүгээр цэцэрлэг нь 1992 онд БНАСАУ-ын их удирдагч Ким Жөн Ирийн нэрэмжит цэцэрлэг болсноор өдгөө 25 жилийн ой тохиож байгаа ажээ. Энэ хүрээнд БНАСАУ-аас Монгол улсад суугаа онц бөгөөд бүрэн эрхт элчин сайд эрхэмсэг ноён Хон Гю өнөөдөр /2017.02.09/ аймгийн Засаг даргын Нийгмийн бодлого, төсөл хөтөлбөр хариуцсан орлогч А.Түвшинбат, аймгийн ЗДТГ-ын дарга Ч.Энхбат, 21 дүгээр цэцэрлэгийн эрхлэгч Ш.Ундармаа нартай уулзалт хийж харилцан санал солилцлоо.
Хамтын ажиллагааны 25 жилийн хугацаанд БНАСАУ-ын хөрөнгө оруулалтаар 2014, 2016 онуудад цэцэрлэгийн фасадыг засч тохижилтыг хийхийн зэрэгцээ 10 гаруй багш ажилчид тус улсад зочилж туршлага судалсан байна.
2007 онд Дархан-Уул аймаг, БНАСАУ-ын Хванхэ аймаг хооронд шууд харилцаа тогтоосон бөгөөд цаашид ойр дотно хамтарч ажиллах хүсэлтээ 2 тал энэ өдрийн уулзалтын үеэр харилцан тохиролцлоо. Мөн Боловсрол, Эрүүл мэнд, барилгын салбарт хамтран ажиллаж туршлага судлах хүсэлтийг аймгийн Засаг даргын Нийгмийн бодлого, төсөл хөтөлбөр хариуцсан орлогч А.Түвшинбат тавьж нааштай хариуг сонслоо.
Дашрамд сонирхуулахад 2017 оны 02 дугаар сарын 16-нд БНАСАУ-ын их удирдагч Ким Жө Ирийн мэндэлсний 75 жилийн ой тохиох юм байна.
ЭХ СУРВАЛЖ: DARKHAN.GOV.MN