Адуунчулууны уурхайтай танилцжээ

Хуучирсан мэдээ: 2011.07.29-нд нийтлэгдсэн

Адуунчулууны уурхайтай танилцжээ

Эрдэс баялаг, эрчим хүчний сайд Д.Зоригт Дорнод аймагт ажиллаж байна. Адуунчулууны нүүрсний уурхайн ажил байдалтай газар дээр нь танилцжээ. 

“Адуунчулуун” ХК нь далд аргаар ашиглалт явуулж байсан бөгөөд ил ашиглах нөөц багассанаас өөр компанийн талбайд олборлолт явуулж байгаа гэж тус уурхайн дарга Н.Шатар танилцуулж байлаа. Тодруулбал “Найнги” ХХК-ийн тусгай зөвшөөрлийн талбайд “Газар хамтрах ашиглах гэрээ”-ээр олборлолт явуулж Дорнод бүсийн  эрчим хүчний системийг ханган ажиллаж байна. Энэхүү тусгай зөвшөөрлийн хоёр талбайг тойруулан ордын нүүрсний нөөц бүхий талбайд өөр компани ашиглалтын тусгай зөвшөөрлийг авсан байна. Тодруулбал, 1995 онд “Адуунчулуун” ХК эзэмшиж байсан тусгай зөвшөөрлийг шинэчлэн бүртгүүлэх явцад лицензийн талбайн хилийг багасган авч, үлдсэн талбайд орон нутгийн эдэлбэр газарт аван, газрын зөвшөөрлөөр эзэмшүүлж байсан байна. Үүнтэй давхцуулан “Одод” ХХК тусгай зөвшөөрөл авснаар тусгай зөвшөөрлийн хилийн маргаан үүсэн шүүхээр шийдэгдэн “Монголын алт МАК” ХХК-ийн тусгай зөвшөөрлийн талбайг хэвээр үлдээж, “Адуунчулуун” ХК-ийн нэхэмжлэлийг хангаагүй байна.

Адуунчулууны нүүрсний уурхай анх 1955 онд ахуйн хэрэглээний зориулалтаар бага хэмжээгээр олборлолтын ажил эхлүүлж 1955-1966 онд далд аргаар 2,0-11,0 мян.тн нүүрс олборлож байгаад, 1962 оноос эхлэн олборлолтын хүчин чадлыг нэмэгдүүлж, 1962-1977  онуудад жилийн хүчин чадал 200 мян.тн-оор олборлолт явуулж, 1979 оноос эхлэн жилдээ 1 сая.м3 хөрс хуулж, жилийн хүчин чадал 600 мян.тн/жил болж өсөн нэмэгдэн манай улсын томоохон үйлдвэр болон өргөжин, 1988 онд хамгийн их буюу 612,9 мянган тн нүүрс олборложээ.

Өнөөгийн байдлаар тус уурхай 160 гаруй ажиллагсадтай. Энэ онд 420 мянган тн нүүрс олборлон Дорнод бүсийг хангах төлөвлөгөөтэйгээр ажиллаж байна. Уурхай ахуйн зориулалттай нүүрсээ хэрэглэгчдэд тонныг нь 8000 төгрөг, Дорнод бүсийн эрчим хүчний системд 8584 төгрөгөөр борлуулдаг байна.

Мөн салбарын сайд энэ үеэр Дорнод бүсийн эрчим хүчний системийн үйл ажиллагаатай танилцсан байна. Дорнодод Мардайн ураны орд, Улааны орд, Тамсагийн газрын тосны орд газар, Цавын орд зэрэг орд газруудыг түшиглэн ашигт малтмал, газрын тосны чиглэлээр гадаад дотоодын хөрөнгө оруулагчид  олноор орж иржээ. Тус аймагт нефть боловсруулах үйлдвэр байгуулахаар  Монгол Улсын Засгийн газрын шийдвэр гарч, тооцоо судалгааны ажлуудаа эрчимтэй хийж эхэлсэн юм.

Дорнод бүсийн станц анх ашиглалтад орсноос хойш тасралтгүй 40 жил ажиллажээ. Сүүлийн таван жилийн хугацаанд системийн цахилгаан дамжуулах түгээх сүлжээний урт нэмэгдэж,  2014 оноос цахилгаан эрчим хүчний захиалгын хэмжээ эрс нэмэгдэж станцын хүчин чадлаас давж гарах төлөвтэй болжээ. Иймээс эрчим хүчний хэрэглээний өсөлтийг хангах, найдвартай эх үүсвэрээр хэрэглэгчдийг хангах, эдийн засгийн үр ашигтай нөхцөлийг бүрдүүлэхийн тулд цахилгаан станцын хүчин чадлыг 100 мВт-аар өргөтгөх зайлшгүй шаардлага гарч ирж байгааг станцын удирдлагууд газар дээр нь ирж ажилласан Эрдэс баялаг, эрчим хүчний сайд Д.Зоригтод танилцуулсан байна.

Дорнод, Сүхбаатар аймгийн төв болон нийт 22 сумын үйлдвэр, аж ахуйн нэгж, айл өрхүүдийг цахилгаан эрчим хүчээр, аймгийн төвийн хэрэглэгчдийг 25 км дулааны хос шугам ашиглан дулааны эрчим хүчээр хангаж цахилгаан, дулааны эрчим хүч үйлдвэрлэх, дамжуулах, түгээх, борлуулах үйл ажиллагааг иж бүрнээр явуулж байгаа тус станцын хувьд одоогоор 36 МВт хүчин чадлаар ажиллаж байна.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж