“Эрдэнэт”-ийн арыг эдийн засаг даах уу?

Хуучирсан мэдээ: 2017.02.10-нд нийтлэгдсэн

“Эрдэнэт”-ийн арыг эдийн засаг даах уу?

Товлосон ёсоор УИХ-ын намрын чуулган өнөөдөр хаагдана.  Гэвч, чуулган хаахын яг өмнөхөн  гурван ч удаа хойшлогдсон Хууль зүйн байнгын хорооны хуралдаан болж,  “Эрдэнэт”-ийн асуудлыг хэлэлцээд, “Эрдэнэт” ХХК-ийн талаар авах арга хэмжээний талаарх УИХ-ын тогтоолын төслийг чуулганы нэгдсэн хуралдаанаар оруулж батлуулахыг гишүүдийн 71.4 хувь нь дэмжлээ.  Ингэснээр  "Эрдэнэт"-ийн хувь заяа парламентаас гарах шийдвэрээс хамаарахаар болж байна.

Байнгын хорооны хуралдаанд МАН-ын гишүүд, мөн “Эрдэнэт”-ийн 49 хувийг худалдан авсан “Монгол зэс” компанийн төлөөллүүд  оролцсон бөгөөд  "ОУВС-тай хэлэлцээ хийж буй ийм чухал үед хувийн хэвшлийн өмчийг авах асуудлыг яриад сууж байгаа нь зохимжгүй. Төр өмч хувьчлалыг хумиснаар цаашаа хол явахгүй. Нам дагасан хүмүүсийн  бизнес  болдог" гэдгийг цөөнхийн зүгээс сануулсан ч 14 гишүүний арав нь хүч түрэн шийдлээ.

Бүх хүний анхаарал  “Эрдэнэт” дээр төвлөрөөд  удаж буй. “Эрдэнэт” нь Монгол Улсын төсвийн 30-40 хувийг дангаараа бүрдүүлдэг, 25 сая тонн хүдэр боловсруулж, 530 мянган тонн зэсийн болон гурван мянган орчим тонн молибдений баяжмал үйлдвэрлэдэг Үндэсний том үйлдвэр.

Гэвч, найман сарын турш явагдсан “Эрдэнэт”-ийг тойрсон улстөржилт  улам томрохын хэрээр эдүгээ энэ үйлдвэрийн хувь заяа дээсэн дөрөөн дээр ирлээ. “Эрдэнэт”-тэйгээ хамт дампуурах уу, эсвэл гэсэн сонголтыг эрх баригчид тулгаж байна.

Хэрэвзээ эрх баригчид олонхоороо түрий бариад “Эрдэнэт” үйлдвэрийн асуудлыг өөрсдийнхөө үзэмж, эрх ашгаар шийдээд явбал эдийн засагт асар том дарамт авчирна

Өөрөөр хэлбэл, МАН-ынхан “Эрдэнэт” дээр хувийн жижиг эрх ашгаа нэгд тавивал Монголын  эдийн засаг арыг нь даахгүйд  хүрнэ. Энэ бол анхааруулга гэхээсээ илүү эдийн засагт учрах эрсдэлийн бодит байдал.

Эдийн засагт нэг чухал асуудлыг улс төрийн том сэдэв болгон “сэвэх”-ийн хэрээр үнэ цэнэгүйдэх талтай. Үүний тод жишээгээр нүүрс, ураны төслүүдийг нэрлэж болох юм.

УИХ дахь МАН-ын бүлэг  “Эрдэнэт”-ийн  асуудлаар хоёр өөр байр суурьтай байгаа бөгөөд тус үйлдвэрийг 100 хувь төрийн өмчид авна гэсэн  популимз хийгсдийн хувьд эдийн засгийнх нь эрсдэлийг  ядахнаа тооцоод үзэх хэрэгтэй

“Эрдэнэт” 100 хувь Монголд ирсэн гэх мэдээлэл гадаад зах зээлд Монголын хувьд сайн сурталчилгаа болсон. Энэ сурталчилгаа гадаад зах зээлд Монголын үнэлэмжийг өсгөөд зогсохгүй, зээлжих зэрэглэлд ч сайнаар нөлөөлөх байв. Хэрэв бид энэ сэдвийг улс төрийн улаан хэрүүл болгоогүй бол шүү дээ.  Хоёрт “Эрдэнэт”-ийн 49 хувь нь хувьд, 51 хувь нь төрд байснаар бид биедээ тавих хяналт сайжирна.  Ажлын хариуцлага, үр бүтээмж өснө. Аль, аль талаас шахаа шантааж хийхэд хэцүү болно. Энэ бол “Эрдэнэт”-ийн хувьд хамгийн боломжит хувилбар. Хэрэв “Эрдэнэт” зуун хувь төрийн өмч болбол өр зээлд  дарагдсан, шахаа, шантаажид автсан үр ашиггүй үйлдвэр болж хувирах эрсдэлтэй.

Улс төрийн зорилгоор “Эрдэнэт”-ийг сэвж буй улстөрчдөд эцсийн эцэст улс орны эдийн засагт ирэх дарамт, ачаалал нь хамаагүй байх л даа. Гэхдээ “Эрдэнэт”-ийг Ц.Нямдоржийн хүсч байгаагаар шийдвэл эдийн засагт ямар дарамт учрахыг тооцоод үзье.

Нэгд, эдийн засгийн хямралд нэрвэгдсэн Монголын төрд “Эрдэнэт”-ийн 49 хувийг авах мөнгө байхгүй. 

“Эрдэнэт”-ийн 49 хувийг оросуудаас авсан “Монголын зэс” юу гэж л 400 сая ам.доллараар Монголын төрд өгөх вэ дээ. Дэлхий дээрх аль хувийн компанийн хувьд бизнесийн эрх ашиг нэгдүгээрт тавигдах нь зүйн хэрэг.  Улсын данс нь улайчихсан засагт “май” гээд өгөх сохор зоос байхгүй.

Хоёрт төрийн өмчид  зуун хувь шилжсэнээр “Эрдэнэт”-д хийх шахаа дийлдэхээ болино. Хоёр улсын хамтарсан үйлдвэр байх үед монголчууд таван сая төгрөгийн бэлгэвч, арван жилийн хэрэгцээний амны алчуур шахчихдаг  л “хүнд гарууд” байсан шүү дээ. Тэгэхээр “Эрдэнэт” зуун  хувь  Монголын төрийн өмч болсноор сайд дарга нарын “Саалийн үнээ” болж хувирна.

Гуравт, бусдын өмчийг төрийн нэрээр дээрэмдээд авчихдаг юмаа гэхнээ, Монгол Улсад хөрөнгө оруулах хөрөнгө оруулагчид олдохгүй болно. Учир нь Монголын улстөрчид итгэлгүй, найдваргүй, барьцгүй гэдгээрээ олон улсад зартай шүү дээ.

“Циркийн манеж” хаахын өмнө жүжигчид жүжгээ дуусгахыг яаравчилж байх шиг. Гэвч эцсийн эцэст энэ асуудлыг Монголын парламент хүч түрэн шийдсэнээрээ Монгол Улс дахиад л олон улсын шүүхийн өмнө зогсоно. Монголын нэр хүнд, Монголын эдийн засаг л хайран юм даа.

 Ж.ЭРХЭС

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж