Трампын шийдвэрийн хориг хүчинтэй хэвээр

Хуучирсан мэдээ: 2017.02.10-нд нийтлэгдсэн

Трампын шийдвэрийн хориг хүчинтэй хэвээр

АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трампын лалын шүтлэгт зарим орны иргэдийг хилээр оруулахгүй байх шийдвэрт Сиэттл хотын Холбооны шүүх хориг тавьсан юм. Энэ шийдвэрийг Сан Франциско хотын Давж заалдах шатны шүүх хянан үзээд хоригийг хүчинтэй хэвээр үлдээх шийдвэр гаргалаа. Ерөнхийлөгч Трамп нэгдүгээр сарын 28-ны өдөр лалын шүтлэгт иргэд давамгайлдаг  Судан, Йемен, Ливи, Сомали, Ирак, Иран, Сири гэсэн долоон улсын иргэдийн АНУ руу нэвтрэх эрхийг 90 хоногоор түдгэлзүүлэх шийдвэр гаргасан юм. Энэ шийдвэр ихээхэн эсэргүүцэл, шүүмжлэлтэй тулгараад байгаа.

Хоёрдугаар сарын 4-ний өдөр Сиэттл хотын шүүх энэ шийдвэрийн хэрэгжилтэд хориг тавьсанаар Трамп болон шүүхийн хооронд “хэрүүл” дэгдээд байгаа юм. Сиэттлийн шүүхийн шийдвэрийн дараа Трамп "Шүүгч энэ улсыг аюултай байдалд хүргэж байгаад итгэж чадахгүй нь. Хэрвээ ямар нэг юм болбол намайг биш шүүгчийг буруутгаарай. Хүмүүс урсгалаараа хөвж байна. Маш муу” хэмээн жиргэж байсан бол Давж заалдах шүүхийн шийдвэрийн дараа “Шүүх дээр уулзъя. Манай улсын аюулгүй байдал дээсэн дөрөөн дээр ирлээ” хэмээн жиргэснийг АНУ-ын хэвлэлүүд дамжуулж байна.

Дээр дурдсан долоон орны иргэдээс гадна бусад орны дүрвэгсэд тэр дундаа Сирийн дүрвэгсдийг 120 хоногийн хугацаанд АНУ-ын хилээр нэвтрүүлэхгүй байх юм.

Сиэттлийн шүүхийн дараа өөр хэд хэдэн муж мөн ийм шийдвэр гаргасан бөгөөд Хууль зүйн яам энэ шийдвэрийг хянах хүсэлтийг Давж заалдах шатны шүүхэд өгсөн юм. Ингэснээр Трампын шийдвэр хэрэгжих хугацаа тодорхойгүй хугацаагаар царцаж байна.

А.ТУЛГА

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж