Дугуйн спортод түүх бичиж яваа Б.Тэгшбаяр

Хуучирсан мэдээ: 2017.02.09-нд нийтлэгдсэн

Дугуйн спортод түүх бичиж яваа Б.Тэгшбаяр

-Тойрог замын залуучуудын дэлхийн аварга Б.Тэгшбаяр ханан тойргийн Азийн аваргад оролцож байна-

Энэтхэгийн Шинэ Дели хотноо дугуйн “Track” буюу ханан тойргийн Ази тивийн аварга шалгаруулах тэмцээн хоёрдугаар сарын 6-10-ны хооронд болж байна. 37 дахь удаагийн насанд хүрэгчид, 24 дэх удаагийн залуучуудын Азийн аваргын тэмцээнд манай улсаас ОУХМ Б.Тэгшбаяр нарын тамирчид оролцож буй.

Швейцарь улсад Дэлхийн дугуйн төвийн дасгалжуулагч багшийн удирдлагад бэлтгэл сургуулилтаа хийдэг Б.Тэгшбаяртай онлайнаар холбогдож, ярилцлаа.

-2017 оны анхны тэмцээн Азийн аваргаас эхэллээ. Бэлтгэл хэрхэн хангагдсан бэ?

-Өнгөрсөн 2016 он бол миний хувьд амжилтын жил байлаа. Анх удаа Монголын дугуйчдаас тойрог замын дэлхийн уралдаанд оролцож, түүхэн амжилт үзүүлсэн. Тиймээс бэлтгэлдээ түлхүү анхаарч байна. Энэ оны эхээр Швейцарьт ирлээ. Налуу замын Азийн аваргын тэмцээнд анх удаа оролцож байна. Сүүлийн жилүүдэд тойрог зам дээр уралдаж байгаа болохоор их хичээж байна. Энэ удаагийн Азийн аваргад насанд хүрэгчдийн ангилалд уралдана. Би Швейцариас ирж, Монголын багтайгаа нэгдлээ.

-Бэлтгэл хэрхэн хангагдсан бэ?

-Цаашид налуу замын төрөлдөө илүү анхаарч байна. Тиймээс он гараад бэлтгэлдээ эрчимтэй орсон. Бэлтгэл сайн байгаа. Хоёрдугаар сараас эхлэн тэмцээнүүд эхлээд явж байна. Швейцарьт ирснээс хойш бэлтгэл хийх боломж сайжирсан болохоор хичээж байгаа. Дэлхийн дугуйн төвийн дасгалжуулагч багш Бугдэн Скоттын удирдлагад бэлтгэлээ хийдэг бөгөөд бид Энэтхэгт хамт ирсэн.

Б.ТЭГШБАЯР ДЭЛХИЙН ДУГУЙН ТӨВИЙН ДАСГАЛЖУУЛАГЧ БАГШ БУГДЭН СКОТТЫН ХАМТ.

Энэ жилийн “Track” төрлийн Азийн аваргад оролцож, Монголын дугуйн спортын түүхэнд шинэ түүх бичиж буй Б.Тэгшбаярын хувьд өнгөрсөн оноос эхлэн Швейцарьт бэлтгэл сургуулилтаа хийж эхэлсэн. Тэрбээр 2016 оны гуравдугаар сараас эхлэн Монголын Үндэсний олимпийн хорооны шугамаар Швейцарь дахь Дэлхийн бэлтгэлийн төвд тойрог замын төрлөөр дагнан хичээллэж байгаа. Тус төвийн дасгалжуулагч багш Бугдэн Скоттын удирдлагад хичээллэдэг тэрбээр 2016 оны долдугаар сард Швейцарьт болсон тойрог замын залуучуудын ДАШТ-ий бөөн гараат 10 км-т уралдаж, алтан медаль хүртсэн юм. Энэ жил 19 настай Б.Тэгшбаяр Монголын дугуйн түүхэнд шинэ түүх бичсээр байна. Тэрбээр Сүхбаатар аймгийн “Шилийн богд” клубээс тамирчны гараагаа эхлүүлж, өдгөө “Алдар” спорт хорооны тамирчин юм. Түүний дасгалжуулагчаар ОУХМ Т.Төгөлдөр ажилладаг.

Энэтхэгийн Шинэ Дели хотноо болж буй дугуйн “Track” буюу ханан тойргийн Ази тивийн аварга шалгаруулах тэмцээний талаарх мэдээллийг эргэн хүргэнэ.

Ч.БОЛОР

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж