ОХУ-аас Дархан-Уул аймагт суугаа Ерөнхий консул Александр Доржиев, Орос Улсын дипломат ажилтны өдрийг тохиолдуулан уламжлал ёсоор дарханчуудад баярын мэндчилгээ дэвшүүллээ.
Орос Улсын Ерөнхий Консулын газар нь Сэлэнгэ, Дархан-Уул аймаг, Буриад улс болон хил орчмын хамтын ажиллагааг хөгжүүлэхэд санаачилга гаргасны үр дүнд, хоёр улсын бараа эргэлтийн 80 хувийг бүс нутгийн худалдааны сүлжээ бүрдүүлж байна. Дарханы Дулааны Цахилгаан Станц дээр Оросын “АСЕН” компани 35 мегаватт хүчин чадалтай цахилгаан блок суурилуулж дууслаа. Калугийн үйлдвэрээс турбин, Пермийн хязгаарын Лысьва хотоос генератор авчирч угсарчээ.
Энэ онд Улан-Үд, Дархан хотууд ах дүүгийн харилцаа тогтоосны 50 жилийг ойг тэмдэглэхээр бэлтгэл ажилдаа орлоо. Дархан-Уул аймаг нь үйлдвэрлэл технологийн парк байгуулах зорилтоо хэрэгжүүлэхэд Монголын хойт бүсийн үйлдвэрлэлийн төв хотыг 300 мянган хүн амтай байхаар төлөвлөсөн юм. Энэ төлөвлөгөө нь Орос, Монгол, Хятад улсын эдийн засгийн коридорын байршилтай тохирч байгаа гэж Ерөнхий консул А.Ц.Доржиев онцоллоо.
Ерөнхий консул А.Ц.Доржиевийн биечлэн санаачилснаар Орос улсын дипломатын өдрийг сүүлийн жилүүдэд Дархан, Сэлэнгэ аймгуудад жил бүр тогтмол тэмдэглэж, Монгол, Оросын найрамдлын гишүүн байгууллага, хүмүүс, багш, оюутан сурагч хүүхдүүд хамтран Орос хэлний олимпиад, дуу, бүжгийн наадам, зураг, өгүүлэл бичлэгийн уралдаан зохион байгуулж хэвшсэнд иргэд олон нийт талархал дэвшүүллээ.
ДАРХАН-УУЛ