Улсын Онцгой комссын хуралдаанаар “Биокомбинат” улсын үйлдвэрийн газрын өнөөгийн байдлын талаархи танилцуулгыг сонслоо. 1973 онд ашиглалтад орсон энэ үйлдвэрт бүрэн шинэчлэл хийлгүй өнөөг хүрснээс вакцин үйлдвэрлэлийн 90 хувь нь гар ажиллагаатай болсон байна.
Мал эмнэлэг, үржлийн газрын дарга П.Ганхуягийн танилцуулснаар ашиглаж байгаа 350 тоног төхөөрөмжийн 20 хувийг нь л шинэчилсэн бөгөөд одоо 64 хувийг нь зайлшгүй шинэчлэх шаардлагатай, 200 гаруй тоног төхөөрөмжийг нь ашиглах боломжгүй болжээ.
Энэ бүхэн нь мал, амьтны гоц халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэхэд шаардлагатай вакцинаа үйлдвэрлэж чадалгүй, гадаад орнуудаас авахаас өөр аргагүйд хүрдэг гэсэн үг юм.
Мал эмнэлэг, үржлийн газрынхны хийсэн тооцоогоор 2017-2030 онд зөвхөн шүлхий өвчнөөс урьдчилан сэргийлэх 82 сая тун вакциныг гадаадаас авна гэвэл 85 тэрбум төгрөг зарцуулах нь. Харин дотооддоо үйлдвэрлэвэл 59.5 тэрбумыг зарж 25.5 тэрбум төгрөг хэмнэх юм. Иймээс Унгар Улсын 25 сая ам.долларын хөрөнгө оруулалтаар “Биокомбинат” улсын үйлдвэрийн газрын шинэчлэлийг яаралтай хийж дуусгахыг зорьж байна. Шинэчлэл хийснээр вакцин үйлдвэрлэлийн шинэ техник, технологи нэвтэрч, мэргэжлийн ажилтнуудын чадавхи сайжран, богино хугацаанд өвчний голомтыг таслан зогсоох боломж бүрдэх юм.
Цаашид шүлхий өвчнөөс урьдчилан сэргийлэх вакциныг хүйтний улиралд бус, харин жил бүрийн дөрөв, есдүгээр сард хоёр удаа, хонь, ямааны цэцэг, бог малын мялзан өвчний эсрэг вакциныг зургаадугаар сард нэг удаа бүх нийтийн хүчээр хийж байх нь үр дүнтэй гэж Мал эмнэлэг, үржлийн газар үзэж байна.
ЭХ СУРВАЛЖ: ЗАСГИЙН ГАЗАР