Аймаг байгуулагдсаны ойд зориулж Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж нутгийн зон олонд илгээлт явуулсныг Ерөнхийлөгчийн зөвлөх н.Дашдорж уламжиллаа.
Ламын гэгээн Лувсанданзанжанцангаас эхлээд хэл шинжлэлийн ухааны нэрт эрдэмтэн Лувсанвандан, Ардын уран зохиолч Т.Галсан, доктор, соёлын гавьяат зүтгэлтэн С.Дулам нарын алдартнууд энэ нутгаас төрөн гарчээ. Хонгор нутаг Улсын баатар нэг, хөдөлмөрийн баатар 21, гавьяат цолтон 108, генерал хоёр зэрэг олон алдартантай. Олон түүхэн тэгш ой давхцаж буй энэ цаг үед тус аймаг дөрвөн шинэ гавьяат цолтноо өлгийдөж авсан юм. Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн зарлигаар дөрвөн хүний хөдөлмөр, бүтээлийг үнэлж, шинээр гавьяат цол олгосныг төрийн түшээд болон аймгийн удирдлагууд энэ хурлын үеэр гардууллаа. Гавьяат багш цолоор Баянхонгор МСҮТ-ийн захирал Ш.Чимгээ, гавьяат тээвэрчин цолоор аймгийн иргэн Д.Сономдорж, гавьяат холбоочин цолоор Баянхонгор аймгийн Цахилгаан холбооны инженер Д.Болд, гавьяат малчин цолоор өндөр настан Дэндэв нар шагнуулж, нутгийнхаа гавьяат цолтны тоог 108-д хүргэсэн юм.
Баянхонгорчууд эл түүхэн ойдоо зориулж 14 тэрбум төгрөгөөр 108 бүтээлч ажил хийжээ. Үүний нэг болох усан оргилуурт цэцэрлэгт хүрээлэн, Улсын баатар Н.Жамбаагийн хөшөөг аймгийн төр захиргааны ордны өмнөх талбайд сүндэрдлүүлж, нээлтээ хийжээ.