ОУВС: Төсвийн алдагдлаа бууруулж, бүтцээ тана

Хуучирсан мэдээ: 2017.02.10-нд нийтлэгдсэн

ОУВС: Төсвийн алдагдлаа бууруулж, бүтцээ тана

-ОУВС-гаас Монгол Улсад тавигдах шаардлага хэт өндөр байгаагаас Сангийн сайд АНУ-д гурав хоногийн айлчлал хийгээд иржээ-

Эдийн засгийн хямралаас улс орноо гаргах том даалгавар авсны хувьд Мэргэжлийн Засгийн газар мөнгөний эрэлд мордоод хагас жил өнгөрч байна. 2011 онд өсөлт нь 17 хувьд хүрч байсан эдийн засаг зургаахан жилийн дотор уруудаж, өдгөө Олон улсын валютын сан /ОУВС/-гийн “Стэнд бай” хөтөлбөрийг Монгол Улс “горьдоод” сууж буй.

Хямралаас улс орноо гаргахын тулд МАН-ын эрх баригчид Хятад, ОХУ-аас болон ОУВС-гаас санхүүгийн дэмжлэг хүссэн бөгөөд одоогоор Монголын дансанд сохор зоос ч  орж ирээгүй байгаа юм. ОУВС-гаас зээл авах асуудал халуун намраас эхэлсэн ч өнөөдрийг хүртэл талууд тохирч чадахгүй, хэлэлцээ үргэлжилж байна.  Тус сангийн төлөөлөгчид 2016 оны аравдугаар сард эхний удаагаа Монголд ирж судалгаа хийсэн. Тэгвэл өнгөрсөн долоо хоногт ОУВС-гийн төлөөлөл Монголд дахин ирсэн ч талууд тохиролцоонд хүрэхэд хүндрэлтэй асуудлууд гарч ирсээр байгаа гэх. Тус сангаас Монгол Улсад тавигдах шаардлага хэт өндөр байгаа нь Сангийн сайд АНУ-д гурав хоногийн айлчлал хийхэд хүргэсэн бололтой. Учир нь ОУВС-гаас төсөв болон бүтэц танах асуудлыг МАН-ын Засгийн газарт тавьсан байна. Мөн "Стэнд бай" хөтөлбөрт хамрагдах хугацаа нь урт байгаа учраас олонхийн бүлэгт "Стэнд бай"-д хамрагдахын эсрэг байр суруьтай олон гишүүн байна.

ОУВС ЯМАР ШААРДЛАГА ТАВИВ?
 

ОУВС-гийнхан өнгөрсөн хугацаанд эдийн засагт сөрөг нөлөөлөл авчирсан  Монголын эрх баригчдын бодлогын томоохон алдаануудыг засахад анхаарч байгаа гэнэ. Тэд эхний ээлжид Хөгжлийн банкны тухай хуулийг илүү боловсронгуй болгож, олон улсын бусад банкны хуультай нийцүүлэх хэрэгтэй гэдгийг сануулжээ. Өөрөөр хэлбэл, Хөгжлийн банкийг Засгийн газраас хараат бус байлгахыг анхааруулсан. Мөн аливаа эрсдэлийг бууруулах чиглэлийн арга хэмжээнүүдийг ав, менежмент нь хараат бус байх талд анхаар гэсэн саналыг ОУВС-гаас оруулж иржээ. Түүнчлэн улсын төсвийн тухай хуулиар Засгийн газар баталгаа гаргачихсан тохиолдолд тухайн мөнгийг улс мэдэх, УИХ-аар хэлэлцүүлж байх ёстой гэдэг зарчмыг ч тавьж байна.

  • Хөгжлийн банкны тухай хуулийг илүү боловсронгуй болгож, олон улсын бусад банкны хуультай нийцүүлэх
  • Аливаа эрсдэлийг бууруулах чиглэлээр арга хэмжээ авах
  • Менежмент нь хараат бус байх
  • Улсын төсвийн тухай хуулиар Засгийн газар баталгаа гаргасан тохиолдолд тухайн мөнгийг төр мэдэх, УИХ-аар хэлэлцүүлж байх
  • Төсвийн алдагдлыг бууруулах

ОУВС-гийн зүгээс Монголын эрх баригчдаас төсвийн алдагдлыг бууруулахыг шаарджээ. Энэ хүрээнд талууд төсвийн орлогыг хэрхэн бууруулах, зардлаа яаж хэмнэхийг тохиролцож байгаа юм байна. Товчхондоо, ОУВС-ийн зүгээс Монгол Улсыг богино хугацаанд эдийн засгийн хямралаас гаргахад чиглэсэн арга хэмжээг бидэнтэй хамтраад авъя, харин Монгол Улсын Засгийн газар бидний тавьсан шаардлагын дагуу хамтарч ажиллая гэдгээ илэрхийлжээ.

“СТЭНД БАЙ” ЭХНИЙ ЭЭЛЖИНД
440 САЯ АМ.ДОЛЛАР ӨГӨХ ҮҮ?

 

ОУВС-аас  нийтдээ 1-1.5 сая ам.долларын зээл тусламж өгнө гэсэн мэдээлэл өнгөрсөн намраас хойш цацагдсан. Гэвч хөтөлбөрт хамрагдаж чадвал эхний ээлжинд өгөх мөнгөн хэмжээ төлбөрийн тэнцлийг хангахад зориулагдах бололтой. Өөрөөр хэлбэл, ОУВС-гаас өгөх эхний мөнгө савлаад байгаа валютын ханшийг тогтворжуулах зорилготой гэсэн үг. ОУВС-гаар дамжиж олгогддог мөнгөний үндсэн зориулалт нь төлбөрийн тэнцлийг хангахад зориулагдсан байдаг. Тиймээс “Стэнд бай” хөтөлбөрийн хүрээнд эхний ээлжинд 440 гаруй сая ам.доллар өгөх боломжтой гэдгийг урьдчилан тооцоолжээ.

ГУРАВ ДАХЬ УДААГАА ОУВС-ТАЙ ХАМТАРЧ БАЙНА
 

Монгол Улс 1991, 2009 онд ОУВС-ийн хөтөлбөр хэрэгжүүлж, хүндрэлээс гарч байжээ. ОУВС-ийн хөтөлбөрийн хүрээнд нийт 195,7 сая ам.долларын зээл авч байснаас 136,3 сая ам.доллар нь жирийн зээлийн хэлбэрээр авсан байдаг гэсэн тоо байна.

Сангийн сайд асан С.Баярцогтын хүсэлтээр уул уурхай, газрын тосны салбаруудын татварын орчны асуудлаар зөвлөгөө өгөхөөр ОУВС-ийн Төсвийн газрын техникийн туслалцаа үзүүлэх ажлын хэсэг сар гаруй хугацаанд ажиллаж байжээ. Ингэхдээ ОУВС-аас 2012-2016 оны Уул уурхайн салбарын төлөвийг тодорхойлсон байдаг. Ингэхдээ Уул уурхайн Экспорт 2016 онд 27 хувь, Уул уурхайгаас төсөвт орох орлого 2016 онд 55,2 хувь байна гэсэн төсөөллийг бидэнд өгч байжээ. Мөн энэ ажлын хэсэг “Уул уурхайн салбар нь сүүлийн арван жилийн хугацаанд Монгол Улсын эдийн засгийн үндсэн хөдөлгөгч хүч болж ирэв. Ашигт малтмалын экспорт нь Монгол Улсын 2010 оны нийт экспортын 85 гаруй хувийг бүрдүүлж, уул уурхайн салбараас төсөвт орох орлого бараг нэг триллион төгрөг буюу нийт орлогын 30 хувьд хүрлээ. 2010 онд нүүрсний экспорт нь анх удаа зэсний экспортыг давав. Таван Толгойн коксжсон нүүрсний төслийн олборлолт нэмэгдэж, Оюу Толгойн зэс, алтны төслийн арилжааны үйл ажиллагаа эхлэхийн хэрээр ашигт малтмалын орлого 2016 оныг дуустал жилд дунджаар 25 гаруй хувиар өсөх тооцоотой байгаа нь татварын орлого ихээр орох хэт найдлагыг бий болгож байна. Үүнтэй харьцуулахад, газрын тосны салбар өдөрт ердөө 6,000 баррел газрын тос олборлодог нь 2015 он гэхэд 20,000 орчим баррелд хүрч өсч болзошгүй” гэсэн дүгнэлт хийж байжээ. Энэ хөтөлбөр хэрэгжсэний дараа олон улсын зах зээл дээр ашигт малтмалын үнэ нэмэгдэж, таатай нөхцөл байдал бий болсон учраас хурдан хугацаанд эдийн засагт гарах үр дүнгээ өгсөн гэдгийг эдийн засагчид хэлдэг.

Ш.ЧИМЭГ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж