Эрдэнэт тойрсон дуулиант мэдээллүүд шил даран гарч ирж байна. Өчигдөр л гэхэд УИХ дахь Ардчилсан намын бүлгийн дарга С.Эрдэнэ Лондонгийн Арбитрын шүүхээс “Эрдэнэт” үйлдвэрийн 140 сая ам.доллар төлөх шийдвэр гаргасан тухай мэдэгдсэн. Хэдэн жилийн өмнө “Жаст” группийн захирал асан Ш.Батхүү уулын баяжуулах “Эрдэнэт” үйлдвэрээр батлан даалт гаргуулж, Өмнөд Африкийн “Стандарт” банкнаас их хэмжээний зээл авсан ч, хугацаандаа төлөөгүйгээс асуудал үүсэж “Эрдэнэт” үйлдвэр өрөнд орсон тухай дуулиан дэгдэж байсан. Тэр өр өнгөрсөн хугацаанд төлөгдөөгүйгээс дээрх шийдвэр гарсан гэдгийг бүлгийн дарга дуулгасан.
Түүнчлэн УИХ-ын гишүүн Ш.Раднаасэдээр ахлуулсан ажлын хэсгийн дүгнэлтийг өнөө хэр сонсоогүй байгаа. Тиймээс өнөөдөр /2017.02.10/ УИХ-ын Хууль зүйн байнгын хороо хуралдаж, Эрдэнэтийн асуудлыг нарийвчлан хэлэлцэхээр товлоод байна. УИХ-ын намрын чуулган өнөөдөр өндөрлөнө. Тиймээс гишүүд байнгын хорооны хуралдаан болон УИХ-ын нэгдсэн чуулгандаа идэвхтэй оролцож асуудлыг яаравчлан шийдэх биз ээ.
Д.ЦЭЭЛ