Өмнөд Солонгост тохиосон үер усны гамшгаас болж биржүүд дэх хувьцааны үнэ унаж байгаа талаар тус улсын мэдээллийн сайтууд мэдээлж эхэллээ. Мэдээлэлд, байгалийн гамшиг тохиосны улмаас Азийн томоохон эдийн засгийн хөдөлгүүрүүдийн нэг болох Өмнөд Солонгосын эдийн засаг ихээхэн хохирол амсах бололтой. Олон улсын шинжээчид Японд дараа нь Өмнөд Солонгос гэх мэт Азийн эдийн засгийн бизнесийн төв цэг болсон орнууд байгалийн гамшгийн улмаас эдийн засаг нь хохирч байгаад сэтгэл түгшиж байгаагаа илэрхийлжээ.
Яг энэ цаг мөчид АНУ-ын өрийн тухай асуудал Засгийн газар болон Конгрессийн хоорондох үл ойлголцол, тохиролцооны мухардлаас үүдэн дэлхийн томоохон биржүүд дээрх ханшууд сөргөөр нөлөө үзүүлж байгаа талаар мэдээлж байна. Гэтэл дээрээс нь нэрмээс болж Өмнөд Солонгос, Филиппин зэрэг Азийн орнууд байгалийн гамшигт өртөж Хонконг зэрэг Азийн томоохон биржүүдийн индексүүд сөрөг үзүүлэлттэй болж байгаа нь Азийн төдийгүй дэлхийн эдийн засагт ч сөргөөр нөлөө үзүүлж болох тухай яригдаж эхэллээ.
Европын холбооны тэргүүлэгч орнууд, Франц, Герман хэдийгээр Грекийн асуудлыг нааштайгаар эргүүлэх гэж хичээж байгаа ч түүнээс үр дүн харахад хол байгаа учир асуудал ярвигтай байгаа. Үүний дээр АНУ-ын эдийн засаг болон түүнтэй амин судсаар холбогдсон Япон, Солонгосын эдийн засаг эвгүйтээд ирвэл дэлхийн санхүүгийн хямрал дахин нүүрлэж болох тухай, БРИКС буюу Бразил, ОХУ, Энэтхэг, Хятад, ӨАБНУ яваандаа дэлхийн эдийн засгийн цөм болох ирээдүй олон улсад өрнөж буй үйл явдлуудын хандлагаас харж байна хэмээн олон улсын агентлагууд тоймложээ.