Гучин жил гялалзсан од

Хуучирсан мэдээ: 2017.02.10-нд нийтлэгдсэн

Гучин жил гялалзсан од

Сараагийн үзэгчид баяртай байгаа. Тэр хорин жилийн өмнө тоглож байсан “Аргагүй амраг” тоглолтоо өнөөдөр /2017.02.10/ дахин сэргээн тавина. Алдарт "Хайрын бурхан", “Сэхүүн салхи" мэндэлсэн "Аргагүй амраг" концерт Сараагийн фэнүүдийн дурсамжийг хөглөнө.

Батмөнхийн Сарантуяа. Түүнийг эргэлзээгүйгээр Монголын урлагт тодорсон од гэдгийг бид хүлээн зөвшөөрдөг.

Зууны манлай эстрадын дуучин Б.Сарантуяа 1970 оны дөрөвдүгээр сарын 20-нд төржээ. Тэр үхрийн ордны бардам эмэгтэй. Ээж нь якут хүн тул орос соёл, ахуй түүнийг багаас нь мэдрэмжийн хувьд хөглөсөн байх.

Дуучин Б.Сарантуяа багадаа “Монташка” гэж хочтой байжээ. Аав, ээжээс гурвуулаа. Эгчтэй, эрэгтэй дүүтэй. Тэрбээр одоо хүү, охин хоёрын ээж.

Түүний дуучин болох мөрөөдөл орос дунд сургуулийн сурагч байх үеэс биелж эхэлсэн гэдэг. Нэгэн ярилцлагадаа энэ тухай "Анх 23-р дунд сургуулийн нэгдүгээр ангид Любовь Антоновна багшийн сурагч болж очсон үеэ мартдаггүй. Алтан шаргал үстэй тэр багш  намайг дуунд дуртай болгосон” хэмээн ярьсан байдаг.

Арван зургаан насандаа Б.Сарантуяа “Мөнгөн харандаа” хамтлагийн гишүүн болж, урлагийн алтан тайзнаа хүлээн зөвшөөрөгдөж эхэлжээ.

Сараагийн 20 нас. Энэ үеэс тэр Сараа тайзнаа улам тод гялалзах болов. “Хөх тэнгэр” хамтлагийн урын санд Сараагийн 20 насны аялгуу үлджээ.

1994 онд 24 настай байхдаа дуучин Б.Сарантуяа Соёлын төв өргөөнд “Сэтгэлийн хөг” нэртэй анхны бие даасан тоглолтоо хийсэн юм. Энэ үед “Зүүдний говь” /1993/, “Инээмтгий хүн” /1994/ цомог хэвлэгдэж, Азийн дуу дуулаачдын наадмын мөнгөн медаль /1991/, “Азийн дуу хоолой” наадмын “Гран-при” шагнал /1993/, “Супер стиль” /1994/ наадмын цом хүртсэн зэрэг нь түүнийг хорин хэдхэн наснаасаа дуучны хувьд Монголынхоо хилээс хэдийн халин гарсныг харуулдаг.

Сараа дуулж байгаа, дуулж ирсэн бүх л хугацаандаа дандаа өндөр оргил дээр зогсч байдаг мэт. Ерээд оны дунд үе түүний хувьд хамгийн алдартай цомгуудаа гаргасан цаг хугацаа нь. Тэр 1996 онд “Аргагүй амраг”, 1998 онд “Эгэл сэтгэл” цомог, 1997 онд "Миний дуу” хуурцгаа худалдаанд гаргажээ. “Аргагүй амраг”, “Гоолингоо” дуунууд тухайн үедээ түүнийг уран бүтээлчийнх нь хувьд илүү тодотгож өгсөн байдаг. Рок поп урсгалын хэв маягийг цоо шинээр нээж, найруулгын хувьд эрс өөрчилсөн нь монгол поп урсгал гэж хэлж болох тэсрэлт байсан юм.

“Аргагүй амраг” цомогт түүний насан туршийнх нь хит гэж хэлж болох “Хэн юм бэ”, “Хайрын бурхан”, “Сэхүүн салхи” зэрэг алдарт дуунууд багтсан.

Ерээд онд Сарааг сонсдоггүй, Сарааг дуулдаггүй хүн бараг үгүй байлаа. Тэр энэ л үед буюу 1999 онд “Зууны мэдээ” сонины нэрлэсэн “Зууны манлай дуучин” гэх алдрыг ард түмний сонголтоор хүртжээ. Зууны манлай эстрадын дуучин Б.Сарантуяа тэгэхэд 29 настай байсан юм.

2000 он. Түүний оргил бүтээлүүд төрсөөр. “Хайрын зөрлөг” /2000/, “Тэгвэл хоёулаа”/2001/, “Saraa De Мооn” /2002/, “Би жаргалтай” /2003/, “Шинэ жилийн аялгуу”/2004/, “Өнөөдөр ирсэн аялгуу”/2007/, “Төрсөн өдрийн аялгуу”/2009/, “Хайрын бэлэг” /2012/ “Сэтгэлийн есөн цацал” /2012/ цомгийн дуунуудад олон мянган фэнүүд нь хайртай.

2000 оноос хойших хугацаанд дуучин Б.Сарантуяа “Хайрын зөрлөг” /2000/ “Би жаргалтай” /2003/, “Хайрламаар” /2007/, “Аргагүй монгол аялгуу” /2011/, “Хайрын бурхан” /2013/, “Хайрын бэлэг” /2014/, “Мөнгөн шөнө” /2014/, “Сэхүүн салхи” /2015/ зэрэг бие даасан тоглолт хийжээ. Тэр ерөөс Монголын хамгийн олон тоглолт хийсэн дуучин. Бие даасан, төрсөн өдрийн гээд 50 гаруй тоглолтыг тэр тайзнаа тавьсан.

Түүнийг бас хамгийн олон клип хийсэн дуучин гэдэг.

Монголын рок поп урлагт 30 жил гялалзсан поп хатагтай 2005 онд Монгол Улсын гавьяат жүжигчин алдар цолоор шагнуулсан байдаг.

“Пентатоник” наадмын гурван удаагийн шагнал, “Алтан микрофон” наадмын шагнал нь түүний алдар, хүндийн бас нэгэн хэмжүүр юм.

Поп хатагтай спортод тун дуртай. Усан спорт сонирхдог, багадаа тэшүүрээр хичээллэж байсан гэдэг.

Поп хатагтай, зууны манлай, хайрын дууч… Түүнийг олон янзаар тодорхойлдог. Тийм ээ, тэр хайр дуулдаг сэтгэлийн дууч, хагацал дуулдаг гуниг хуваагч. Тэр бүүвэй аялдаг уянга, хааяа салхилдаг сэхүүн дууч юм.

Б.БАДМАА

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж