АНУ Хятадын харилцаа зөөлрөв үү?

Хуучирсан мэдээ: 2017.02.10-нд нийтлэгдсэн

АНУ Хятадын харилцаа зөөлрөв үү?

ДональдТрамп өнгөрсөн хугацаанд дэлхийн хэд хэдэн орны төрийн тэргүүнтэй утсаар ярьж, харилцаж, уулзсан юм. Харин анх удаа Хятадын даргад захидал хаяглажээ.

АНУ-ын ерөнхийлөгч ДональдТрамп Хятадын дарга Си Жиньпинд захидал илгээжээ. “Нэг Хятад” бодлого, Өмнөд Хятадын тэнгис дэх маргаан, худалдааны дайн гээд тааламжгүй байгаа хоёр орны харилцааг сэргээхээр АНУ эхний нүүдлээ хийсэн нь энэ бололтой. Трамп АНУ-ын ерөнхийлөгчийн хувиар Хятадын төрийн тэргүүнтэй шууд байдлаар анх удаа холбогдож буй нь энэ юм.

Тэрбээр өнгөрсөн нэгдүгээр сард болсон тангаргийн баярт баяр хүргэсэнд нь хариу талархал илэрхийлээд, цаашид харилцан ашигтай, бүтээлч хамтын ажиллагааг хөгжүүлэхээр найдаж буйгаа захидалдаа илэрхийлсэн байна. АНУ-ын төрийн эрхийг авснаас хойш Трамп хэд хэдэн орны төрийн тэргүүнтэй утсаар ярьсан, гэхдээ тэдний дунд Хятадын дарга Си Жиньпин багтаагүй юм.

АНУ-ын ерөнхийлөгчийн захидлыг хоёр орны харилцааг хөгжүүлэхэд түлхэц үзүүлэхүйц чухал ач холбогдолтой гэж үзэж буй талаар Хятадын Гадаад хэргийн яамны хэвлэлийн төлөөлөгч ЛюКан мэдэгдсэнийг “Ройтерс” онцолсон байна. “Хамтын ажиллагаа бол цорын ганц сонголт” гэж Хятадын талаас мэдэгджээ.

Захидалдаа Трамп Хятадын ард түмэнд тахиа жилийн сар шинийн мэндийг мөн уламжилжээ.

Уламжлалт дипломат арга барилаар бичигдсэн захидал Хятадын талаарх Трампын хандлага зөөлөрснийг илтгэж байгаа гэж шинжээчид дүгнэж байна.

Тайвань болон Өмнөд Хятадын тэнгис гээд Бээжингийн эмзэг асуудлуудаар Трамп эрс хатуу байр суурь илэрхийлж байсан юм. Тайванийн ерөнхийлөгч Цай Инг-вентэй утсаар ярьсан нь 1979 оноос хойш “Нэг Хятад” бодлогыг даган мөрдөж ирсэн АНУ-ын тогтсон уламжлалыг эвдсэн хэрэг болсон билээ.

Хятад улс Тайванийг газар нутгийн салшгүй хэсэг, алслагдсан муж гэж үздэг. АНУ-ын хувьд 1979 онд Тайваниас дипломат харилцаагаа тасалсан байдаг.

“АНУ болон Хятад улсад харилцан ашигтай, бүтээлч хамтын ажиллагааг хөгжүүлэхийн тулд Хятадын дарга Си Жиньпинтэй хамтран ажиллах хүсэлтэй байгаагаа илэрхийлсэн” гэж Цагаан ордноос мэдэгдсэн байна.

Тайванийн ерөнхийлөгчтэй утсаар ярьсан нь Хятадын дургүйцлийг төрүүлсэн юм.

Ерөнхийлөгчийн сонгуулийн кампанийн үеэр, сонгуульд ялалт байгуулсныхаа дараа ч Хятадын эсрэг байр сууриа ил тод илэрхийлж байсантай нь харьцуулахад Трамп Хятадын асуудлаар бодлоо өөрчилсөн бололтой. Энэ нь АНУ болоод Хятадын аль алинд нь ашигтай, цаашилбал дэлхийн эдийн засагт ч эерэг нөлөөтэй гэж шинжээчид үзэж байна.

АНУ-ын 45 дахь ерөнхийлөгчөөр сонгогдсоныхоо дараа, тангараг өргөхийн өмнө Дональд Трамп Хятадын баримталж буй гадаад худалдааны бодлого, Өмнөд Хятадын тэнгист явуулж буй үйл ажиллагааг удаа дараа шүүмжилж, твиттертээ илэрхийлж байсан юм. Мөн тэр Тайванийн ерөнхийлөгчтэй утсаар холбогдсоныхоо дараа “Нэг Хятад” бодлогын талаар дахин авч хэлэлцэнэ гэж байв.

Бээжингийн зүгээс тухай бүрт нь хариу илэрхийлж, эдгээр асуудалд Хятад хатуу байр суурь баримтална гэж мэдэгдэж байсан юм. Тайванийн асуудлаар Трамп “галаар наадаж байна” гэж барууны хэвлэлүүд мэдээлж байв.


ЗАХИДАЛ ИЛГЭЭСЭН ТРАМП ДАРАА НЬ УТСААР ЯРЬЖЭЭ

АНУ-ын шинээр сонгогдсон Ерөнхийлөгч Дональд Трамп хятадуудтай харилцаагаа сайжруулахаар чармайж байна. БНХАУ-ын дарга Си Жиньпинд захидал илгээн “Нэг Хятад” бодлого, Өмнөд Хятадын тэнгис дэх маргаан, худалдааны дайн гээд тааламжгүй байгаа хоёр орны харилцааг сэргээх байр суурьтайгаа илэрхийлсэн. Захидалд бичсэн байр сууриа бататган  өчигдөр орой /2017.02.09/ Си Жиньпин даргатай утсаар ярьжээ.

Дональд Трамп захидалд өгүүлсэн байр сууриа бататган, “Нэг Хятад” бодлогыг хүндэтгэнэ гэдгээ дахин илэрхийлжээ. Дэлхийн хоёр том гүрний тэргүүний яриа “маш дотно байдалтай байсан” гэдгийг Цагаан ордны хэвлэлийн алба тодотгожээ.

С.ЦЭЛМЭГ, А.ТУЛГА

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж