Д.Эрдэнэбат: Ялламаар байгаа бол намайг ялла

Хуучирсан мэдээ: 2017.02.10-нд нийтлэгдсэн

Д.Эрдэнэбат: Ялламаар байгаа бол намайг ялла

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар “Эрдэнэт” үйлдвэрийн 49 хувийн худалдан авалттай холбогдуулан УИХ-ын Хууль зүйн байнгын хорооноос байгуулагдсан  ажлын хэсгийн дүгнэлтийг хэлэлцэж байна.

Дүгнэлттэй холбогдуулж УИХ-ын гишүүд асуулт асууж, мөн байр сууриа илэрхийлж байна.  

УИХ-ын гишүүн Г.Занданшатар: “Эрдэнэт”-ийг яаж шийдэхийг ард түмэн хүлээж байгаа. Асар их итгэл найдвар хүлээлгэж ард түмэн биднийг сонгосон. УИХ-аар хэлэлцүүлээгүй хүмүүсийг хариуцлага татаж ярих ёстой байсан. Өмнөх Засгийн газрын үед энэ шийдлийг гаргасан.

Сураг нь гардаггүй Ардчилсан намын бүлгийн бүх гишүүд оролцож байгаад баяртай байна.

Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга Ж.Мөнхбат:

-Шинэ Засгийн газар нь алдааг засаад УИХ шийдвэр гаргах гэж байна. 2016 оны зургадугаар сарын 23-ний өдөр гарын үсэг зурсан хоёр хүн бий. Нэг нь Ерөнхий сайд Ч.Сайханбилэг, нөгөө нь Аж үйлдвэрийн сайд Д.Эрдэнэбат. Одоо Д.Эрдэнэбат гишүүн та УИХ дахь Ардчилсан намын бүлгийг удирдаж байна. Танаас асууя.

“Эрдэнэт”-ийн 49 хувийн энгийн хувьцааг худалдан авсан асуудлыг УИХ-д танилцуул гэдэг үүргийг Засгийн газраас өгчээ. Ядаж УИХ-ын тухай үеийн удирдлагад энэ асуудлыг өргөн мэдүүлсэн үү. Үүнд хариулт өгөөч.  

Хууль бус шийдвэрийг хууль ёсонд нийцүүлэх гэж шинэ УИХ, шинэ Засгийн газар өчнөөн төчнөөн ажил болж байна?

УИХ дахь Ардчилсан намын бүлгийн дарга Д.Эрдэнэбат:

-Ийм явдал болж байгаад үнэхээр харамсаж байна. Энэ бол улс төрөөр ял тогтоож бусдын өмчийг төр дээрэмдэж байгаа хэрэг. Тухайн үеийн Засгийн газар ямар ч хууль зөрчөөгүй. Аж үйлдвэрийн сайдын хувьд надад УИХ-д танилцуулах үүрэг нь ногдсон.

Шинэ УИХ хамгийн эхэнд энэ асуудлыг шийдэх ёстой байсан.

Сонгууль эхлэхийн өмнө чуулган завсарласан байсан. Тийм учраас хэлэлцүүлэх боломжгүй байсныг хэн, хэн мэднэ. Тухайн үед чуулган хуралдсан бол хэлэлцүүлээд явах боломж байсан. Хоёр улс хоорондын ёсчлон баталсан хэлэлцээрийг эхлээд хэлэлцэж байж, дараагийн асуудал нь явах байсан. Монголын иргэд янз янзаар харж байгаа. Хувийн хэвшлээ дэмжиж байж энэ эдийн засаг явна. Ирээдүйд энэ эдийн засагт хэн хувь нэмэр оруулах юм бэ. Энд би санаа зовж байна. Ялламаар байгаа бол намайг яллаарай. Би хэзээд хувийн хэвшлийн төлөө байна.

УИХ-ын гишүүн О.Содбилэг:

-Миний аав “Эрдэнэт” үйлдвэрийн захирлаар ажиллаж байсан, тухайн  үедээ Монголын эзэмшдэг хувийг 51  болгохын төлөө ажилласан. Гадагшаа гардаг байсан валютыг дотоодод оруулж ирсэн.

1990-ээд онд улсын үйлдвэрийг үрэн таран хийж байхад Ингэт толгой, Дархан гээд маш олон үйлдвэрийг хөл дээр нь босгож явсан. Хувийн хэвшил “Эрдэнэт”-ийг авах нь буруу биш. Яагаад Үндэсний аюулгүй байдлын зөвлөлөө хуралдуулаагүй юм бэ. “Эрдэнэт” жижиг аж ахуйн нэгж биш гэсэн байр суурийг илэрхийллээ.

Чуулганы нэгдсэн хуралдаан үргэлжилж байна.

Г.ДАРЬ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж