-Айлчлалын үр дүнг товч дүгнэвэл ямар байгаа вэ?
-Энэтхэгийн Ерөнхийлөгчийн айлчлал амжилттай хэрэгжиж байна. Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2009 онд Энэтхэгт айлчилсны хариу айлчлал юм. Энэ айлчлалын үеэр хоёр тал хамтын ажиллагааны баримт бичгүүдэд гарын үсэг зурлаа. Яриа, хэлэлцээ, уулзалтууд амжилттай боллоо. Байгуулсан баримт бичгүүд айлчлалыг илүү стратегийн чиглэлийн утга агуулгатай болгож байна. Батлан хамгаалахын хамтын ажиллагааг үүнд оруулж хэлж болно. Үндэсний шинэчлэлт хөгжлийн хороо, Энэтхэгийн Төлөвлөгөөний хорооны хооронд хамтын ажиллагааны баримт бичиг байгуулснаар төлөвлөгөө, стратегийн хөгжлийн шатуудыг харилцан уялдаатай хөгжүүлэх, туршлага солилцож хамтарч ажиллах бололцоо илүү нээгдэнэ. Мөн хэвлэл, мэдээллийн ажилтнуудыг харилцан солилцох тухай баримт бичигт гарын үсэг зурлаа.
Монголд Мэдээлэл, технологийн үндэсний төв байгуулахад зориулж Энэтхэгийн тал 20 сая ам.долларын хөнгөлөлттэй зээл олгох баримт бичигт гарын үсэг зурах асуудлыг сая шийдлээ. Удахгүй зохих бэлтгэлийг хангасны дараа үүнд гарын үсэг зурна. Боловсрол, мэдээлэл, технологийн чиглэлд хамтран ажиллах талаар яриа түлхүү өрнөж байна. Эрдэс баялаг, уул уурхай, дэд бүтцийн салбарт хөрөнгө оруулах сонирхлыг Энэтхэгийн тал илэрхийллээ. Гангийн үйлдвэрт хөрөнгө оруулах, агаарын шууд харилцаатай болох, Улаанбаатар-Делийн хооронд шууд нислэг үйлдэх саналыг Энэтхэгийн зүгээс тавьсан. Иргэд харилцан солилцох үйл ажиллагааг хөнгөвчлөх, Энэтхэгт суралцагчдад урт хугацааны виз олгохоор шийдэж буйгаа мэдэгдлээ.
Бизнесийн том хэмжээний бүрэлдэхүүн ирсэн. Эдийн засгийн хамтын ажиллагааг өргөжүүлэх чиглэлээр мөн ярилцлаа. Энэтхэгийг НҮБ-ын Аюулгүйн зөвлөлийн байнгын гишүүн болох, энэ удаа байнгын бус гишүүнээр сонгогдоход нь Монгол Улс дэмжлэг үзүүлсэн. Цаашид ч үзүүлнэ. Зүүн Азийн хамтын ажиллагааны олон талт бүтцүүдэд Монгол Улс орж ажиллахад хоёр тал хамтын ажиллагаа өрнүүлэхээр ярилаа. Эдгээр утгаараа Энэтхэгийн Ерөнхийлөгчийн айлчлал бүх талаараа амжилттай болж байна. УИХ, Засгийн газрын зүгээс ч хамтран ажиллахаа илэрхийллээ. Парламентын залуу болон эмэгтэй гишүүдийг харилцан солилцох чиглэлээр яриа хөөрөө өрнөлөө.