Хорхой хүргэм зартай луйврын бизнесийг зогсоох уу?

Хуучирсан мэдээ: 2017.02.10-нд нийтлэгдсэн

Хорхой хүргэм зартай луйврын бизнесийг зогсоох уу?

“Та цалингаасаа гадна нэмэлт орлоготой болж санхүүгийн бэрхшээлээс гарахыг хүсэж байна уу” хэмээн “G-Time”, “62500”, “1-9-90” зэрэг сүлжээний бизнесүүд хорхой хүргэм зарлалаараа хүмүүсийг урин дуудсаар байна.

Байрны зээл, машины зээл, оюутны сургалтын төлбөр гээд санхүүгийн тулгамдсан асуудлаа хамгийн амархан бөгөөд хурдан аргаар шийдэх хүсэлтэй хүмүүс олон бий. Ийн иргэдийн цалингаас гадна нэмэлт мөнгө олох зорилгыг ашиглан их хэмжээний мөнгө эргэлдүүлэн, олон хүнийг хохироож мэдэх бизнесийн сүлжээ “цэцэглэсээр” байна.

Цахим ертөнцөд “Манай сүлжээнд нэгдсэнээр 400 мянгыг 800, 800 мянгыг 960 мянган төгрөг болгох боломжтой. Мөн долоо хоног бүр цалин авдаг. Өчигдөр л гэхэд 1500 хүний цалин гарсан байна” хэмээн зар түгээсэн байх юм. Уг зарын дагуу 62500 юм уу 135 мянган төгрөгөөр нэгдэж, амласан ёсоор мөнгөө өсгөн авч байна. Өнгөцхөн харахад энэ бизнест ямар ч заль мэх байхгүй юм шиг харагдана. Үнэндээ энэ бол цэвэр луйвар гэдгийг мэргэжилтнүүд сануулж байгаа юм.

“Хуулиараа энэ чиглэлийн бизнесийг Монгол Улсад эрхлэх хориотой байдаг. Үүнд Аж ахуй үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн тухай хуульд хориглосон дөрөвхөн үйл ажиллагаа бий.Түүний нэг нь олон шатлалт маркетинг. Нөгөөтэйгүүр олон шатлалт маркетинг худалдааны бизнест хамаардаг харилцаа юм. Тиймээс ч үйл ажиллагаа явуулах зөвшөөрлөө олон улсын худалдаа эрхэлнэ гэж авсан байдаг. Тиймээс Санхүүгийн зохицуулах хорооны эрхлэх асуудалд багтдаггүй. Бараа бүтээгдэхүүн  зарахгүйгээр санхүүгээр дагнасан бизнес нь цэвэр луйврын шинжтэй үйл ажиллагаа гэдгийг анхааруулъя” гэх мэдээллийг тус хорооны мэргэжилтэн хэлэв.

Санхүүгийн зохицуулах хорооноос албан ёсоор гаргасан мэдэгдэлд:
-Санхүүгийн зохицуулах хорооны хууль, тогтоомжоор хүлээсэн үүрэг, эрхлэх асуудал болон зөвшөөрөл, тусгай зөвшөөрөл, бүртгэл, хяналтын хэрэгслүүд ашиглан явуулж буй зохицуулалтад хамаарахгүй боловч иргэд олноороо хохирч болзошгүй нөхцөл үүсээд байгаад түгшин, Казакстан Улсын “G-Time” корпорацийн Монгол  дахь салбар гэх “G-Time корпорейшн” ХХК-ийн ажилтай танилцлаа.Оюуны өмч, улсын бүртгэлийн ерөнхий газарт “Гадаад худалдаа”-ны чиглэлээр үйл ажиллагаа явуулахаар бүртгүүлсэн тус компани Казахстаны Шунгит ордын чулуун бүтээгдэхүүн болон цаг борлуулдаг гэх боловч газар дээр нь очиж үзэхэд энэхүү үйл ажиллагаагаа үндсэндээ хийхгүй байгаа нь илэрхий байв. Түүгээр үл барам, бараа худалдаалахгүйгээр багаар ажиллаж, доороо олон гишүүн элсүүлэх тусам өндөр амжилтад хүрнэ гэх мэт тайлбар, таниулга хийн иргэдийг илт төөрөгдүүлж байна. Тус компаниас явуулж, хэвлэл мэдээллийн хэрэгслээр сурталчилж байгаа “Автомашины хөтөлбөр” нь иргэдийг 5000 ам.доллараар шатлан элсүүлж, долоон хүний мөнгийг цуглуулан, түүнээсээ нэг хүнд машин авч өгөөд бусдыг нь хохироож буй “хууран мэхэлж ашиг хонжоо олох” хуулиар хориглосон үйлдэлтэй шинж, чанарын хувьд төстэй байна. Удахгүй тус компани яг энэ олон шатлалт маркетинг буюу пирамид тогтолцооны аргаараа “Орон сууцны хөтөлбөр” гэгчийг явуулна гэж байгаа нь иргэдийн амин чухал хэрэгцээ дээр луйвар хийх, хүмүүсийг улам их хэмжээгээр хохироход хүргэх ноцтой санаархал юм” хэмээн тодотгожээ.

Олон шатлалт санхүүгийн бизнесийг Монгол Улсын нутаг дэвсгэрт явуулахыг хуулиар хориглосон байдаг. Тодруулбал Аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн тухай хуулийн 8.1.4-т “Олон шатлалт маркетинг буюу пирамид тогтолцооны замаар хууран мэхэлж ашиг хонжоо олох үйл ажиллагаа эрхлэхийг хориглоно” гэж заажээ.

Харин энэхүү сүлжээ бизнесийн талаар, тэр дундаа улсад их хэмжээний татвар төлж байгаа гэх “G-Time корпорейшн” ХХК-ийн төлсөн татварын хэмжээг тодруулахаар Татварын ерөнхий газраас мэдээлэл авахаар хандахад  “Манайх татвар төлөгчийнхөө мэдээллийг нууцалдаг. Хэрэв тухайн татвар төлөгч байгууллага зөвшөөрвөл татвар төлөлтийн талаар мэдээлэл өгч болно. Ер нь сүлжээний бизнесийн байгууллагууд өнгөрсөн арванхоёрдугаар сард татвараа төлсөн. “Оюутолгой” компанийн араас орохоор хэмжээний татвар төлдөг гэдэг бол худлаа” гэсэн хариу өглөө.

Монголд үйл ажиллагаа явуулах албан ёсны зөвшөөрөлтэй гэгддэг "G-time" корпорацид сүүлийн үед эрчээ авч байна. Хамгийн сүүлд л гэхэд “UB Palace”-д “Ford” машин гардуулах үйл ажиллагаа зохион байгуулсан. Казахстанаас гаралтай тус сүлжээний бизнес нь 2012 оноос хойш дэлхийн 78 оронд үйл ажиллагаагаа явуулдаг гэнэ.

Харин монголд үйл ажиллагаагаа явуулаад жил болж байгаа бөгөөд манай орон 65 дахь орон нь аж. Монголд орж ирээд жил болж байгаа. Сүүлийн хэдэн сард нэлээд идэвхтэй үйл ажиллагаа эрчимжүүлж вип хөтөлбөрөөс л гэхэд 180 гаруй хүн 8000 ам.доллар авсан гэсэн албан бус мэдээлэл байна.

Хууль, цагдаагийн байгууллагаас энэ чиглэлийн луйврын бизнес олширч байгаатай холбоотойгоор хяналт шалгалтыг хийж байгаа гэлээ. Гэвч үйл ажиллагааг болиулах, хязгаарлах боломжгүй гэнэ. Учир нь дээрх сүлжээнээс болж хохирсон гэсэн гомдол ЦЕГ-т ирээгүй гэнэ. Хэдийгээр цахим сүлжээгээр шуугиад байгаа ч хохирсон иргэд нь цагдаад хандахгүй байгаагийн учир юу вэ. Хууль бус ажиллагаа гэдгийг нь мэдсэн хэрнээ зогсоож болиулах боломжгүй гэдгийг хэрхэн ойлгох вэ. Энэ бүхний хариуг холбогдох байгууллагууд хариултгүй үлдээчихлээ. Тиймээс хорхой хүргэм зар түгээсээр байгаа луйврын бизнесийг зогсоож чадахгүй нь бололтой.

А.СҮРЭН

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж