Үндэсний лигийн мэдээллийг хүргэж байна

Хуучирсан мэдээ: 2017.02.10-нд нийтлэгдсэн

Үндэсний лигийн мэдээллийг хүргэж байна

МҮСБХ болон МСБХ хамтран зохион байгуулж буй 21 аймгийн “Үндэсний лиг”-ийн тэмцээний бүсийн аваргын төлөөх гал гарсан тоглолтууд үргэлжилж байна. Өчигдөр/2017.02.09/ МУИС-ийн Бизнесийн сургуулийн зааланд цуврал үргэлжлэн явагдлаа.

АРХАНГАЙН БАГ 2:0-ООР ТЭРГҮҮЛЖ ЭХЭЛЭЭ

Баруун бүсийн аваргын төлөө Архангай аймгийн Архангай Алтан Дорнодын Дайчид болон Ховд аймгийн Ховд Алтайн Аргаль баг учраа таарсан. Цувралын хоёр дахь тоглолт өчигдөр боллоо. Тоглолтын нэгдүгээр үед Ховд Алтайн Аргаль багийн ахлагч ОУХМ Даваадоржийн Мөнхтүвшин үнэхээр гайхалтай байв. Тэрбээр зөвхөн энэ үед 20 оноо авсан юм. Улмаар тоглолтын эхнээс Ховд аймгийн залуус тэнцүүхэн өрсөлдөв. Хоёр баг тоглолтын төгсгөл хүртэл өгөө аваатай үзсэн юм. Шийдвэрлэх дөрөвдүгээр үеэс Архангай Алтан Дорнодын Дайчид хамгаалалт довтолгоогоо нямбай хийж, онооны давамгайллыг авлаа. Улмаар архангайчууд өрсөлдөгчөө 118:98-аар буулган авч, цувралыг 2-0 болгосон. Тус тоглолтод Роберт Тюрнер 24 оноо, 10 самбар, 7 оновчтой дамжуулалт өгсөн бол Г.Баттөр 17 оноо, 7 оновчтой дамжуулалт, Ким Чёл Мён 17, О.Энхбаатар 17 оноо, 8 самбар, М.Хэммондс 16 оноо, 10 самбар авчээ. Ховдоос Д.Мөнхтүвшин 32 оноо, Доналд Лавес 14 оноо авсан ч бусад тун хангалтгүй байлаа. Архангай илүү багаараа тоглосон нь ялалтын үндэс болсон. Тэд багаараа 44 хувьтай довтолжээ. Ховд будагтай талбай, самбарын тулаанд илүүрхэх учиртай. Гэтэл эхний хоёр тулаанд тэд давуу талаа огт ашиглаж чадсангүй. Багийн гол тоглогчдын нэг П.Болортулгын тоглолт болохгүй байна. Тэд давуу талаа ашиглаж, том залуу түлхүү тоглуулвал, хожих магадлал их.

СҮХБААТАР АЛЬЯНС ТЕХ ЦУВРАЛЫГ ТЭРГҮҮЛЖ ЭХЭЛЛЭЭ

Зүүн бүсийн аваргын төлөө Сүхбаатар аймгийн Сүхбаатар Альянс Тех, Эрдэнэт хотын Икон багийн цувралын гурав дахь тоглолт боллоо. Цуврал 1-1 болон тэнцээд байсан учир гурав дахь тулааныг сагсан бөмбөг сонирхогчид хүсэн хүлээж байсан нь гарцаагүй. Тоглолтын эхний хагас тэнцүүхэн өрнөсөн. Гэхдээ гуравдугаар үеэс Эрдэнэт хотын Икон багийн хамгаалалт тун идэвхигүй байлаа. Улмаар Сүхбаатар довтолгоогоо тун нямбай гүйцэтгэж байсан юм. Эрдэнэт хотын Икон баг ямар “нүүдэл” хийх учраа олохгүй байв. Улмаар Сүхбаатар Альянс Тех өрсөлдөгчөө 96:86-гаар буулган авч, цувралыг 2-1-ээр тэргүүлж эхэллээ. Тус тоглолтод Карл Блэйр 25 оноо, 7 самбар, 6 оновчтой дамжуулалт өгчээ. Ким Чон Ил 20, Б.Батзолбоо 14 оноо авав. Икон багаас Чарлес Фанчес 20 оноо, 14 самбар авсан бол Андре Уинстон 19 оноо, Чадраавал 13 оноо авсан байна. Сүхбаатар довтолгооны хувиар өрсөлдөгчөөсөө илүү байсан бөгөөд мөн алсын зайн шидэлтийг 11 удаа амжилттай болгожээ. Дараагийн тоглолтод Икон багийн дасгалжуулагч Баярмагнай өөрчлөлтүүдийг хийж ирэх тодорхой. Түүний “нүүдэл”-д Алтан-Очир дасгалжуулагч ямар хариу барих нь тун сонирхолтой байна.

МҮСБХ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж