Энэтхэгийн Ерөнхийлөгч
хатагтай Пратибха Девисингх Патилын Монголд хийж байгаа төрийн айлчлалын
хүрээнд Монгол-Энэтхэгийн бизнес форум өнөөдөр боллоо. “Кемпински Хаан палас”
зочид буудлын “Алтай”
танхимд болсон уг
форумыг Монгол Улсын Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Гадаадын хөрөнгө
оруулалтын газар, Энэтхэгийн аж үйлдвэрийн холбоо, Энэтхэгийн худалдаа аж
үйлдвэрүүдийн танхимын холбоо, Энэтхэгийн Худалдаа аж үйлдвэрийн нэгдсэн танхим
хамтран зохион байгуулсан юм. Түүнд Энэтхэгийн 30 гаруй компанийн 56 төлөөлөгч,
Монголын 46 байгууллагын 60 төлөөлөгч оролцоо.
Форум дээр
Энэтхэгийн Ерөнхийлөгч хатагтай
Пратибха Девисингх Патил үг хэлсэн юм. Тэрбээр сэтгэл татам хөх тэнгэрийн оронд
айлчилж, Энэтхэг, Монголын бизнес, үйлдвэрлэлийн төлөөлөгчидтэй уулзаж
байгаадаа баяртай байгаагаа дуулгаж яриагаа эхэллээ. “Монгол-Энэтхэгийн ард түмэн хэдэн
зууны туршид үзэл санаа, бараа бүтээгдэхүүнээ
харилцан солилцож харилцааны хүрээг цаглашгүй болгосон. Өнөө үед
энэ холбоо барилдлага дээрээ түшиглэн хамтын ажиллагаагаа илүү хөгжүүлэх болно. Энэтхэгийн анхны Ерөнхий сайд Пандит Жавхарлал Неру Монголд элэгтэй байсан. Монгол Улсыг НҮБ-д 1961
онд элсэхэд Энэтхэг улс дэмжиж байснаар бахархдаг” гэж эрхэмсэг хатагтай
хэллээ.
Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийг 2009 онд Энэтхэгт айлчлахад хоёр орны харилцаа иж бүрэн түншлэлийн
хэмжээнд хүрсэн. Хоёр тал
эдийн засаг, худалдааны хамтын ажиллагаагаа өргөжүүлж хоёр улсын эдийн засгийн
хувь заяаг хамтран “сүлжих”
шинэ Торгоны замыг бий болгож чадна гэдэгт итгэлтэй байна. Монгол Улс
эдийн засгийн шинэ хөгжлийн гараан дээр ирээд Энэтхэгтэй харилцан хамтын
ажиллагаагаа хөгжүүлэх боломжтой гэдгээ илэрхийллээ.
Ойрын жилүүдэд Монголд бий
болж байгаа уул уурхайн салбарын тэсрэлт нь Монголын эдийн засгийг 2013 он гэхэд дэлхийн хамгийн хурдацтай
хөгжиж буй эдийн засагтай орон болгох таамаглал гарсан. Дэлхийн банкны
судалгаагаар 2013 он гэхэл Монголын дотоодын нийт бүтээгдэхүүний жилийн өсөлт
22,9 хувьд хүрэхээр байна. Энэ гайхамшгаас Энэтхэгийн бизнесийн хүрээнийхэн
санаа авах ёстой. Монголд алт, зэс, ураны их нөөц байгаа нь Энэтхэгийн
компаниудад хөрөнгө оруулах бололцоо олгож байна. Эдийн засаг, худалдааны эрчимтэй хамтын
ажиллагаа нь Энэтхэг-Монголын иж бүрэн түншлэлийн үндсэн бүрэлдэхүүн болно
гэдэгт итгэлтэй байна” гэлээ.
Үүний дараа Энэтхэгийн
бизнесийн төлөөлөгчдийн тэргүүн Рави Вуудалингам үг хэлэв. Тэрбээр Монгол, Энэтхэг
хоёр улс 2700 жилийн өмнөөс түүхэн харилцаатай байсныг, хэдэн зууны тэртээ
Энэтхэг лам нар олон бэрхшээлийг даван туулж Монгол, Төвд, Хятадад Буддын гүн
уханы сургаалийг хүргэн ирж нутагшуулсныг дурдлаа. Энэтхэг нь 1955 онд Монголтой дипломат
харилцаа тогтоожээ. Өнөөдөр хоёр талын худалдааны төвшин ойролцоогоор 30 сая
ам.доллар байгаа нь туйлын бага байгааг ноён Рави Вуудалингам өөрийн талын
нөхдөд анхааруулж байв. Хоёр талын
худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагаа тааруухан байгаа нь шууд холбогдох дэд
бүтэц байхгүйтэй холбоотой хэмээн тэрбээр хэлж байлаа.
Энэтхэгийн тал
Монголоос нүүрс, зэс, ноолуур, ноос, хувцас, арьс шир, хайлуур жонш, өнгөт
металл авч, уул уурхай, эмийн үйлдвэр, автомашины эд анги, төмрийн
үйлдвэрлэлийн чиглэлээр хамтарсан хөрөнгө оруулалттай үйлдвэрүүд барьж болно
гэж үзэж байгаа ажээ. Мөн аялал жуулчлал, соёл, мэдээллийн технологи,
боловсрол, электрон засаглал, олон нийтийн хэвлэл мэдээлэл, үзвэр
үйлчилгээ, эмчилгээ, эрүүл мэндийн салбарт
харилцах өргөн бололцоо байгааг тэмдэглэж байсан юм.
Д.ОЮУН