Умардын цөмийн хэлэлцээр бизнесийн шинжтэй эхэллээ

Хуучирсан мэдээ: 2011.07.29-нд нийтлэгдсэн

Умардын цөмийн хэлэлцээр бизнесийн шинжтэй эхэллээ

Умард Солонгосын цөмийн хөтөлбөрийн хэлэлцээрийн эхний өдөр үр дүнтэй бөгөөд бизнесийн шинжтэй болж өнгөрсөн талаар АНУ мэдээллээ. АНУ-ын тусгай элч Стэфэн Босворф, Умард Солонгосын Гадаад хэргийн яамны орлогч сайд Ким КайГван нарын хооронд болж буй хурал баасан гаригт Нью Йорк хотод үргэлжлэх ажээ. 

Энэ удаагийн уулзалтыг 2008 онд амжилтгүй болж өндөрлөсөн цөмийн хөтөлбөрийн тухай зургаан талт хэлэлцээрийг Умард Солонгосын тал дахин үргэлжлүүлэх сонирхол байгаа эсэхийг тандах зорилготой зохион байгуулж байгаа гэдгийг АНУ онцолсон. Амжилтгүй болсон 2008 оны зургаан талт хэлэлцээрт Умард болон Өмнөд Солонгос, АНУ, ОХУ, Хятад, Япон зэрэг улсууд оролцсон юм.

АНУ-ын тал эхний өдрийн уулзалтын дараа хурлыг үр дүнтэй, бизнесийн шинжтэй болж байна хэмээн томъёолсон бол Умардын тал хурлын уур амьсгал сайн байна, талууд ерөнхий асуудлууд дээр өөрсдийн байр суурийг солилцлоо хэмээн мэдэгджээ.

АНУ-ын уг уулзалтанд баримталж буй гол зорилго нь Умардыг 2005 онд гарын үсэг зурсан цөмийн хөтөлбөрөө зогсоож, хариуд нь эдийн засаг, эрчим хүчний туслалцаа авах тухай гэрээндээ эзэн байж, үүргээ биелүүлэхийг ятгахад оршиж байгаа. Умард Солонгос дээрх гэрээг зөрчиж 2006, 2009 онуудад цөмийн туршилтыг явуулсан юм.

Б.Энх

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж