Нас барсан гэдэг шалтгаанаар ажлаас чөлөөлсөн гэв

Хуучирсан мэдээ: 2017.02.03-нд нийтлэгдсэн

Нас барсан гэдэг шалтгаанаар ажлаас чөлөөлсөн гэв

Архангай аймгийн Эрдэнэбулган сумын Ардчилсан намынхан өнөөдөр хэвлэлийнхэнд хандаж мэдээлэл хийлээ.

Архангай аймагт МАН олонхи болсноос хойш төрийн албан хаагчдыг хоморголон халах явдал нэмэгдсэн гэж тэд онцолсон юм. Тухайлбал, 2016 онд 170 хүнийг төрийн албанаас халсан бол, он гарсаар 40 гаруй хүн ажлаасаа үндэслэлгүй халагдаад байгаа аж. Энэ тоо бол зөвхөн нийгмийн даатгалын газраас гэнэт халагдсаны нөхөн төлбөр авсан хүмүүсийн тоо аж. Үүнээс гадна нөхөн олговор авах эрх нь нээгдээгүй, ажлаасаа халагдсан 100 гаруй хүн бий гэдгийг тэд хэлж байна.

Төрийн албанаас дээрх хүмүүсийг халахдаа “2012 оноос хойш ажилд орсон” гэдэг шалтгаанаар халсан нь шударга бус үйлдэл гэж Эрдэнэбулган сумын АН-ынхан үзэж байгаа аж.

Мөн Эрдэнэбулган сумын долоон багийн нийгмийн ажилтнуудыг ч үндэслэлгүйгээр ажлаас нь чөлөөлсөн гэлээ. Тэднийг ажлаас нь чөлөөлөхдөө хөдөлмөрийн тухай хуулийн 37.1.2 буюу ажилтан нас барсан гэдэг шалтгаанаар ажлаас чөлөөлсөн байна. Гэтэл дээрх долоон нийгмийн ажилтан нь өнөөдөр амьд сэрүүн байгаа аж.

Багийн Засаг даргыг сонгох сонгууль нэгдүгээр сарын 9-нд болж МАН-аас тав, АН-аас хоёр багт ялалт байгуулж, нэгдүгээр сарын 10-нд МАН-аас сонгогдсон таван даргыг томилсон бол хоёр даргыг одоо болтол томилохгүй байгаа аж. Томилохгүй байгаа шалтгааныг АТГ-аас бичиг ирээгүй гэж тайлбарлажээ. Гэтэл МАН-аас сонгогдсон  таван нэр дэвшигчийнхээ материалыг АТГ-т хүргүүлээгүй байж томилсонд бухимдалтай байгаагаа тэд илэрхийлэв.

Т.НОМИН

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж