“Болорсофт” компанийн захирал С.Бадралтай ярилцлаа. Цахим програм хангамжийн салбарт амжилттай ажиллаж байгаа хүний нэг юм.
-Эхлээд та манай уншигчдад компаниа танилцуулахгүй юу?
-Манай "Болорсофт" компани 2008 онд байгуулагдсан. Голчлон цахим хэл шинжлэлийн судалгаан дээр суурилсан програм хангамж хөгжүүлдэг. Бичвэр, хэл яриаг компьютерээр боловсруулдаг гэж ойлгож болно.
Хүмүүс компанийг маань “Болор толь”, “Болор дуран” зэрэг програмуудаар маань түлхүү мэддэг. Сүүлийн үед хиймэл оюуны салбарт гарч буй дэвшлүүдийг ашиглаж, системүүдээ хөгжүүлэх сайжруулах замаар ажиллаж байна.
Цахим хэл шинжлэл, хиймэл оюун гэсэн чиглэлээ тууштай барьж ажиллаж байгаа нь манай компанийн онцлог юм. Цөөн хүн, өндөр үр ашиг гаргах гэсэн зарчмыг баримталж байгаа гэж ойлгож болох юм.
-Програмыг гаргахын тулд хэл шинжлэлийн судалгааны байгууллагатай хамтарч ажиллах шаардлага тулгарсан болов уу. Хэл шинжлэлээр ямар, ямар судалгааны байгууллагуудтай хамтарч ажилласан бэ?
-Манай хэл шинжлэлийн багийг доктор Мөнх-Учрал удирдан ажилладаг.
Монгол Улсын Их Сургуулийн харьяа "Эх бичиг – Алтай судлалын тэнхим"-тэй хамтран ажилладаг. Өнгөрсөн жилээс бид БСШУС яам болон Монгол Улсын ерөнхийлөгчийн дэргэдэх "Хэлний Бодлогын Үндэсний Зөвлөл" зэрэг төрийн байгууллагуудтай ажиллаж эхэлсэн. Олон улсын хэмжээнд гэвэл “Open Source Initiative” буюу дэлхийн нээлттэй эхийн холбоотой хэл шинжлэлийн хүрээнд хамтран ажиллаж байсан.
-Яг одоо ямар сонирхолтой бүтээлүүдийг хийж байна вэ?
-Одоо бид "Болор дуран" үг үсгийн алдаа шалгуур болон “Кудос” хэмээх бүтээгдэхүүнээ сайжруулж шинэчлэхээр ажиллаж байна.
-Болор алдаа шалгуурыг бүтээсэн түүхээсээ дурсахгүй юу. Энэ програмыг маш олон салбар ашигладаг?
-Зөв бичих дүрмийн алдаа гэдэг миний хувьд санаа зовоодог зүйлсийн нэг. Зах зээл дээр бүх нийтээрээ хүлээн зөвшөөрөөд хэрэглэх хэмжээний чанартай, итгэлтэй ийм төрлийн програм хангамж байхгүй байсан. Өмнө ганц нэг оролдлогууд гарч байсан ч бүтэлгүйтсэн байсан учраас сонирхлыг маань татсан. Тийм ч учраас 2004 оноос эхлэн алдаа шалгуурын програм хийх оролдлогууд хийх болсон.
Тэр үед aspell хэмээх нээлттэй эхийн програмд монгол хэлний үгсийн санг бүрдүүлэн оруулж байлаа. Энэ арга нь монгол хэлний хувьд тохиромжтой бус арга байсан. Учир нь монгол хэл залгамал бүтэцтэй бөгөөд нэг үндэс үг дээр дагавар, нөхцөл залган олон үг үүсгэж болдог. Тиймээс бид 2009 онд энэ асуудлыг шийдсэн монгол хэлний төгсгөлөг төлөвт автомат гэх зүйлийг бүтээсэн. Үүн дээрээ тулгуурлан 2013 онд "Болор дуран" програмынхаа анхны хувилбарыг өлгийдөн авч байлаа.
-“Болор дуран” програм хангамжийн үнэ хэд вэ. Худалдаж авахад хүргэлт хийгээд суулгаж өгөх үү?
-“Болор дуран” маань 3 хувилбартай. Хувийн хувилбар нь нэг удаагийн 88 000 төгрөг, албан хувилбар нь жилийн 49 000 төгрөг, мэргэжлийн хувилбар нь жилийн 60 000 төгрөгийн үнэтэй.
Таван хувийн хямдралтайгаар https://buy.bolorsoft.com хаягаар онлайнаар шууд худалдаж авах боломжтой.
-“Кудос”, “Эдүгэ “зэрэг бүтээлийнхээ талаар тодруулахгүй юу?
-“Эдүгэ” нь хиймэл оюун ашиглаж монгол мэдээллийн утгын болоод статистик анализ, ангилал хийдэг бидний өнгөрсөн онд гаргасан систем. Нийтийн дунд хамгийн их түгсэн, халуун сэдвүүдийг мэдээний ангилал болон нийгмийн хандлагын тодорхойлолттойгоор жагсаан харах болон шинэ мэдээллүүдийг шууд харах боломжтой. Хүн бүр төлбөргүй хэрэглэх боломжтой.
Харин “Кудос” нь “Эдүгэ” дээрээ суурилсан мониторинг хийх систем юм. Хүссэн түлхүүр үгээрээ мониторинг хийх зорилготой. Маркетинг, PR болон олон нийтийн хандлагын судалгаа хийх сонирхолтой хэрэглэгчдэд зориулагдсан.
Өнгөрсөн жил техникийн эвдрэл, системийн хүчин чадлын асуудлаас болоод нэлээд доголдлоо. Гэсэн ч энэ нь шинээр хийгдэж байгаа систем болгонд тохиолддог зовлон тул цааш сайжруулаад явж байна.
-Эх хэлээ хамгаалах, нийгмийнхээ тусын тулд тус програм хангамжийг үнэ төлбөргүй хэрэглүүлэх боломж хэр байдаг вэ?
-Бид “Болор толь” хэмээх бүтээлээ олон нийтэд үнэ төлбөргүй хэрэглүүлдгийг хүмүүс андахгүй байх аа. Харин “Болор дуран” бол арилжааны зорилгоор бүтээсэн систем. Компани цааш оршин тогтнохын тулд зайлшгүй ямар нэг ашигтай ажилладаг байх ёстой. Гэхдээ боломжгүй зүйл гэж байдаггүй. Төр, албан байгууллагууд нь олон тоогоор аваад өөрсдийн хүмүүстээ төлбөргүй хэрэглүүлж болно шүү дээ.
-Үндэсний хэл, соёлоо хамгаалж аюулгүй байдлыг хангах нь төрийн үүрэг. Төрөөс танайд дэмжлэг үзүүлдэг үү?
-Манайх бизнесийн компани, хувийн байгууллага. Төрөөс дэмжлэг хүсэх ч эрхгүй л дээ. Тиймээс бидэнд төрөөс авсан дэмжлэг байхгүй. Харин өнгөрсөн онд хэлний тухай хууль батлагдаж, хэлний бодлогын үндэсний зөвлөлийн үйл ажиллагаа эрчимжиж, төрийн зүгээс эх хэлэндээ анхаарч байгаад л тун баяртай байгаа. Тус хууль дүрмийг бид харин дэмжлэг болгон ашиглах ёстой гэж бодож байна.
Г.ХОРОЛ