“Приус”-тэй хоккейчдыг Ерөнхийлөгч хүлээн авлаа

Хуучирсан мэдээ: 2017.02.03-нд нийтлэгдсэн

“Приус”-тэй хоккейчдыг Ерөнхийлөгч хүлээн авлаа

Швед улсын Тролхатон хотноо бөмбөгтэй хоккейн 2017 оны дэлхийн аварга шалгаруулах тэмцээн зохион байгуулсан. Энэ тэмцээнд Монголын шигшээ багийн тамирчид хүрэл медаль хүртсэн билээ. Амжилт гаргасан тамирчдыг Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж Төрийн ордонд хүлээн авч уулзлаа.

Энэ үеэр Монголын хоккейн холбооны ерөнхийлөгч Д.Даваасамбуугаас товчхон тодруулга авлаа.

-Монголын хоккейчид анхны хүрэл медалийг хүртлээ. Энэ жил олон тэмцээн уралдаан зохион байгуулагдана. Хоккейн холбооны ерөнхийлөгчийн хувьд тамирчдынхаа ур чадварыг сайжруулах тал дээр хэрхэн анхаарч байна вэ?

-Хоккейн спортыг Монгол Улсад хөгжүүлэхэд бид нэлээд анхаарч байна. Өмнө нь шайбтай хоккейн төрлөөр Азийн хэмжээнд хүрэл медаль авч байсан. Сая анх удаа дэлхийн дээд зэрэглэлийн тэмцээнээс медаль авлаа. Энэ тэмцээнд манай баг тамирчид маш сайн оролцож ирлээ. 2016 онд хүрэл медалийн төлөө тоглоод хожигдсон Украйны багийг энэ жил анхны тоглолтоор хожсон. Мөн хоккейн эх орон Канадтай сайн тоглосон. Хүрэл медалийг авахдаа арлын Японы багийг хожсон. Манай баг тамирчид хоёрдугаар сарын 16-нд Япон улсыг зорино. Саппоро хотод зохион байгуулагдах Азийн өвлийн спортод оролцох юм. Тамирчдын бэлтгэл зохих хэмжээнд сайн явагдаж байгаа.

ШИГШЭЭ БАГИЙН ДАСГАЛЖУУЛАГЧ А.МЭРГЭН:

-Сэтгэгдэл ямар байна вэ? Та бүхэн хөдөлмөрийнхөө үр шимийг хүртэж эх орондоо дэлхийн аваргын тэмцээнээс хүрэл медаль авч ирлээ.

-Сэтгэгдэл өндөр байна. Ерөнхийлөгч бидэнд баяр хүргэлээ. Үнэхээр сайхан, баяртай байна. Одоо бидний өмнөө тавьж байгаа зорилт бол Саппоро хотноо зохион байгуулагдах Азийн наадамд амжилттай оролцох явдал юм.

-Дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд оролцохдоо мөнгө санхүүгийн хувьд нэлээд асуудалтай байсан гэж сонссон. Баг тамирчид “приус” машинаар явж хил гарсан гэсэн. Энэ талаар мэдээлэл өгөөч?

-Багийн спорт болохоор 17, 18 хүн явдаг. Монгол Улсад мөсөн талбай байдаггүй тул бид Эрхүү хотоор дайрч явсан. Тэнд очсон зорилго нь тус хотын гайгүй багтай тоглоод бэлтгэл хийх зорилготой байсан юм. Эрхүүгээр дайрч явахад нэлээд зардал нэмэгдсэн тул төсвөө хэмнэх зорилгоор “приус” машинаа унаад явсан.

Т.ДАВААНЯМ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж