-Цагдаагийн газраас сүлжээ бол луйвар гэдгийг анхааруулсаар байтал хохирогчдын тоо буурахгүй байна-
Олон нийтийн сүлжээгээр дамжуулан хялбар аргаар мөнгө олох бизнес газар авчээ. Сүлжээний бизнесээс хохирсон ч нэг сүлжээнээс нөгөөд элсдэг хүмүүс олон болсныг хууль, хяналтынхан хэлж байна. Монголд 2010-2011 онд сүлжээний бизнес ид дэлгэрч, түүний үр дүнд 6000 гаруй иргэн хохирч байсан гашуун туршлага бий. Тухайн үедээ энэ хэргийг Улсын мөрдөн байцаах газраас шалгаж байна, ажлын хэсэг байгуулагдлаа гэж байсан ч иргэдийн хохирлыг барагдуулжээ гэсэн мэдээлэл сонсогдоогүй. 2013 онд Улсын мөрдөх байцаах газрын Онц хүнд гэмт хэрэгтэй тэмцэх тасгаас мөрдөн байцаалтын ажиллагаа явуулж, “Эрүүл амьдралын төлөө хөгжлийн хөтөч” төрийн бус байгууллагын удирдлагуудад 10 жилийн ял оноож байсан. Тэд төрийн бус байгууллагаар дамжуулан “Иргэдийг авто машинтай болгоно, орон сууцжуулна” гэж залилан 200 гаруй иргэнээс 574 сая 750 мянган төгрөг авч байсан юм. “Эрүүл амьдралын төлөө хөгжлийн хөтөч” ТББ-ын захирал З.Энхжаргал, Н.Баянжаргал нарт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 148 дугаар зүйлийн 148.4 т зааснаар тус бүрээс нь 100 мянган төгрөгийн эд хөрөнгө хурааж авч, 10 жил нэг сарын хорих ялаар шийтгэж байсан. Сүлжээний бизнес эрхэлж, иргэдийг хохироосон хүн нь хариуцлага хүлээж байгаа ч иргэдийн хохирлыг бууруулна гэсэн үг биш юм. Тиймээс сүлжээнд элсээд хохирсон л бол та хохирлоо барагдуулж чадахгүй гэсэн үг юм. Монгол Улсад пирамид тогтолцооны замаар ашиг олохыг Аж ахуй нэгжийн тусгай зөвшөөрлийн тухай хуулийн 8.1.4-т “олон шатлалт маркетинг буюу пирамид тогтолцооны замаар хуурах мэхэлж ашиг хонжоо олох үйл ажиллагааг хориглоно” гэж маш тодорхой заасан. Гэтэл энэ заалт амьдрал дээр хэрэгждэг нь ховор. Хэрэв энэ хууль хэрэгждэг байсан бол хохирч ханадаггүй хохирогчид олшрохгүй байсан биз ээ.
“G time” бас л луйвар
2016 оны сүүлчээс эхлээд “G time” гэх сүлжээ газар авав. Энэ сүлжээнд элсэхийн тулд 272 мянган төгрөг өгч, түүндээ тохирсон бараа бүтээгдэхүүн авна. Харин түүний дараа өөрийн дор хоёр хүн давхар элсүүлнэ. Түүнээс гадна “VIP” үйлчилгээнд хоёр сая 292 мянган төгрөгөөр элсэх боломжтой. Харин энэ мөнгөө 8000 мянган ам.доллар болгож авна. Ямар нэг ажил хийхгүй, бас зовохгүй, хүн элсүүлээд л 8000 мянган ам.доллар авна гэдэг хэнд ч сайхан сонсогдох зүйл. Гэхдээ энэ бүхэн зүгээр л хулхин дээр чинь цэцэг ургуулж байгаа асуудал гэдгийг мэддэг хүн олон. “G time” гэх сүлжээ одоогоор 110 мянган гишүүнтэй. Энэ гишүүд өөрсдийн гэсэн хаалттай фэйсбүүк групптэй. Тэнд орсон мэдээллээр Улсын бүртгэлийн ерөнхий газраас Худалдаа үйлчилгээ эрхлэх зөвшөөрлөө авчихсан. Энэ гэрчилгээний дагуу улсад тодорхой хэмжээний татвар төлж буй. Тиймээс энэ байгууллага луйвар биш Монголд хүлээн зөвшөөрөгдсөн, татвар төлдөг хууль ёсны байгууллага гэдгээ элсч байгаа гишүүддээ хэлдэг. Энэ нь иргэдийг татах, элсүүлэх нэгарга нь болдог байна. Хамгийн сүүлд гэхэд Ховд аймагт 700 гаруй иргэн 50 орчим сая төгрөгөөр хохирсон гэдгээ мэдэгдээд байгаа юм. Гэвч Цагдаагийн ерөнхий газарт албан ёсоор сүлжээний бизнесээс болж хохирсон гэж гомдол гаргасан иргэд байхгүй байгаа гэдгийг албаныхан хэлж буй.
Сүлжээний бизнес цөөхөн хүний мөнгө олох хэрэгсэл
Монгол Улсад сүлжээний бизнес 1997 оноос эхлэлтэй. Эдгээрийн 90 орчим хувь нь ОХУ-аас орж ирсэн гэдэг. Энэ хугацаанд нийт 20 гаруй сүлжээний бизнес иргэдийг хохироосон ч хуулийн байгууллагаар шалгагдаж, хэрэг нь шийдэгдсэн тун цөөхөн. Ингэхдээ хэн нэгэн иргэний хохирлыг барагдуулах бус луйвар хийсэн этгээд ямар нэг хэмжээгээр хариуцлага хүлээгээд намждаг. Тэгвэл энэ бизнесийг хэн хөгжүүлж, хэн хөлждөг вэ гэдэг асуултад хариулт авахыг хүссэн боловч тодорхой мэдээлэл олдсонгүй. Гэвч Монголд орж ирж байгаа сүлжээг цөөхөн хэдэн хүмүүс хийдэг гэх. Хэсэг бүлэг хүмүүс нэг сүлжээ байгуулаад сүлжээнд нь олон хүн элсээд эхэлбэл, эхний сүлжээгээ үгүйсгэж, луйвар байсан гэх мэдээллийг олон нийтэд өгч, дахин шинэ сүлжээний бизнес эхлүүлдэг гэнэ. Тэд нэгээс нөгөө сүлжээг үүсгэж, иргэдийг хохироодог юм байна. Сүлжээний бизнест элссэн хүмүүсийн 87-88 хувь нь хохирогч болдог учраас хууль эрх зүйн орчин бүрдээгүй манай улсад энэ бизнес өргөжих, иргэдийг хохироож, гадаад зах зээл рүү мөнгө гаргах боломж бүрдүүлдэг юм байна. Тиймээс энэ бизнесийг таслан зогсоох, хууль эрх зүйн орчныг сайжруулах шаардлагатай байгаа юм. Тэгвэл ОХУ, АНУ, Англи, Франц, Герман, Казакстанд пирамид сүлжээний бизнесийг хуулиар хориглодог. Хэрэв ийм бизнес эрхэлсэн тохиолдолд хүлээлгэх хариуцлага нь өндөр байдаг юм байна. Жишээлбэл, АНУ-д пирамид тогтолцоотой сүлжээг эхлүүлсэн, түүнийг гүйцэтгэхэд тусалсан хүнийг 10 мянган ам.доллараар торгох, 10 жилийн хорих ялаар шийтгэх гэх мэт хариуцлагыг хүлээлгэдэг юм байна.
Хохирогчид олшрох шалтгаан
1997 оноос хойш 20 гаруй төрлийн сүлжээний хохирогчдын жагсаалт гаргавал хүн амын дийлэнх хувийг эзлэх нь. Яагаад сүлжээний бизнесийн хохирогчид буурахгүй байна вэ гэдэг маш том асуултын тэмдэг хариултгүй байна. Эдийн засагчдын хэлж буйгаар сүлжээний бизнес нь өөрөө томрох тусам хохирогчдын тоо нэмэгдэж, цөөхөн хэдэн хүнд ашигтай болдог. 20 гаруй жилийн хугацаанд олноор хохирч, амар хялбар аргаар мөнгө олох санааг яаж өөрчлөх ёстой вэ гээд олон асуултууд хариултгүй, хариулах эзэнгүй явсаар. Тэгвэл эдийн засгийн хамгийн том хөшүүрэг бол иргэн бүр ажилтай, орлоготой байх явдал. Статистикийн ерөнхий газрын цахим хуудаст мэдээлснээр 2016 оны жилийн эцсийн байдлаар 46,8 мянган ажилгүй иргэн байгаагаас 34,4 мянга нь ажил хайж байгаа хэмээн бүртгүүлсэн байна. Мэдээж ажилтай гэхээсээ илүү ажилгүй иргэд сүлжээний бизнест орох нь илүү байдаг гэнэ. Харин ажилтай ч цалингийн хүрэлцээнээс шалтгаалан илүү мөнгө олох гэсэн хүмүүс ч сүлжээний бизнесийн хохирогчид болдог. Сүлжээний бизнест хохирогчдын тоог бууруулахын тулд тэдний сэтгэхүйд “Сүлжээ бол луйвар” гэдгийг ойлгуулах буюу соён гэгээрүүлэх ажил хийх. Түүнээс гадна сүлжээ үүсгэж байгаа, энэ төрлийн бизнесийг цэцэглүүлж байгаа хүмүүст өндөр хариуцлага тооцох, одоогийн мөрдөгдөж байгаа хуулиа хэрэгжүүлэх нь хохирогчдын тоог бууруулах хамгийн зөв гарц гэдгийг албаныхан хэлж байна. Учир нь цагдаагийн байгууллага сүлжээ бол луйвар шүү гэдгийг анхааруулсаар байтал элсээд байдаг нь ийм дүгнэлт хийхэд хүрдэг гэлээ. Харин төр засгийн зүгээс ажлын байр нэмэгдүүлэх, ажилгүйчүүдийн тоог бууруулж, иргэдээ ажилтай орлоготой болгоход онцгой анхаарах шаардлага гарч байгааг сүлжээний бизнесийн хохирогчдын дүр зураг харуулж байх шиг.
Ш.ЧИМЭГ