ШАТАХУУНЫ ҮНЭ-ЭДИЙН ЗАСГИЙН ДАРАМТ
Зарим шатахуун импортлогчид өчигдрөөс эхлэн /2017.02.05/ шатахууныхаа үнийг литр тутамд 100-150 төгрөгөөр нэмээд байна. Манай агентлаг уг мэдээллийн мөрөөр нийслэлийн Шатахуун түгээх станц /ШТС/-уудын үнэ тарифыг судалж, жолооч нар энэ талаар хэр мэдээлэлтэй байгааг тодрууллаа.
Баянзүрх дүүргийн иргэн Д.Гансүх:
-Шатахууны үнэ нэмэгдэхээр л жижиглэн барааны үнэ дагаад өсчихдөг. Би ихэвчлэн “Жаст Ойл”-оор үйлчлүүдэг одоогоор “АИ92 бензин” 1530 төгрөгөөр худалдаалж байгаа шүү дээ. Ид хямралтай үед шатахууны үнэ нэмэгдвэл бид чинь яаж амьдрах юм бэ. Эрхэлсэн ажил байхгүй таксинд явж амь амьдралаа залгуулж байгаа бидний хувьд шатахууны үнэ нэмэгдвэл их хүндээр нөлөөлнө.
Баянзүрх дүүргийн иргэн С.Идэрээ:
-Гадаадын улс орнуудад шатахууны үнэ буураад байхад манай улсад яагаад өсөөд байдаг юм бол доо. Шатахууны үнэ өссөн гэх мэдээллийг бол сая л сонслоо. Гэхдээ гадуур шатахуун түгээх газруудаар нэмэгдсэн юм одоогоор алга байна.
Чингэлтэй дүүргийн иргэн Т.Энхбат:
-Шатахууны үнийг нэмж болно. Гэхдээ литр тутамд 100-150 төгрөгөөр нэмнэ гэдэг бол хүмүүст эдийн засгийн дарамт болж байна. Таван литр бензин авлаа гэхэд нэг талхны мөнгө явж байна. PRIUS болон бусад цахилгаанаар явдаг, түлш бага зарцуулдаг машинтай хүмүүст шатахууны нэмэгдэл нэг их нөлөөлөхгүй байх. Харин над шиг их иддэг машин барьдаг хүмүүст бол хэцүү асуудал юм. Дээр нь “бензин нэмсэн учраас бид үнээ нэмлээ” гэж хэлдэг наймаачидтай улс шүү дээ, манайх.
Хан-Уул дүүргийн иргэн Б.Баасансүх:
-Миний хувьд өдөр тутамд таксинд явдаг. Машингүй өнжвөл, халтууранд гарахгүй бол хоосон хононо шүү дээ.Машинтай тулдаа таксинд явж мөнгө олж байна. Мэдээж шатахууны үнээ нэмэгдэнэ гэдэг бол бидэнд том дарамт юм. Ард түмэн нь аж амьдралдаа яаж залгуулж байна, өдөр хоногийг яаж өнгөрүүлж байна вэ гэдгийг төрийн түшээд, засгийн сайд нар харах хэрэгтэй . Хэд хоногийн өмнө ФМ радиогоор шатахууны үнийг 50-60 төгрөгөөр нэмлээ гэж сонссон одоогоор нэмэгдсэн юм алга байна гэлээ.
ҮНЭ НЭМСЭН ШАЛТГААНЫГ ШАЛГАЖ ЭХЭЛЖЭЭ
-Компаниуд шатахууны жижиглэнгийн үнээ бодитойгоор нэмсэн үү эсвэл хөөрөгдүүлсэн үү гэдгийг Ашигт малтмал, газрын тосны газар, Шударга өрсөлдөөн хэрэглэгчийн төлөө газрын байцаагчид хамтран шалгаж байна-
12.30 цаг: Шатахуун импортлогчид литр тутмынхаа үнийг 100 хүртэлх төгрөгөөр нэмснээ хүлээн зөвшөөрч эхэлсэн. Тэгвэл Уул уурхай, хүнд үйлдвэрийн яамнаас энэ үнийг өөрчлөлтийг дэлхийн зах зээл дээрх газрын тосны үнэ нэмэгдсэнтэй холбоотой гэж тайлбарлав. Дэлхийн зах зээл дээрх газрын тосны үнийн хэлбэлзэл, шатахууны импортын үнэ төрөл тус бүр дээр нэг тонн нь 41-60 орчим ам.доллараар өссөн зэргээс болж нефть импортлогчид үнэ ханшаа нэмсэн гэж салбарын яамнаас нь мэдээллээ.
Засгийн газрын 2017 оны нэгдүгээр сарын 25-ны өдрийн 34 дүгээр тогтоолоор авто бензин, дизелийн түлшний онцгой албан татварыг тодорхой хэмжээгээр бууруулан дотоодод борлуулж буй шатахууны жижиглэнгийн үнийн өсөлтийг тогтворжуулах, саармагжуулах шийдвэрийг гаргасан байдаг. Гэтэл хоёрдугаар сарын шатахууны импортын үнэ өмнөх нэгдүгээр сартай харьцуулахад төрөл тус бүр дээр тонн тутам нь дахин 22-26 орчим ам.доллараар өсчээ.
ШАТАХУУНЫ ҮНЭ ЛИТР ТУТАМДАА 150 ХҮРТЭЛХ ТӨГРӨГӨӨР НЭМЭГДЖЭЭ
Шатахууны худалдаа эрхлэгч аж ахуйн нэгжүүд 2017 оны нэгдүгээр сарын 26-ны өдрөөс эхлэн улсын хэмжээнд бүс нутаг, шатахууны төрлөөс хамааран литр тутамдаа 150 хүртэлх төгрөгөөр өсгөсөн гэж салбарын яамных нь албаны эх сурвалж тайлбарлалаа. Гэхдээ компаниуд шатахууны жижиглэнгийн үнээ бодитойгоор нэмсэн үү эсвэл хөөрөгдүүлсэн үү гэдгийг Ашигт малтмал, газрын тосны газар, Шударга өрсөлдөөн хэрэглэгчийн төлөө газрын байцаагчид хамтран шалгаж эхэлжээ.
ГАЗРЫН ТОСНЫ ОЛБОРЛОЛТ БУУРСАН НЬ ҮНЭ НЭМЭГДЭХ ШАЛТГААН БОЛСОН УУ?
Өнгөрсөн оны арванхоёрдугаар сард газрын тос экспортлогч ОПЕК-ийн гишүүн орнууд 2017 оны эхний хагас жилд газрын тосны олборлолтын хэмжээг өдөрт 1.2 сая баррелиар, ОПЕК-ийн гишүүн бус орнууд олборлолтын хэмжээг өдөрт 558 мянга буюу баррелиар тус тус бууруулахаар шийдвэрлэсэн аж. Энэхүү газрын тосны олборлолтын хэмжээг бууруулах шийдвэр гарсантай холбоотойгоор дэлхийн зах зээл дээрх гарын тосны үнэ огцом өссөн тухай Уул уурхайн яамнаас мэдээлэв. Тодруулбал, Brent маркийн тосны үнэ 2016 оны арваннэгдүгээр сарын 29-ний өдөр 46.38 ам.доллар/баррель байснаас 2017 оны хоёрдугаар сарын 06-ны өдөр 56.92 ам.доллар/баррель болж, 10.54 ам.доллар/баррель буюу 22.7 хувиар өссөн байна.
КОМПАНИУД ҮНЭЭ НЭМЖЭЭ
11.07 цаг: Зарим шатахуун түгээх станцууд шатахууны үнээ өчигдөр /2017.02.05/ өглөөнөөс эхлэн литр тутамдаа 90-100 төгрөгөөр нэмсэн нь олныг гайхашруулаад байна. Манай сурвалжлагч өнөө өглөөний 08.20 цагийн байдлаар үнэ ханшны мэдээллийг хүргэхэд хотын төвийн шатахуун түгээх станц /ШТС/-уудын хувьд үнэ ханшаа өсгөөгүй байсан юм. Шунхлай компанийн Сүхбаатар дүүргийн 32-ын тойрог дахь ШТС-ын хувьд АИ-92 бензинийг 1510 төгрөгөөр худалдаалж байсан. Тэгвэл дээрх компаниудын албан эх сурвалжийн зүгээс шатахууны үнэ ханшийг нэмсэн гэдгээ дараах байдлаар тайлбарлалаа.
“Шунхлай” группийн тухайд нийслэлд төдийгүй орон нутагт ч бензиний үнээ нэмсэн бол Улаанбаатар дахь зарим салбарынхаа үнийг хөдөлгөөгүй хэмээн албаны эх сурвалж нь хэллээ. Гэхдээ тус компанийн 32-ын тойрог дахь ШТС-ын үнэ нэмэгдээгүйн шалтгааныг тодруулахад “Зарим газарт шатахуунаа хуучин үнээрээ борлуулж байгаа. Энэ талаар нарийн тайлбар хийх боломжгүй” гэсэн хариу өгч байна.
Харин "Петровис" компанийн тухайд өдрийн 15.00 цагийн байдлаар Улаанбаатар хот дахь зургаан салбар нь шатахууны литр тутмынхаа үнийг 30 төгрөгөөр нэмжээ.
Нэг жилийн өмнө буюу 2016 оны нэгдүгээр сарын 22-ний өдөр шатахууны литр тутмын үнэ орон даяар 100-150 төгрөгөөр буурч байсан юм. Тэр үед ам.долларын ханш 2007 төгрөг, дэлхийн зах зээлд нефтийн үнэ 28 ам.долларт байв. Гэтэл өнөөдөр /2017.02.06/ монгол төгрөгтэй харьцах ам.долларын ханш 2460 төгрөг, нефтийн үнэ дэлхийн зах зээлд 54 ам.долларт хүрчээ.
ШАТАХУУНЫ ОНЦГОЙ АЛБАН ТАТВАРЫН ХЭМЖЭЭГ БУУРУУЛСАН Ч ҮНЭЭ НЭМЖЭЭ
Засгийн газраас энэ төрлийн бүтээгдэхүүнд ногдуулах Онцгой албан татварын хэмжээг бууруулсан ч ийнхүү үнэ нэмжээ.
Засгийн газрын тогтоолоор авто бензинд ногдуулах онцгой албан татварыг 160 мянган төгрөгөөс 50 мянган 000 төгрөг болгож, дизелийн түлшинд ногдох татвар 180 мянган төгрөг байсныг 70 мянган төгрөг болгон бууруулж тогтоосон. Ингэснээр улсын төсвийн орлого 110 орчим тэрбум төгрөгөөр буурах ч, шатахууны үнийн өсөлтийг саармагжуулах боломжтой гэж Газрын тосны бүтээгдэхүүн импортлогчдын холбоо үзэж байсан юм. Гэвч хоёр ч компани ийнхүү шатахууны үнэ ханшаа багагүй хэмжээгээр нэмээд байна.
ХОТЫН ТӨВӨӨР ШАТАХУУНЫ ҮНЭ НЭМЭГДЭЭГҮЙ БАЙНА
09.35 цаг: Өнгөрөгч амралтын өдрүүдэд шатахууны үнийг 80-100 төгрөгөөр нэмэгдүүлсэн талаар зарим сайтуудад мэдээлэл гарсан. Манай сурвалжлах багийнхан өнөө өглөө Сүхбаатар дүүрэгт байрлах “Шунхлай”, “Сод Монгол”, "Жаст ойл" зэрэг шатахуун станц дээр очиход шатахууны үнийг нэмээгүй байлаа.
"Одоогоор шатахууны үнэ нэмэгдээгүй байна. Бидэнд үнэ нэмэх талаар мэдээлэл ирээгүй байгаа болохоор ямар нэгэн тайлбар хийх боломжгүй байна." гэдгийг дээрх шатахуун станцаас ажилчид хэлж байв.
Өнөө өглөөний байдлаар "Сод Монгол" шатахуун станцад Аи92 -1530 төгрөг, Аи95 1730, "Шунхлай" станцад Аи95- 1720, Аи92 -1510, "Жаст ойл"-д Аи95 -1730, Аи92 -1530 төгрөгийн үнэтэй байна.
Энэ талаарх мэдээллийг эргэн хүргэнэ.
Ч.БОЛОР