Хойд Солонгосын удирдагч Ким Чен Уны улс төрийн халаа сэлгээ үргэлжилж байна. Тэрбээр тагнуулын агентлагийн дарга Ким Вон Хоныг албан тушаалаас нь огцруулсан болохыг Өмнөд Солонгосын албаныхан мэдээлжээ.
Ким Чен Уны ойрын зөвлөх байсан Ким Вон Хон авлига, эрх мэдлээ хэтрүүлж, хүний эрх зөрчсөн хэрэгт буруутгагдан өнгөрсөн нэгдүгээр сарын дундуур албан тушаалаасаа огцорчээ.
Өдгөө 33 настай Ким Чен Ун өнгөрсөн 2011 онд эцэг Ким Чен Ир таалал төгссөнөөр Хойд Солонгосын төрийн эрхийг залгамжилсан юм. Тэрбээр Хойд Солонгосын удирдагч болсноос хойш улс төрийн 100 гаруй албан тушаалтныг ажлаас нь халах эсвэл цаазаар авчээ.
Ким Чен Ун 2013 оны арванхоёрдугаар сард хүргэн ах Жан Сун Текийг цаазалсан нь олон улсын анхаарлыг ихээр татсан юм. Түүнчлэн өнгөрсөн 2016 онд боловсролын сайд Ри Ён Жинийг уулзалтын үеэр унтсаных нь төлөө цаазаар авчээ.
Эх сурвалж: ВВС
Б.ТУЯА