НӨАТ-ын тухай хуулийн дагуу татвар төлөгчдийн худалдан авалтын хоёр хувьтай дүйцэх хэмжээний мөнгийг буцаан олгож байна. Өнгөрсөн оны нэгдүгээр сарын 1-нээс хэрэгжиж эхэлсэн хуулийн бодит үр дүнг иргэд ийнхүү хүртэж эхэллээ. Өчигдөр 10.00 цагийн байдлаар Худалдаа хөгжлийн банк, Төрийн банк, Чингис хаан банк, Богд банк, Хас банкны харилцагч 87 964 татвар төлөгчид 7,9 тэрбум төгрөгийг буцаан олгосон тухай мэдээлэл гарчээ. Харилцагч олонтой банкны нэг “Голомт”-ын хувьд энэхүү мэдээлэлд багтаагүйн дээр зарим харилцагчийн буцаан олголт дансанд ороогүй байгаа тул бид тус банкны Маркетингийн албаны даргатай холбогдож, мэдээллийг тодрууллаа.
-Татварын ерөнхий газраас өчигдөр гаргасан мэдээлэлд танай банкны буцаан олголтын талаар мэдээлэл ороогүй байна. Танай банк иргэдийн буцаан олголтыг өгч байгаа юу. Хэдэн иргэнд хэдэн төгрөгийн буцаан олголт өгөөд байна вэ?
-“Голомт” банк харилцагчдынхаа буцаан олголтын мөнгийг цаг алдалгүй шилжүүлж байгаа. НӨАТ-ын буцаан олголтын мөнгийг Монголбанкнаас арилжааны банкнуудад ээлж дараатай шилжүүлсэн. Манай банканд өчигдөр 16.30 цагт мөнгө орж ирсэн. Тиймээс бид өчигдөр оройдоо /2017.02.02/ 12 мянган иргэний буцаан олголтыг шилжүүлсэн.
-Нийт хэдэн хүнд шилжүүлэх ёстой вэ. Танай харилцагчдаас бүртгэл нь баталгаажаагүй хүмүүс хэр олон байна вэ?
-Нийтдээ 40 орчим мянган харилцагч НӨАТ-ын буцаан олголтоо манай банкаар дамжуулан авч байгаа. Үүнээс 25 мянган харилцагчийн буцаан олголтыг өнөөдрөөс өгнө. Бүртгэл нь баталгаажаагүй хүлээгдэх магадлалтай харилцагчийн тоо хоёр мянга гаруй байгаа. Тэдгээр хүмүүсийн овог нэр нь дансны нэртэйгээ зөрсөн тул яаралтай баталгаажуулахыг дашрамд сануулъя гэлээ.
Д.ЦЭЭНЭ