”Гэртээ байгаа мэт сэтгэгдэл төрж байна”

Хуучирсан мэдээ: 2011.07.29-нд нийтлэгдсэн

”Гэртээ байгаа мэт сэтгэгдэл төрж байна”

Энэтхэгийн Ерөнхийлөгчийг хүндэтгэн хийсэн бэсрэг наадам дээр Монгол Улс, Энэтхэгийн Ерөнхийлөгч нар сэтгүүлчдэд товч ярилцлага өглөө.

Энэтхэгийн Ерөнхийлөгч Пратибха Девисингх Патил “Монголын тал нутагт бэсрэг наадам үзсэн нь таатай санагдлаа. Монголчууд өв соёлоо гайхалтай сайн хадгалж үлдсэнийг энэ үеэр харлаа. Хэдийгээр энэ миний Монголд хийж буй анхны уулзалт ч гэсэн монголчуудын дунд гэртээ байгаа мэт сэтгэгдэл төрж байна. Бидний харилцаа өвөрмөц, бас онцгой юм. Энэтхэг, Монгол хоёр орон Буддын гүн ухааны сургаалиар дамжиж Торгоны их замыг хөндлөн туулан харилцаж ирсэн түүхтэй. Олон зууны тэртээгээс оюуны соёлын харилцаатай явж ирсэн Энэтхэг, Монгол хоёр орны харилцаа шинэ шинэ салбараар тэлж цаашид өргөжин хөгжих болно” гэсэн юм.

Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж “Монгол Улс Бүгднайрамдах Энэтхэг улстай улс төрийн итгэлцлийг гүнзгийрүүлэхийн сацуу худалдаа, эдийн засаг, хөрөнгө оруулалтын салбарт харилцан ашигтай хамтын ажиллагаа хөгжүүлэх боломжийг идэвхтэй эрэлхийлж ажил хэрэг болгох, улмаар соёл, боловсрол, хүмүүнлэгийн уламжлалт харилцаагаа өргөжүүлэхийн төлөө байна.  Оюун санаа, түүх уламжлалын бат бэх холбоонд суурилсан Монгол, Энэтхэгийн ард түмний харилцаа өнөө цагт хүнлэг энэрэнгүй, ардчилсан нийгмийн үнэт зүйлс, итгэл үнэмшлээр бэхжиж, улмаар хоёр орны болон бүс нутгийн энх тайван, хөгжил цэцэглэлийн тусын тулд улам өргөжин тэлж байгааг харахад нэн таатай байдаг. Цаашид ч бүс нутагт ардчиллыг бэхжүүлэх үйл хэргийн төлөө Эрхэмсэг хатагтай Ерөнхийлөгч тантай санаачилга, үр бүтээлтэй хамтран ажиллахдаа баяртай байх болно” гэлээ.

                        Д.ОЮУН

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж