Ээжүүдэд хаягласан боломжууд

Хуучирсан мэдээ: 2017.02.06-нд нийтлэгдсэн

Ээжүүдэд хаягласан боломжууд

Нийгмийн даатгалын сангаас олгох, тэтгэвэр тэтгэмжийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг өнгөрсөн долоо хоногийн пүрэв гариг (2017.02.02)-т УИХ-аар баталсан билээ. Нийгмийн даатгалын сангаас олгох, тэтгэвэр тэтгэмжийн тухай хуульд оруулсан нэмэлт өөрчлөлт нь 2018 оны нэгдүгээр сарын 1-нээс хэрэгжих юм. 

Энэ хуульд ямар өөрчлөлт орсон талаар дэлгэрэнгүй мэдээллийг хүргэе.


ХҮҮХЭД ТӨРҮҮЛСЭН ЭМЭГТЭЙЧҮҮД
ӨНДӨР ТЭТГЭВЭР ТОГТООЛГОХ БОЛОМЖТОЙ

 

  • Ээжийн төрүүлж, өсгөсөн хүүхдийн тоогоор шимтгэл төлсөн жилийг 1,5 жилээр нэмэгдүүлэн тооцдог болно. Тодруулбал, нэг хүүхэд төрүүлсэн бол 1,5 жил, хоёр хүүхэд төрүүлж өсгөсөн бол гурван жил, гурван хүүхэд төрүүлж өсгөсөн бол 4,5 жил, дөрвөн хүүхэд төрүүлж өсгөсөн бол зургаан жил гэх мэтээр нэмж  тооцно. Ингэснээр эхчүүд хүсвэл эрт тэтгэвэрт гарах боломж бүрдэхийн дээр насандаа тэтгэвэрт гарлаа ч ажилласан жилийг  нь багагүй хугацаагаар нэмж тооцох юм.
     

ШИНЭ ЭЭЖИЙН НИЙГМИЙН ДААТГАЛЫН ШИМТГЭЛИЙГ
ГУРВАН ЖИЛ ТАСРАЛТГҮЙ ТӨЛНӨ

  • Ээжүүд Хөдөлмөрийн тухай хуулиар хүүхдээ гурван нас хүртэл харсан бол нийгмийн даатгалын шимтгэл (НДШ) тасрахгүй байх зохицуулалт хийж өгчээ. Нийгмийн даатгалын санд заавал даатгагдаад шимтгэл төлж буй ээж хүүхдээ гурван нас хүртэл харсан бол энэ хугацааны НДШ-ийг ажил олгогч төлнө. Сайн дураар шимтгэл төлдөг ээж хүүхдээ гурван нас хүртэл асарч байгаа бол энэ хугацааны шимтгэлийг НД-ын сангаас төлнө. Ерөөсөө ажил хийдэггүй, НДШ төлдөггүй ээж төрөөд хүүхдээ гурван нас хүртэл асран хамгаалж байгаа бол 50 хувийг нь төр, 50 хувийг нь өөрөө төлөх боломж олгох аж. Энэ зохицуулалт ирэх жилээс хэрэгжиж эхэлнэ гэхээр эдийн засгийн хувьд асуудал үүсч мэдэх юм. Тэгэхээр талууд ачааллаа жигд үүрэх юм байна. Өөрөөр хэлбэл, ажил олгогч, НД-ын сан, төр, ээж өөрөө оролцоод дөрвөн тал ачааллаа жигд хуваах аж.

БҮХ ЭЭЖҮҮД ЖИРЭМСНИЙ БОЛОН
АМАРЖСАНЫ ТЭТГЭМЖЭЭ 100 ХУВЬ АВНА

  • НДШ төлж байгаа ээжүүд жирэмсэн, амаржсаны тэтгэмж авдаг. Гэхдээ өмнөх хуулиар заавал даатгалд хамрагдсан ээж цалин хөлсний тэтгэмжээ 100 хувь авдаг. Харин сайн дурын даатгалд хамрагдсан ээж цалин хөлсний тэтгэмжээ 75 хувиар авдаг. Тэгэхээр эх хүн нэгэнт НДШ төлж байгаа бол даатгагдсан хэлбэрээс үл хамаараад жирэмсний болоод амаржсаны тэтгэмжийг цалин хөлснөөс 100 хувь бодуулж авдаг болох зохицуулалтыг хийж өгчээ.

МАЛЧДЫН ТЭТГЭВЭРТ ГАРАХ НАСЫГ
ТАВАН ЖИЛЭЭР УРАГШЛУУЛНА

  • Зөвхөн ээжүүдэд зориулсан зохицуулалтыг хийж өгөхөөс гадна малчдын тэтгэвэрт гарах насыг таван насаар наашлуулах зохицуулалтыг оруулж өгчээ. Одоогоор бол эрэгтэй малчин 60 наснаас тэтгэвэрт гарна, эмэгтэй 55 настайдаа тэтгэвэрт гардаг. Харин хуульд нэмэлт өөрчлөлт оруулснаар эрэгтэй малчин 55, эмэгтэй малчин 50 наснаас тэтгэвэрт гардаг болно.

МАЛЧНААР АЖИЛЛАСАН НЭГ ЖИЛИЙГ
1,5 ЖИЛ БОЛГОН НЭМЭГДҮҮЛНЭ

  • Малчнаар ажилласан нэг жилийг 1,5 жил болгож нэмэгдүүлэх юм байна. Ингэснээр малчин хүний нийгмийн хамгаалал сайжирна гэж хууль санаачлагчид үзжээ.

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж