Нөхцөлийг нөхцөлд залгаад андуураад байна аа. Тань руу нүүхгүй танруу нүүнэ. Яагаад гэвэл би-миний, чи-чиний, та-таны… Бүүр задалбал бирүү=надруу, чирүү=чамруу, таруу=танруу гэсэн үг болно. Хэрэв “таньруу” гэвэл би, чи хоёр барьцаж “миньрүү, чиньрүү” болъё гэж хэл ам гаргаж магад. Жижиг алдаа ингэж л томордог юм.
Учир нь “тань” гэдэг хамаатуулах нөхцөлд нөхцөл залгана гэж ерөөсөө байхгүй. “Та” гэдэг үгэн дээр л нөхцөл залгана. Энэ үед үндэс үүсгэх “нууц Н” ил гардгаас болж танрууг тань руутай андуураад байгаа юм. Ингээд та, таны(таний©), танд(таньд©), танаар(таниар©), танаас(таниас©), тантай(таньтай©), танруу(таньруу©) болж, толгойн эргээ тайлагдлаа…
“Эрвээхий лугаа амьдар, эр хүн лугаа биеэ зас, харцага лугаа начнууд, нүдрүү эгцэлж хардаггүй хүн яг л чоно лугаа, Монголыг Швейцарилугаа хөгжүүлнэ.” гэж бас л андуураад байна. Хамтатгах утгатай “-тай, -тэй, -той”-той ижил үүрэгтэй -лугаа, -лүгээ нөхцөлийг адилтгах утгатай “шиг, мэт” гэдэг үгтэй андуурдаг. Үүнээс болж тэр өгүүлбэрүүд “эрвээхэйтэй амьдар, эр хүнтэй биеэ зас, харцагатай начнууд, нүд рүү эгцэлж хардаггүй хүн яг л чонотой, Монголыг Швейцари тай хөгжүүлнэ.” гээд утгаа алдаад байна. Харин “Якут бүсгүйчүүд монгол охид лугаа адил.”, “Үсээ засуулбал эрлэг лугаа учирна.”-д яг тохирч “Якут бүсгүйчүүд монгол охидтой адил”, “Үсээ засуулбал эрлэгтэй учирна” болно. Сонгодог бичгийн үед энгийн нөхцөл байсан -лугаа, -лүгээ энэ цагт өвгөрч хүндэлж, өргөмжилсөн үед хэрэглэгдэж байгаа нь энэ.
“Егөөтэй 99 тайлбар” номын “Ануудраад байна, андуураад байна…” өгүүллийн хэсгээс