-Эв нэгдэлгүй, эх толгойгүй хэмээн Ардчилсан намыг ад үзэх хүн олон ч энэ нам ямагт шинэ, эрүүл, соргог байж чаддагийн нэг жишээ бол сая явагдсан сонгууль-
2016 оны зургадугаар сард явагдсан УИХ-ын ээлжит сонгуульд далаараа цэвэр тавиулсан Ардчилсан нам сонгуулиас хойш бужигнаж бужигнаж ямар ч гэсэн даргатай болоод авлаа. Ардчилсан намын гишүүд таван хүнээс С.Эрдэнэд итгэл хүлээлгэхээр шийдлээ. С.Эрдэнэ, Н.Алтанхуяг, Л.Гантөмөр, Д.Эрдэнэбат, Ж.Батзандан гэсэн таван Ардчилсан намын даргын сонгуульд өрсөлдөхөөр нэрээ дэвшүүлж, богино хугацаанд 21 аймгаа тойрон намаа хэрхэн шинэчлэх гэж байгаагаа олонд таниулаад ирсэн. Тэднийг замдаа гарахад нь намын дарга асан З.Энхболд тус бүрт нь багцалсан таван сум өгч эв нэгдэлтэй байхыг бэлгэдсэн. Харин энэ багцалсан сум одоо С.Эрдэнийн гарт ирлээ.
Ардчилсан нам Монголын шинэ цагийн түүхийг бичигч улс төрийн том хүчин. Эв нэгдэлгүй, эх толгойгүй хэмээн Ардчилсан намыг ад үзэх хүн олон ч энэ нам ямагт шинэ, эрүүл, соргог байж чаддагийн нэг жишээ бол сая явагдсан сонгууль юм. Намын даргаа бүх гишүүдийн саналаар тодруулж байсан ардчилсан түүх 70 жил насалсан Монгол Ардын намд байхгүй. Сумтай тав, ташууртай тав хэмээн цоллуулж байсан таван нэр дэвшигч тавуулаа индэр дээр зэрэгцэж суугаад “энэ буруу бодож байна, миний бодлоор бол” гээд ярьж чадаж байна гэдэг зөвхөн энэ намаас л харж болох зүйл. Намын гишүүдийн шинэчилсэн бүртгэл зөв буруу явагдсан, 17 мянга гаруй хүнийг санал өгөх эрхгүй болгож хассан гээд шүүмж дагуулсан зүйлс бий ч ерөнхий хандлагаараа эрүүл хөрсөн дээр байгаагаараа Ардчилсан нам гоё.
Өнгөрсөн 27 жилийн явцад ардчилсан үзэлт намуудын нэгдэл болон бүрэлдсэн Ардчилсан нам шинэчлэлийн өмнө ирсэн нь үнэн. Энэ шинэчлэлийн залуур дээр С.Эрдэнэ хэмээх эрхэм суулаа. Хоёр ч удаа төрийн эрх барих хүндтэй үүргийг сонгогчдоосоо аваад итгэлийг нь хөсөрдүүлсэн муу нэрээс салахын тулд энэ намд шинэчлэл хэрэгтэй. 1996-2000 онд “туршлагагүй залуу хүмүүс алдаа биз” хэмээн уучилсан бол энэ удаад “энэ нөхдөд ер нь итгэж болох юм уу” гэсэн эргэлзээ төрж, дэмжигчид нь нүүр буруулахад бэлэн байгаа эгзэгтэй үед байна, Ардчилсан нам.
Гэсэн ч сая явагдсан сонгуулийг харахад итгэл сэргэж болохоор харагдаж байна. Юун түрүүн, олон жил тус намд нөлөөтэй явж ирсэн Алтангадас фракцын эрин дуусч байна. Албан тушаалын эрх ашиг, мөнгөний амтын төлөө үзэл бодлоо гээн, дайсантайгаа ч нийлж чаддаг байсных нь төлөө энэ фракцыг “Алтангудас” хэмээн цоллож байсан. Хоёрт, Л.Гантөмөрт намын гишүүд нь Ж.Батзандангаас илүү санал өгсөн нь ямар ч поп улстөрч энэ намд хэрэггүй гэдгийг харууллаа. Энэ намын ирээдүйд мэдлэгтэй, боловсролтой, үзэл бодолдоо үнэнч хүн хэрэгтэй гэдгийг гишүүд ийнхүү илэрхийллээ.
Олон жил фракцийн эрхшээлд хэрчүүлж, тэр чинээгээр нэр хүндээ унагаж ирсэн Ардчилсан нам фракцгүй байх зорилгодоо хүрэхээс өөр аргагүй. Хэний хүнийг хаана томилох биш мэддэг, чаддаг хүнд нь албан тушаалыг нь өгч Ардчилсан намын нэр хүнд, имижийг дахин бүрдүүлэх зангараг С.Эрдэнэд бий эсэхийг харах цаг ирлээ. Фракцад харьяалагдаж байсан хүмүүс ч сонгуулийн дүнг хүлээн зөвшөөрч ажлыг нь хийлгүүлэх боломжоор хангах нь Ардчилсан намын ирээдүй гэдгийг ойлгох цаг болжээ. Өөр өөрсдийн эрх ашгийн төлөө ам хэлээ билүүдэж, ханцуй дотроо наймаалцаж байсан ч эцсийн мөчид Ардчилсан нам гэсэн буйраа хэн ч орхихыг хүсэхгүй байгаа нь үнэн.