Сүхбаатар аймагт өндөржүүлсэн бэлэн байдал зарлалаа

Хуучирсан мэдээ: 2017.02.06-нд нийтлэгдсэн

Сүхбаатар аймагт өндөржүүлсэн бэлэн байдал зарлалаа

  • АН-ын Гүйцэтгэх зөвлөл /2017.02.03/ хуралдаж, намын шинэ дүрмийн төслийг хэлэлцжээ. Гүйцэтгэх зөвлөлөөс шинэ дүрмийн төслийг улс орон даяар хэлэлцүүлэх нь зүйтэй гэж үзсэн талаар эх сурвалж мэдээлж байна.


  • Сүхбаатар аймгийн Засаг дарга "Гамшгаас хамгаалах өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжүүлэх тухай" захирамж гаргалаа. Учир нь тус аймгийн Эрдэнэцагаан, Асгат сумдад малын гоц халдварт шүлхий халдварт өвчин оношлогдож, Баруун-Урт, Сүхбаатар сумдад өвчний шинж тэмдэг илэрч, өвчний тархалт нэмэгдэх хандлага ажиглагджээ.


  • Ардчилсан намын долдугаар их хурал хоёрдугаар сарын 12-нд болно. Тус хурлыг зохион байгуулах ажлын хэсэг гарсан байна. Ажлын хэсгийн ахлагчаар Үйлдвэр хөдөө аж ахуйн дэд сайд асан Ц.Туваан томилогджээ. Энэ удаагийн их хурлаар намын шинэ даргаа батламжлах юм.


  • Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат Евроазийн эдийн засгийн холбооны Зөвлөлийн гишүүн, хатагтай Валовая Татьяна Дмитриевна тэргүүтэй төлөөлөгчдийг хүлээн авч уулзав. Уулзалтын үеэр Монгол Улс Евроазийн эдийн засгийн холбоотой Чөлөөт худалдааны хэлэлцээр байгуулах хүсэлтэй байгаагаа илэрхийллээ.


  • “Эрүүл цагдаа” хөтөлбөр өчигдрөөс /2017.02.05/ хэрэгжиж эхэллээ. Хөтөлбөрийн хүрээнд цагдаагийн алба хаагчдыг эрүүл мэндийн үзлэг болон  вакцинжуулалтад хамруулж, сургалт зохион байгуулах юм байна.  Мөн нийтийн биеийн тамирыг хөгжүүлэх, алба хаагчдын бие бялдрыг чийрэгжүүлэх, сэтгэлзүйн хямрал, гутрал, депрессийн түвшнийг бууруулах чиглэлээр эрүүл мэндийн төрөл бүрийн үйлчилгээ үзүүлэхээр төлөвлөжээ.


  • УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Авто замын тухай хуулийн төсөл /шинэчилсэн найруулга/-ийг хэлэлцээд гишүүдийн олонхи дэмжин, анхны хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр холбогдох байнгын хороонд шилжүүллээ.


  • Онцгой байдлын ерөнхий газраас гаргасан мэдээгээр энэ сарын 2-нд Өмнөговь аймгийн Цогтцэций сумын Цагаан-Овоо багийн нутаг /Таван толгойн уурхайгаас зүүн хойд зүгт 2 км-ийн зайд/-т 22:18:37 цагт 3.7 магнитутын хүчтэй газар хөдлөлт болсон байна. Оршин суугчдад газар хөдлөлийн чичирхийлэл мэдрэгдсэнээс хохирол учраагүй юм байна.


  • УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Согтууруулах ундаа хэтрүүлэн хэрэглэсэн этгээдийг албадан эрүүлжүүлэх тухай хуулийн төсөлд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийж, дуусган эцсийн хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр холбогдох байнгын хороонд шилжүүллээ. Төсөлд согтууруулах ундаа хэтрүүлэн хэрэглэсэн иргэнийг эрүүлжүүлэхийн тулд номхотгох цамц өмсгөн өлгийдөхөөр тусгажээ.


  • Үндэсний баяр наадмын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцээд “Төслийн үзэл баримтлалыг хэлэлцэх нь зүйтэй” хэмээн үзэж, анхны хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр холбогдох байнгын хороонд шилжүүллээ. Төсөлд харваачдад цол олгохоор тусгажээ.


  • Сар шинийн баярын өмнөх амралтын өдрүүдэд замын хөдөлгөөнийг зохицуулах хуваарийг гаргасан байна. Ирэх долоо хоногийн бямба гариг буюу хоёрдугаар сарын 11-ний өдрөөс эхлэн зохицуулалт хийхээр болсныг Цагдаагийн ерөнхий газрын хэвлэл, мэдээллийн төвөөс мэдээллээ.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж