Усан замыг хөгжүүлэх гарц юу вэ?

Хуучирсан мэдээ: 2017.02.04-нд нийтлэгдсэн

Усан замыг хөгжүүлэх гарц юу вэ?

УИХ-аар Усан замын тээврийн тухай хуулийн төслийг хэлэлцэж эхлээд байна.

Сүүлийн жилүүдэд дотоодын аялал жуулчлал хурдацтай өсч буйтай холбоотойгоор иргэд томоохон нуур, голын эрэг орчмоор амрах, зугаалах нь нэмэгджээ. Үүнтэй холбоотойгоор усан замын тээврийг шинээр зохицуулах шаардлага гарч буй аж.

Иймээс хуулийн шинэчилсэн найруулгад усан замын тээврийн хэрэгслээр үзүүлж буй үйлчилгээний чанар, стандартын хэрэгжилт, хяналтын тогтолцоо, үйл ажиллагааг боловсронгуй болгох. Байгаль орчны бохирдлоос урьдчилан сэргийлэх, зорчигч, жолоочийн аюулгүй байдлыг хангах зорилгоор усан замын тээврийн хэрэгслийн нэгдсэн зогсоол байгуулах, засвар үйлчилгээ хийх, тэдгээрийг шатах тослох материалаар хангах цэг байгуулах асуудлыг тусгажээ.

Мөн иргэдийн зорчих хэрэгцээ нэмэгдсэн, усан замын тээврийн хэрэгслийн тоо олширсон, усан замын тээвэрлэлт өргөжсөнтэй уялдан аюулгүй байдлыг хангах, усан замын тээврийн хэрэгслийн бүртгэл болон хяналт тавих тогтолцоо, байгаль орчныг бохирдуулахгүй байх зохицуулалт тусгасан байна.

Усан замын тээврийг хөгжүүлэхэд юуг анхаарах ёстой, бас ямар гарц байгаа талаар УИХ-ын гишүүдийн байр суурийг хүргэе.


УРТ ХУГАЦААНЫ ГЭРЭЭ ХИЙВЭЛ ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТ ТАТНА

УИХ-ын гишүүн Л.Энх-Амгалан

Энэ хуулийг 100 гаруй завины асуудлыг зохицуулах гэсэн жижиг хууль гэж харж болохгүй. Монгол Улс далайд гарцтай болох уу гэсэн бодлогын түвшинд асуудлыг авч үзсэн хууль байгаасай гэж хүсэж байна. Завины аюулгүй байдлыг цаг алдалгүй шийдэх ёстой юу гэвэл шийдэх ёстой.

Хөвсгөл аймагт Ханх гээд маш том сум бий. Хөвсгөл нуураар хиллэсэн хамгийн том сум. 2000 мянга гаруй хүн амтай. Энэ сумын иргэдэд төрийн үйлчилгээг түргэн шуурхай хүргэх эсэх асуудал бол усан замын хөгжилтэй шууд холбоотой.

Тиймээс Усан замын тээврийн тухай хууль гаргахдаа зайлшгүй Хатгал, Ханх хоёрын хооронд явдаг тээврийн үйлчилгээг шийдэж өгөх ёстой. Уг үйлчилгээг хувийн компаниар гүйцэтгүүлж болно. Өөрөөр хэлбэл, өөрөө хөрөнгө оруулалтаа хийж, үйл ажиллагаагаа явуулдаг хэлбэрээр шийдэх боломжтой.

Хоёрт, усан замын тээврийн үйлчилгээг эрхлэхэд олгох тусгай зөвшөөрлийг анхнаасаа нарийн чанга шалгуураар олгох ёстой. Ялангуяа том онгоц оруулж ирэх гэж байгаа компани болгонд тусгай зөвшөөрөл битгий олго. Хэрэв ингэвэл цахилгаан станцын жишээтэй адилхан болно.

60 гаруй цахилгаан станц барих тусгай зөвшөөрөл олгосон байдаг. Нэг нь ч баригддаггүй. Тиймээс төр өөрөө сонгон шалгаруулалт явуулж, шалгарсан компанитай 5-10 жилийн хугацаатай урт гэрээ хийвэл Хөвсгөл нуур, нуур орчмын нутаг дэвсгэрт томоохон хөрөнгө оруулалт орох нөхцөл, боломж бий болно. 


ХӨВСГӨЛ НУУРЫН ЭКОЛОГИД АНХААРАХ ЁСТОЙ

УИХ-ын гишүүн Л.Болд

Монголчууд бид онгон байгалиараа бахархдаг улс. Энэ утгаараа усан замын тээврийн үйлчилгээний талаар нарийвчилсан зохицуулалттай болсноороо энэ чиглэлийн аялал жуулчлал хөгжих боломж бүрдэх юм. Уг хуулийн төсөлд олон улсад түгээмэл тохиолддог эрсдлийг хаах ёстой.

Юу гэвэл ус, усан далай гэдэг маш том эко систем. АНУ-ын Дахо нуур булингартсан шалтгаан нь өөр нуураас завь авчирч тэр нуурт тавьснаар бохирдсон байдаг. Тэр нуур бол яг л Хөвсгөл нуур шиг сайхан нуур. Гэвч анхаарал, болгоомжгүй хандсанаас болж, экологийн сүйрэл болсон. Ийм аюул тохиох магадлал бий.

Нуур, уснаас дамжих халдвар усан завь, усан тээврийн хэрэгслээр дамждаг. Тиймээс экологийн энэ төрлийн аюулд өртөх эрсдлийг хаах зохицуулалтыг уг хуулийн төсөлд тусгах ёстой.

Тухайн нууранд тавьж буй завь, хөлөг онгоцонд шинжилгээ хийдэг лаборатори манай улсад бий юу гэвэл байхгүй шүү дээ. Тиймээс энэ мэт нуур, далайг бохирдуулахгүй байх бэлтгэл ажлыг базаах чиглэлийн зохицуулалтыг хуулийн төсөлд тусгах зайлшгүй шаардлага бий.

Усан орчинд аливаа халдвар даамжирч, үрждэг. Аялал жуулчлал, усан тээврийн үйлчилгээг хөгжүүлж байна гэдгийн цаана байгаль орчноо сүйтгэхчих вий гэдгийг байнга анхаарах ёстой. 


ЗАМБАРААГҮЙ ОЛОН ЗАВИЙГ БООМТТОЙ БОЛСНООР ШИЙДНЭ

УИХ-ын гишүүн Л.Мөнхбаатар

Одоогийн байдлаар Хөвсгөл нуурт 100 орчим жижиг завь, Сүхбаатар хөлөг онгоц байна. Эдгээр завиудыг зохицуулах боломжгүйгээс өөрийн дур дураараа аашилдаг. Тодорхой маршрут байхгүй. Аялал жуулчлалын тодорхой хөтөлбөргүй, хэдэн жуулчин л аялуулдаг. Тиймээс Усан замын тээврийн тухай хуулийг шинэчлэх нь зүйтэй. Гэхдээ энд усан замын тээврийн хөдөлгөөнийг зохицуулах эрх зүйн зохицуулалт алга.

Нуурт зорчиж байсан хоёр завь хоорондоо мөргөлдлөө гэхэд хэрхэн яаж шийдэх гэдгийг зохицуулах шаардлагатай. Хөвсгөлийн Хатгал сум орчимд хоёр завь мөргөлдөхөд хариуцлага тооцьё гэсэн ч мөрдөх хууль тогтоомж байдаггүй.

УИХ-ын нэр бүхий гишүүд энэ чиглэлийн хуулийн төсөл боловсруулахаар ажиллаж байна.

Энэ олон замбараагүй завины асуудлыг боомттой болсноор шийдэж болно гэж үзэж байна. Авто вокзал гэдэгтэй адил усан замын тээврийн боомттой болгож, боомтоос маршрутыг тогтоож, зорчих зөвшөөрөл олгодог, GPS-тай, холбооны хэрэгсэлтэй байх ёстой. Хэрэв завины зохицуулалтыг сайжруулбал жуулчдын аюулгүй байдал хангагдана.

Г.ХОРОЛ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж