УИХ-ын намрын чуулганыг завсарлуулах хугацаа ойртож, хууль тогтоогчид ажлаа шуурхайлаад байна. УИХ өнгөрсөн пүрэв гаригийн хуралдаанаараа хэд, хэдэн хууль баталснаас иргэдийн амьдралд шууд нөлөөлөх чухал шийдвэрээс цувралаар хүргэж байна.
МАЛЧДЫН ТЭТГЭВЭРТ ГАРАХ НАСЫГ УРАГШЛУУЛЛАА
УИХ-аас Тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуульд өөрчлөлт оруулснаар малчдын тэтгэвэрт гарах насыг таван насаар урагшлууллаа. Хуулийн төслийг УИХ-ын гишүүн С.Чинзориг нарын гишүүд санаачилсан юм.
Одоо мөрдөж байгаа хуулиар эрэгтэй 60, эмэгтэй 55 настай тэтгэвэрт гардаг. Энэ хуулиар малчин эрэгтэй 55, эмэгтэй 50 настай тэтгэвэрт гарах нөхцөл бүрдлээ.
Мөн Малчин, хувиараа хөдөлмөр эрхлэгчийн тэтгэврийн даатгалын шимтгэлийг нэг удаа нөхөн төлүүлэх тухай хууль батлагдсанаар хөдөлмөр эрхэлснээсээ хойш нийгмийн даатгалын шимтгэлээ төлж чадаагүй байгаа иргэд төлж чадалгүй явж ирсэн хугацааны нийгмийн даатгалын шимтгэлийг нэг удаа нөхөн төлөх эрх нээгдлээ. Ингэхдээ өнөөдрийн бус тухайн үеийн хөдөлмөрийн хөлсний доод хэмжээнээс нэг удаа нөхөн тооцож төлнө.
Малчин, хувиараа хөдөлмөр эрхлэгч нь хэдэн жилийн нийгмийн даатгалын шимтгэл нөхөн төлөх хэрэгцээ, шаардлага байна түүнийгээ өөрөө тооцоод төлнө. Үүнд 15-60 насны иргэд хамрагдах бүрэн боломжтой. Нөхөн төлөх хугацааг 1995 оноос өнөөдрийг хүртэл гэсэн зохицуулалтаар хийжээ.
Статистик мэдээгээр улсын хэмжээнд 1.1 сая гаруй ажиллагсад байгаагийн 47 хувь буюу 550 мянга орчим нь малчин болоод хувиараа хөдөлмөр эрхлэгч иргэд аж. Гэвч малчдын есөн хувь, хувиараа хөдөлмөр эрхлэгч иргэдийн 13 хувь нь нийгмийн даатгалын шимтгэл төлдөг байна.
Энэ бол ирээдүйд тэтгэвэрт гарахад хүнд. Дээрх хууль батлагдсанаар энэ бүлгийнхний нийгмийн хамгаалал нь баталгаажих юм.
ЖДҮ-ИЙН ТОНОГ ТӨХӨӨРӨМЖИЙГ ТАТВАРААС ЧӨЛӨӨЛНӨ
УИХ-аас Гаалийн албан татвараас чөлөөлөх тухай хуульд өөрчлөлт оруулж, баталснаар жижиг дунд үйлдвэрийн үйлдвэрлэлийн зориулалт бүхий тоног төхөөрөмж, сэлбэг хэрэгслийг 2019 он хүртэл гаалийн албан татвараас чөлөөлөх боллоо.
Энэ хууль 2017 оны гуравдугаар сарын 1-ний өдрөөс эхлэн хүчин төгөлдөр мөрдөгдөж эхлэх юм.
Хэрвээ та хууль батлагдахаас өмнө буюу энэ онд жижиг, дунд үйлдвэрлэлийн тоног төхөөрөмж импортоор оруулж ирсэн бол татвараа буцаан авах боломжтой аж.
Засгийн газраас нэмэгдсэн өртгийн албан татварын хөнгөлөлт болон гаалийн татварын чөлөөлөлтөд хамрагдах тоног төхөөрөмж, сэлбэг хэрэгслийн жагсаалтыг тогтоолоор баталдаг. Хууль батлагдсантай холбоотойгоор дээрх жагсаалтыг баталж, гаргах хүсэлтийг төсөл санаачлагчид Ерөнхий сайдад уламжилсан байна.
Г.ХОРОЛ