Монголын сонгодог урлагийн их өргөө болсон Улсын дуурь, бүжгийн эрдмийн театрын 54 дэх улиралд олон шилдэг бүтээлүүдийг үзэгчдээ өргөн барихаар бэлтгэж байгаа билээ. Мөн тус театраас энэ улиралд уран бүтээлчдийнхээ мэргэжлийн ур чадварыг дээшлүүлж, шинэ залуу уран бүтээлчдийг дэмжих зорилготой ажиллаж байгаа аж. Театрын хоёрдугаар сарын эхний үзвэрүүд болох Ж.Пуччиний "Тоска" дуурь, “Балетын үдэш” гала тоглолтыг ирэх амралтын өдрүүд тоглоно. Энэ удаагийн "Балетын үдэш" гала тоглолт ихээхэн онцлогтой. Театрын залуу уран бүтээлчдийн мэргэжлийн ур чадварыг дээшлүүлж, дэлхийн сонгодог болон орчин үеийн шилдэг уран бүтээлүүдийг тоглох юм. Мөн тус театрын балетын урын санд тоглогдож байгаагүй Талисман, Тарантелла, Оддын гялбаа, Пароны охин гэх мэт шинэ, соргог уран бүтээлүүдийг тоглохоор бэлтгэжээ.
Ж.ПУЧЧИНИ "ТОСКА" ДУУРЬ
- II.04 – 17.00 цаг
Дуурьт задгай уянгалаг аригаараа улс төрийн тогтворгүй байдал, Тоска, Каварадосси, Скарпья нарын тэмцэл, хайр сэтгэл, хар санаа гээд амьдралын олон өнгийг төгс төгөлдөр илэрхийлсэн байдаг. 100 жилийн түүхтэй “Тоска” дуурь нэг үзсэн хүн дахин үзэхийг хүсдэг гайхалтай бүтээлийн нэг билээ. "Хэрвээ хүчирхийлэл, зовлон зүдгүүр байгаагүйсэн бол амьдрал хичнээн сайхан байхсан" Ж.Пуччини
"БАЛЕТЫН ҮДЭШ" ГАЛА ТОГЛОЛТ
- II.05 – 17.00 цагаас.
Балетын бүх жүжигчид оролцсон энэхүү тоглолт хоёр хэсэгтэй. Эхний хэсэгт “Дин Кихот” балетын Кани балеро, “Ромео Жульетта” балетын Адажио, Орчин үеийн номер соло, Талисман Па-де-де зэрэг зургаан бүтээл багтжээ. Тоглолтын хоёрдугаар хэсэгт “Гурвалсан морьд”, “Дөрвөн өнгө”, “Сен-Санс”, “Спартак”, "Оддын гялбаа" зэрэг долоон балетыг тоглох юм. Тоглолтод балетын гоцлооч М.Од, А.Эрдэнэболд, Ч.Дүүрэнжаргал, С.Санчир, А.Өлзий-Орших, Т.Хан-Очир болон МУГЖ Г.Цолмон, Б.Саруул, Г.Батчимэг нарын шилдэг бүжигчид тоглоно. Мөн тус театрын балетын бүх жүжигчид болон шинэ залуу уран бүтээлчид эдгээр бүтээлийг амилуулна.
Ч.БОЛ