Дэвид Бэкхэм хакердуулжээ. Өөрт нь хүлэгт баатрын хэргэм хүртээлгүй өнгөрүүлсний хариуд шагналын хорооныхныг “талархаж мэдэхгүй маанагууд” гэж цоллосон, НҮБ-ын Хүүхдийн санд нэг сая ам.доллар хандивлахаас татгалзаж, түүнийгээ “энэ хараал идсэн мөнгө чинь минийх” хэмээсэн, татвар төлөхийг шаардсан нэхэмжлэхийг төвөгшөөсөн түүний цахим шуудангууд ил болж, улмаар шар хэвлэлийн хуудсанд тавигдав.
Бэкхэм гэх нэрийг брэнд болгож чадсан түүнийг огт өөрөөр харуулсан энэ мэдээлэл сошиал хүрээнд том давалгаа үүсгэв.
Сэр Дэвид гэх цол хэргэм хүртэж чадаагүйдээ бухимдсан түүний бүдүүлэг үг хэллэгийг WikiLeaks-ийн Football Leaks илчилжээ.
PR-ийн зөвлөх Саймон Оливьерад бичсэн и-мэйлдээ тэр мөн НҮБ-ын Хүүхдийн сангийн элчээр ажиллаж, хүмүүнлэгийн үйлст идэвхтэй оролцдог нь цаанаа нэр хүнд, эрхэм шагнал горилох зорилготой, энэ хүрээнд Азид болсон арга хэмжээнд оролцсоны дараа ЮНИСЕФ-ээс нислэгийн бизнес ангиллын тасалбарын мөнгө болох 6685 фунт нэхсэн зэрэг нь ил болов.
Түүний ивээн тэтгэгчид хувийн онгоц гаргаж өгсөн ч дараа нь Бэкхэм ЮНИСЕФ-ээс нислэгийн бизнес ангиллын тасалбарын үнэ болох 6685 фунт нэхэмжилжээ. Хариуд нь ЮНИСЕФ хийгээгүй нислэгийн төлөө төлбөр төлөх боломжгүй гэх хариу өгсөн гэнэ.
Шанхайд болсон ЮНИСЕФ-ын хандивын арга хэмжээнд нэг сая ам.доллар хандивлахыг хүссэн захидлын хариуд тэр “Өөрийнхөө мөнгийг ийм зүйл зарцуулмааргүй байна. Хандивын санд сая доллар өгнө гэдэг би өөрийнхөө мөнгийг өгнө гэсэн үг. Ийм хандивын сан гэж байгаагүй бол тэр мөнгө чинь надад байх ёстой юм. Тэр хараал идсэн мөнгө чинь минийх” гэж хариу илгээжээ.
Энэ мэт мэдээлэл сошиал хэрэглэгчдийг талцуулж, зарим нь ердөө нэр алдрын төлөө НҮБ-ын Хүүхдийн сангийн элчээр ажилладаг хэмээн шүүмжилж, нөгөө хэсэг нь зайлшгүй анхаарал, тусламж шаардлагатай байгаа хүүхдүүдийн төлөө түүний зориулсан сэтгэл, цаг хугацаа, хөрөнгө мөнгийг юутай ч харьцуулж боломгүй гэж “өмөөрч” байна.
Телевизийн алдартай хөтлөгч Пирс Морган энэ мэдээллийн дараа твиттертээ “Бурхан минь. Брэнд Бэкхэм амар амгалан нойрсог” гэж жиргэжээ.
Харин Бэкхэмийн дотны найз “Тэр маш тайван байгаа. Учир нь НҮБ-ын Хүүхдийн сангийн төлөө юу хийснээ сайн мэдэж байгаа. Харин хүмүүс үүнд эргэлзэж байгаад тэр жаахан эмзэглэсэн” гэж ярьжээ. Харин хүлэгт баатрын хэргэм хүртээж, Сэр хэмээн дуудуулах хүндэтгэл үзүүлээгүй тухайд тэр “Үнэнийг хэлэхэд, Дэвид өөрийгөө эх орныхоо төлөө их зүйл бүтээсэн гэдэгт итгэдэг. Хүн ойр донтныхны хүрээнд янз бүрийн зүйл хэлж л байдаг. Гэвч бодит байдал дээр өөр бодолтой байдаг шүү дээ” гэжээ.
Бэкхэмийн өнгөрсөн гурван жилийн хугацаан дахь нийт 18,6 сая и-мэйлийг хакерууд гартаа оруулжээ. Дийлэнх нь түүний PR зөвлөх, Doyen Global компанийн “гуру” Саймон Оливьератай харилцсан цахим шуудангууд байгаа гэнэ.
Бэкхэм өөрөө энэ дуулианы талаар одоохондоо ямар нэг тайлбар өгөөгүй байгаа. Твиттерт #SirDavidBeckham гэх “аян” өрнөж байх зуур тэр Лондонд Бруклин хүүгийнхээ скейтбордоор хичээллэж байгааг ажиж суув. Эхнэр Виктория Бэкхэм Нью-Йоркийн загварын долоо хоногт оролцохоор Англиас явжээ.
Харин тэдний ууган хүү Бруклин өчигдөр /2017.02.05/ Инстаграмдаа аав нь бага охин Харперыг тэврэн суугаа зургийг оруулсан нь энэ бүх дуулианы дараа Бэкхэмийн гэр бүлийнхний гаргасан анхны “мэдэгдэл” байв. 560 мянга гаруй фен нь энэ зурагт like даржээ.
С.ЦЭЛМЭГ