Сүхбаатар аймгийн АН-ынхан даваа гаригт жагсана

Хуучирсан мэдээ: 2017.02.03-нд нийтлэгдсэн

Сүхбаатар аймгийн АН-ынхан даваа гаригт жагсана

Засаг бүрэлдээд чамгүй хугацаа өнгөрсөн ч ажил цэгцэрч амжаагүй аймаг, дүүрэг цөөн боловч байсаар байна. Сүхбаатар аймгийн ИТХ-ын 33 суудлаас 17-г нь Ардчилсан нам авсан бол 16-д нь МАН-ын гишүүд ялалт байгуулсан. Ардчилсан нам нэг суудлаар илүү байгаагаас шалтгаалаад ИТХ хуралдаж чадахгүй, төсвөө ч батлаагүй өнөөдрийг хүрчээ. Төрийн албан хаагчид цалингаа ч авч чадахгүй, тус аймгийн иргэд бухимдаж байна.

МАН орон нутгийн сонгуульд ялагдсан атлаа Засаг дарга, ИТХ-ын даргыг хууль бусаар томилуулж, иргэдийн сонголтыг хөсөрдүүлэн дураар дургисаар найман сарыг үдэж буй тухай Сүхбаатар аймгийн иргэд манай агентлагт мэдээллээ. Цалингүйгээр цагаан сарыг угтаж байгаа иргэд ихэд бухимдаж байгаагаа хэллээ. Сүүлийн найман жил хөгжлийн жишиг болсон шилдэг аймагт МАН “Бурхангүй газарт бумба галзуурах” гэгч болж бүх шатанд ажил зогсчээ.

Тус аймгийн ИТХ дахь АН-ын бүлэг саяхан бүрэн бүрэлдэхүүнээрээ нийслэлд ирж, Монгол Улсын Ерөнхийлөгчид хандсаны дээр хэвлэлийн хурал хийж, олон нийтэд мэдээлэл өгч байв. Тэгвэл ирэх даваа гаригт Сүхбаатар аймгийн АН, тус намын гишүүд, дэмжигчид, орон нутгийн иргэд хамтран улс төрийн жагсаал хийхээр болжээ.

Ийнхүү энэ жилийн анхны жагсаал орон нутгаас, тэр дундаа эх орон, газар шороо, тусгаар тогтнол, шударга ёсны төлөө тэмцэж, босож ирсэн их жанжин Д.Сүхбаатарын нутгаас эхлэх гэж байна.

Ер нь бол 2016 оны ИТХ-ын сонгуульд Сүхбаатарт АН олонх болсон ч МАН эрх барьж байгаагаараа далимдуулан төлөөлөгчдийн эрхийг батламжлахгүй өнөөг хүрч байгаа юм. Сүхбаатар аймгийн ИТХ 33 суудалтай. Орон нутгийн сонгуулиар аймгийн ИТХ-д АН-16, МАН-16 суудал авч тэнцсэн. Нэг тойрогт маргаан шүүх дээр байсан учраас дахин сонгууль явуулахаар болсон. Гэтэл МАН хууль бус нэг хүнээ нэмж 17 болгон, Анхдугаар хуралдаанаа хийсэн хэмээн ИТХ-ын даргыг сонгож, Засаг даргыг томилуулсан байна. Ингэхдээ аймгийн ИТХ-ын тамгыг гээгдүүлсэн гэж хуурамчаар дахин хийлгэж тэрхүү бичгээ тамгалуулсан байдаг. Тэгвэл өнгөрсөн аравдугаар сард Дарьганга суманд болсон дахин сонгуульд АН ялалт байгуулснаар аймгийн ИТХ-д 17 буюу олонх болсон. Гэтэл бүрэн эрхээ хэрэгжүүлэх бололцоог олгохгүй улстөржсөн, цаг хожсон байдлаар өдий хүрчээ. Ерөнхийлөгч, Ерөнхий сайд, УИХ-ын дарга, МАН-д хандсан шаардлагуудыг удаа дараа тавьсан ч анхаарал хандуулаагүй байна.

Сүхбаатар аймгийн ИТХ-ын хурал дахь Ардчилсан намын бүлгийн дарга Т.Ганцогттой холбогдоход “Өнөөдрийг хүртэл Сүхбаатар аймаг хууль бус Засаг даргатай, хууль бус томилгоонууд хийж байна. Мөн төсвөө батлаагүй цорын ганц аймаг болчхоод байна. Сонголт хийснийхээ төлөө иргэд хохирох ёсгүй. Саяхан Улсын дээд шүүх Сүхбаатар аймгийн ИТХ-дахь МАН-ын 16 хүний хуралдаж гаргасан хууль бус шийдвэрийг хүчинтэй гэж гаргасан. Хэрэв цаашид хууль бус үйл ажиллагаагаа зогсоохгүй бол бид жагсч,цуглаад зогсохгүй тэмцлээ үргэлжлүүлнэ” гэлээ.

Д.ЦЭЭНЭ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж