Хайрт минь дуугаа дуулаач

Хуучирсан мэдээ: 2017.02.03-нд нийтлэгдсэн

Хайрт минь дуугаа дуулаач

Өглөөний нартай уралдан утас дуугарав. Дуучин Д. Хишигбаяр ажээ. Тэрбээр хань Р. Дэлгэрмаагийн хамт “Хайрт минь дуугаа дуулаач” дууг минь дуулсан бөгөөд одоо ч эхнэр бид хоёрын гар утсанд зүүлттэй байгаа. Гэтэл тэр дууны хөгжмийн найруулгыг дахин хийж дууссан тухай баярт мэдээг дуулгав. Миний мэйл хаягаар явуулсан тул дор нь сонслоо. Гитарын гоцлолын мяндсан зөөлөн аялгуу сэтгэл тэмтрэх ахуй дор Дэлгэрмаагийн тунгалаг хоолой яруусч Хишигбаяр аргилдуухан амраглах нь сэтгэлийн найрсалт орон зайг үүсгэх аж.

“Би чамдаа сэтгэлээ дуугаар нээсэн

Бидэн хоёр дуугаар ярьдаг байсан

Сэргэлэн сайхан дууг дуулсаар

Сэтгэлийн болзоонд яардаг болсон” хэмээн Р. Дэлгэрмаа дуулах нь дуулах бус ярих мэт. Ер сэтгэл гэгч янагхан бөгөөд түүнийг чухам дууны ертөнцийн далд чандын зөн совин л төгс нээж чадах буй за. “Сэргэлэн сайхан дуу” гэдэг нь сэтгэлийн хоймор, хайрын хийморь юм.

“Би чамдаа хайраа дуугаар нээсэн

Бидэн хоёр дуугаар ярьдаг байсан

Ханийн сайхан дууг дуулсаар

Хайрын бурханг шүтдэг болсон” хэмээн Д. Хишигбаяр дуулах нь бас дуулах бус хүүрнэх мэт. Ер хайр гэгч эртийн ерөөлт учрал бөгөөд түүнийг чухам итгэлийн мянган бурхны ханийн авшиг хэмээмүй. “Ханийн сайхан дуу” гэдэг нь хайрын бурхны сүлдэн, сүүн цацал юм.

“Би чамдаа хүслээ дуугаар нээсэн

Бидэн хоёр дуугаар ярьдаг байсан

Аз жаргалын дууг дуулсаар

Амрагийн тэнгэрт жаргаж явна аа” хэмээн тэд хоршин дуулж байна. Ер хүсэл гэгч хос ёсны алтан завьяа, алдаж болшгүй агшны алтан аргамж юм. “Аз жаргалын дуу” гэдэг нь амьдралын утга учир бөгөөд чухам түүний төлөөх тэмцэл ялалтын дуулал билээ.

“Хайрын дууг мянга дуулбал мөнхөрдөг гэнэ лээ

Хайрт минь чи дуугаа дуулаач” гэх энэ дууны дахилт бол хайрын тунхаг юм. Хайр гэгч эмзэг, энхрий, эгэлгүй зүйл бөгөөд мянга мянган удаа харамгүй хэлэх, дуулах нандин сэтгэл билээ. Тиймээс “сэтгэл”, “хайр”, “хүсэл” хэмээх гурван бадаг нь “хайрт минь дуугаа дуулаач” гэхийн гурвалжин шалтаг, шалтгаан бөгөөд тэр нь хайр сэтгэлийн гурвал адал явдлаас тэс өөр билээ.

Дуу бүхэн өөрийн хувь заяатай ажээ. “Хайрт минь дуугаа дуулаач” дуу “хоёр дахь амьдрал”-аа эхлүүлж буй нь энэ. Анх энэ дууг Хилийн цэргийн билүү Бүх цэргийн чуулгынх билүү хоёр залуу дуучин ерээд оны сүүлийн хагаст дуулж голын эргээс ус авч буй дүрст клип хийлгэж байсан юм. Тухайн үед клип ховор, бас ч хөөрхөн дуулсан тул үзэгч түмэн гайгүй сайн хүлээн авсан билээ. Харамсалтай нь мөнөөх хоёр дуучин чуулгаасаа гарч тайзнаа дахин дуулаагүй тул дэлгэц, сэтгэл хоёрт үлдсэн хэрэг. Ялангуяа миний хань Л.Эрдэнэ энэ дуунд онцгой дуртай бөгөөд Р.Дэлгэрмаа, Д.Хишигбаяр хоёрт л яг таарна гэж тэдэнтэй холбогдсоноор дахин амилж буй нь энэ юм. Тэр хоёр ч жинхэнэ уран бүтээлч хүний хатуу шалгуураар хандаж хоёр ч удаа хөгжмийн найруулгыг нь өөрчилж эдүгээ эцэслэн дуулсан нь энэ билээ. Эхнийх нь ритмтэй, цолгиун байсан бол сүүлийнх нь аядуу намуун уянгын энгийн болсон нь зөв шийдэл болжээ.

“Хайрт минь дуугаа дуулаач” дуу хорь гаруй жилийн дараа ийнхүү дахин амьсгал эхэллээ. “Улаанбаатар” сонины эрхлэгчийн хувьд Сайд нарын гэх Клиникийн II эмнэлгээр үйлчлүүлдэг байсан бөгөөд 1995.05.01-ний өдрийн 10 цаг 40 минутад тус эмнэлгийн 50 орт. Дотрын II тасгийн 504 тоот өрөөнд энэ шүлэг бичигдсэн юм. Түүнийг хөгжмийн зохиолч Л. Галмандах шохоорхож нэн удалгүй ая дан зохиролдуулан, мөнөөх залуусаар дуулуулж, клип хийлгэсэн хэрэг. “Хүүхдийн дуу зохиодог хүн хайр сэтгэлийн уянгын учгийг лавдуухан атгаж насан хүрэгчдийн эгнээнд шилжлээ” гэж бид хоёр наргиан болгон инээлдэж байсан минь санаанд тод байна.

“Манай ажлынхан бүгд л … хайрын дууг мянга дуулбал мөнхөрдөг гэнэ лээ, хайрт минь чи дуугаа дуулаач …гэж дуулсан хүмүүс байна” гэж шавь минь пост бичсэнийг анзаартал нээрээ тийм ажээ. SKIN entertainment studio-ийн захирал Батсайханы Анар “Валентиний баярт зориулаад клип хийвэл яг таарах дуу байна. Залуусын хайр сэтгэлийг дуу л төгс илэрхийлнэ” гэж ярьж буй нь сонсогдов.

Дуу гэгч амьд сэтгэл аж. Сэтгэл гэгч мөнх наст юм. Тиймээс дуу зохионо гэдэг өнө мөнхийн үүдэл санаа бөгөөд хайрлахуйн өгөөмөр ёс суртахуун билээ. Хайрт минь чи дуугаа дуулаа ч.

ҮҮРЭЛБААТАР

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж