УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийж баталлаа.
Засгийн газраас өргөн мэдүүлсэн энэхүү төсөлд жилийн борлуулалтын орлого нь 1.5 тэрбум төгрөгөөс ихгүй зарим аж ахуйн нэгжийн татварыг 90 хувиар хөнгөлөхөөр заасан юм.
Үүнд хүнсний үйлдвэрлэл, хувцас болон нэхмэлийн үйлдвэрлэл, барилгын материалын үйлдвэрлэл болон газар тариалан, мал аж ахуйн үйлдвэрлэлийн чиглэлээр үйл ажиллагаа явуулж байгаа албан татвар төлөгчийн үндсэн үйл ажиллагааны орлогод 2017 оны нэгдүгээр сарын 1-ний өдрөөс 2021 оны нэгдүгээр сарын 1-ний өдрийг хүртэлх хугацаанд 1 хувиар орлогын албан татвар ногдуулахаар тусгасан юм. Энэ хууль батлагдсан өдрөөс эхлэн хэрэгжихээр болж байна.
Мөн хуралдаанаар УИХ-ын гишүүн Г.Занданшатар нараас өргөн мэдүүлсэн Зөвлөлдөх санал асуулгын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийж дуусган, эцсийн хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр холбогдох байнгын хороонд шилжүүллээ.
Одоо чуулганы нэгдсэн хуралдаанаар Хөгжлийн банкны тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийж эхлээд байна.
Г.ДАРЬ