”Царцаа Намжил” хүүхдийн жүжиг нээлтээ хийнэ

Хуучирсан мэдээ: 2017.02.05-нд нийтлэгдсэн

”Царцаа Намжил” хүүхдийн жүжиг нээлтээ хийнэ

Улсын драмын эрдмийн театрын тайзнаа өнөөдрөөс эхлэн “Царцаа Намжил” хүүхдийн жүжгийг тоглох гэж байна. Тус жүжиг Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яамны “Хүүхдэд зориулсан уран бүтээл” төслийн уралдаанд шалгарсан яруу найрагч Я.Баяраа, найруулагч Б.Хишигзаяа нарын бүтээл юм.

 


"ЦАРЦАА НАМЖИЛ" ЖҮЖГЭЭР АРДЫН АМАН ЗОХИОЛ, ҮЛГЭРИЙГ ТАНИУЛАХ ЗОРИЛГОТОЙ

“ЦАРЦАА НАМЖИЛ” ХҮҮХДИЙН ЖҮЖГИЙН ГОЛ ДҮР БОЛОХ ЦАРЦАА НАМЖИЛ - Б.ЗОЛЖАРГАЛ

Эрт урьдын цагт Эзэн Чингис ч төрөхөөс өмнө Намжил нэртэй нэгэн хүү бурхны оронд очиж, эрдэм сурахаар явсан агаад түүнд тохиолдсон элдэв сонин хэрэг явдлын талаар энэхүү жүжигт өгүүлнэ. Энэ хорвоо дээр нэг л ертөнц оршдоггүй билээ.

Эгэл жирийн хүмүүс бидний амьдардаг энэ ертөнцийг “Замбуулин хорвоо” хэмээн. Харин эгэл жирийн хүмүүс бид, амьтны амь тасалдаггүй, өглөгч зантай, үнэн шударга сэтгэлтэй, шуналгүй, ховч, хуурмаг зангүй бол Арван цагаан буянтан гэгдэж, авралт бурхны оронд амьдрах эрхтэй болдог гэдэг. Тиймээс театрын уран бүтээлчид уран бүтээлийн урын сангаа шинэ бүтээлээр баяжуулан үзэгчдийн болгох, Монгол ардын аман зохиол, үлгэрийн өгүүлэмж үйл явдлаар дамжуулан хүүхэд багачуудад таниулахыг зорьсон учраас энэхүү бүтээлийг тоглохоор болжээ.


“ЦАРЦАА НАМЖИЛ” ҮЛГЭРЭЭС ГАДНА ӨӨР ҮЛГЭР БАГТСАН

“Царцаа Намжил” жүжгийн зохиолч, ерөнхий найруулагч Б.Хишигзаяа дараах тайлбарыг өглөө.

Өнөөдөр хүүхдийн ардын аман зохиолыг маш бага мэддэг болжээ. Тэд үлгэр мэдэхээ больжээ. Гадаадын олон хэлээр ярьж байна. Өмссөн хувцсаас нь эхлээд харахад гадаад хэв маяг хэдийнэ оржээ. Энэ үлгэр өөрөө маш олон утга санааг илэрхийлдэг. Энд маш олон ардын үлгэрүүд уялдаж, жүжгийн хэлэх санааг гаргаж өгсөн. Зөвхөн “Царцаа Намжил” үлгэрээс гадна өөр хоёр ардын үлгэр орсон байгаа. Зохиолоо би анх бичиж эхэлсэн ч надад тусламж хэрэгтэй байлаа. Тиймээс яруу найрагч Я.Баяраад энэ жүжиг дээр хамтран санал тавьж, бүтээл маань бэлэн болсон. Би уг театрын уран бүтээлчидтэйгээ дахин хамтарч байгаад талархаж байна. Энэ хүүхдийн жүжигт залуучуудаас гадна ахмад уран бүтээлчид тоглож байгаад талархлаа.


П.ЦЭРЭНДАГВА: НАДАД ХАРИУЦЛАГА ИРЛЭЭ

“Царцаа Намжил” хүүхдийн жүжигт Эрлэг номун хааны дүрийг бүтээж буй Ардын жүжигчин П.Цэрэндагвын сэтгэгдлийг хүргэе.

Уран бүтээлч хүн ажилтай байх нь чухал. Тухайн уран бүтээлчид дүр өгч тоглуулна гэдэг бол найруулагчийн эрхийн асуудал байдаг. Тэгэхээр би өнөөдөр ийм сайхан хүүхдийн жүжигт тоглох болсонд их олзуурхаж байна. Учир нь би 1968 онд энэ том өргөө гэрийн /Драмын театр/ босгоор орохдоо тэр үеийн ахмадуудын билгийн хараанд өртөж орсноороо сэтгэл их өег байдаг юм. Анх Төрийн хошой шагналт Лодойдамбын “Гарын таван хуруу” жүжгийн Баяр хүүгийн дүрийг тоглож байлаа. Гэтэл өнөөдөр насан өндөр болсон хэрнээ хүүхдийн жүжигт тоглох боломж олдсон маань нэг талдаа сонирхолтой байлаа. Эргээд надад бас хариуцлага ирлээ. Магадгүй энэ хүүхдийн жүжиг миний сүүлийн жүжиг байж болох ч юм билүү. Аливаа юм хэмжээ хязгаартай, цаг хугацаатай байдаг учраас би ингэж хэлж байгаа юм. Өнөөдөр театрын дараа үеийн ачааг үүрэх болсон залуучуудтайгаа хамтарч ажиллаж байгаадаа сэтгэл өндөр байгааг дуулгахад таатай байна. Энд нэг зүйлийг онцлох хэлэх гэсэн юм. Гавьяат жүжигчин Б.Тунгалаг –туулай, Ардын жүжигчин С.Сарантуяа – үнэг. Би энэ хоёртойгоо хуучнаар 18 аймгийн бригадыг хүртэл алгасалгүй хүүхдийн жүжгийг тоглож байлаа. Тиймээс өнөөдөр П.Цэрэндагва миний биед гаргах юм байгаа бол тэр бүгдээ гаргах болжээ гэж хэлмээр байна. Та бүхэнд баярлалаа.

Хүүхдийн уран бүтээл ховор болсон энэ үед ийнхүү Драмын театрын нэгэн бүтээл мэндлэх гэж байна. Тэр дундаа Монгол ардын аман зохиол, үлгэрийг сэргээсэн “Царцаа Намжил” хүүхдийн жүжиг ирэх ням гаригаас эхлэн үзэгчдээ угтан авахад бэлэн болжээ.


“ЦАРЦАА НАМЖИЛ” ХҮҮХДИЙН ЖҮЖИГ

/2017.02.05-ны өдрөөс эхлэн өдөр бүр 13.00, 15.00 цагаас/

Зохиолч: Я.Баяраа, Б.Хишигзаяа  /СТА/
Найруулагч: Б.Хишигзаяа /СТА/
Зураач Л.Цэрэндулам
Хөгжмийн зохиолч: Б.Цацрал /СТА/
Бүжиг дэглээч, хөдөлгөөний найруулагч: Г.Ган-Очир /СТА/
Хөгжмийн найруулагч: Я.Батсайхан /СТА/
Жүжиг чимэглэлийн эрхлэгч Н.Батбилэг /СТА/
Туслах найруулагч: Э.Идэрболд /СТА/

ДҮРҮҮДЭД:

Царцаа Намжил – Б.Золжаргал
Номын багш – С.Болд-Эрдэнэ /СТА/, Ц.Цэрэнболд /СТА/
Банди нар – О.Итгэл, Р.Адъяабаатар, Т.Сэргэлэн, Г.Очирбат
Хэрээ – Б.Одончимэг /СТА/
Тогос – Ц.Аззаяа
Сүүлгүй хулгана – Б.Шинэбаяр
Хулгана – Б.Жаргалсайхан, Д.Асардарь
Муур – Э.Тодгэрэл /СТА/
Тэмээ – Ц.Төгсбилэгт
Буга – Г.Алтангэрэл
Согоо – Г.Номуун
Эрлэг номун хаан – П.Цэрэндагва /АЖ/, Ж.Пүрэвдорж //СТА/
Хатан – Ж.Оюундарь /МУГЖ/
Түшмэл – А.Чингүн, Г.Ганбат
Эмгэн шивэгчин – Б.Золзаяа тус тус тоглоно.
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж