“Хэрвээ би гэртээ байсан бол…”

Хуучирсан мэдээ: 2017.02.03-нд нийтлэгдсэн

“Хэрвээ би гэртээ байсан бол…”

Монгол Улсын Гавьяат жүжигчин, поп хатагтай Б.Сарантуяа энэ хоёрдугаар сарын 10-нд “Corporate convention center”-т “Аргагүй амраг” тоглолтоо 20 жилийн дараа дахин тайзнаа тавих гэж байна. Тэрбээр фенүүддээ зориулан өнгөрсөн аравдугаар сард “30 жил урлагт”ойн баярын тоглолтоороо бэлэг барьсан билээ. Ингээд Соёлын төв өргөөнд байрлах түүний албаны өрөөнд уран бүтээлийн тоглолтынх нь талаар яриа өрнүүлснээ хүргэж байна.


-Дуучин Сараа өнгөрсөн аравдугаар сард “30 жил урлагт” тоглолтоороо фенүүддээ бэлэг барьсан. Зарим хүмүүс 30 жилийн тоглолтоо хийгээд л тайзнаасаа хөндийрөх юм шиг бодож байлаа. Гэтэл энэ удаа 20 жилийн дараах “Аргагүй амраг” тоглолтоо дахин хийх гэж байна. Энэ удаагийн “Аргагүй амраг” тоглолт фенүүдэд тань гэнэтийн бэлэг болсон болов уу?

-Миний урлагт зүтгэсэн 30 жилийн талархлын баярын тоглолтыг “On&Off продакшн” маань зохион байгуулж, урлагийнхан маань тэр аяараа л оролцож, дэмжсэн. Мөн зах зээлийн хямралтай энэ үед “Сод Монгол” болон “МСМ” групп, “Corporate convention center”, “Хөх монгол принтинг” компанийн хамт олон дэмжиж гар нийлж ажилласан. Хэрвээ 30 жилийн ойн тоглолт маань сэтгэл дундуур болсон бол дахин тайз руугаа тэмүүлэх хүслийг минь хугаслах байсан байх. Гэхдээ энэ талархлын тоглолт маш амжилттай болж, намайг улам өргөж өгсөн. Яагаад ч юм надад 30 жилийн баярын тоглолтынхоо дараа дахин тоглолт хиймээр санагдсан. Тэгээд л “Ямааны мах халуун дээр” гэгчээр “On&Off продакшн ”-ын захирал С.Ононбаттайгаа ярилцлаа. Хамгийн сүүлд С.Ононбат маань Соёлын төв өргөөнд болсон 2006 оны миний төрсөн өдрийн тоглолтыг найруулсан юм. Тэрнээс хойш бидний уран бүтээлийн ажил тасраад байсан. Тэгээд л “On&Off продакшн”-ын ойн тоглолтоор дахин ойртон дотноссон. Би энэ олон жилийн хугацаанд ямар олон тоглолт хийх боломжийг алдав даа гэж дотроо их л харамсаж байлаа.

-Таны 1996 онд хийсэн “Аргагүй амраг” тоглолтыг “On&Off продакшн” зохион байгуулсан. Энэ удаа ч гэсэн тус продакшны уран бүтээлчид ажиллах юм байна. Тэгэхээр 1996 оны “Аргагүй амраг” тоглолтын уур амьсгалыг мэдрүүлнэ гэсэн үг үү?

-Би С.Ононбатад цагаан сарын өмнө “Аргагүй амраг” тоглолтоо дахин хийх санал тавьсан. Учир нь С.Ононбат маань 1996 онд өөрөө энэ тоглолтыг найруулж байсан учраас надад их ойр санагдсан. Тэгээд л миний саналыг С.Ононбат дэмжиж, яг тэр үеийн “Аргагүй амраг” тоглолтыг санагдуулам уур амьсгалыг мэдрүүлэхээр ажиллана гэсэн. Тэр үед амьд хөгжим гэж байсангүй. Дан фонаграмаар бичлэг тавьж дуулдаг байлаа. Энэ удаагийн “Аргагүй амраг” тоглолтын хөгжмийг яг тэр үеийн найруулгаар манай “Рэндом” хамтлагийн хөгжимчид тоглоно.

-Тэгвэл “Аргагүй амраг” тоглолтод ямар дуунууд эгшиглэх бол. Хүмүүс дан ардын дуунуудыг дуулна гэж бодож байх шиг байна?

-Хүмүүс миний 1996 оны “Аргагүй амраг” цомгийг мэднэ. Зарим нь сайн санахгүй байгаа байх. Анх энэ цомгийн нэрээр нэрлэгдсэн тоглолтыг маань “Ардын эрх” сонин ивээн тэтгэж, “UBS” телевиз бичиж байлаа. Тухайн үед Соёлын төв өргөөнд хоёр өдөр тоглож байсан юм.

Хүмүүс энэ цомгийг маань тэр чигээрээ ардын дуунаас бүрдсэн гэж боддог. Үгүй шүү дээ. Энэ цомогт алдарт “Хайрын бурхан”, “Чи хэн юм бэ”, “Сэхүүн салхи” гэх мэт хит дуунуудаас гадна хөгжмийн зохиолч Д.Лувсаншарав гуайн “Би чамд хайртай”, “Нүгэл буян” киноны дуу, алдарт “Гоолингоо”, “Аргагүй амраг”, “Чи алзахгүй” зэрэг дуунаас бүрдсэн байдаг. Энэ удаагийн тоглолтод “Рэндом” хамтлаг болон “Олонх” хамтлагийн хөгжимчид оролцож, уран бүтээлээ эгшиглүүлэх болно. Мөн миний “Миний ээж тэмээчин”, “Ихэр саран” дуу болон Морин хуурын чуулгын ятгын дөрвөл, монгол туургатны томоохон төлөөлөгч урилгаар хүрэлцэн ирнэ. Бас цоо шинэ уран бүтээлээс хэлбэл залуу дуучин Чойжоотой хамтран дуулсан “Хаврын ганц улиас” дуу болон “Аавдаа” хэмээх шинэ дуугаа дуулна. Ер нь л 30 жилийн ойн баярын концертод дуулагдаагүй дуунууд дуулах болно.

-“Аргагүй амраг” тоглолтын бэлтгэл эхэлчихсэн үү. Тоглолтоо Соёлын төв өргөөндөө хийхгүй байсан юм уу?

-Тоглолтын бэлтгэл ажил эхэлчихсэн байна. Өнөөдөр гэхэд л хувцасны загвараа өмсч үзлээ. Ер нь “Аргагүй амраг” тоглолтыг дунд насны валентины баярын тоглолт гэж ойлгож болно. Хүмүүс тоглолтын билетээ одооноос захиалаад эхэлчихсэн, гоё суудлуудаа захиалаад авчихсан байна лээ. Тоглолтын маань тасалбар 50-70 мянган төгрөгийн үнэтэй. Энэ удаагийн тоглолтоо Соёлын төв өргөөндөө хийх гэсэн боловч ашиг сонирхлын зөрчил гарч магадгүй гэдэг үүднээс больсон. Би өнгөрсөн жил төрсөн өдрийн тоглолтоо Соёлын төв өргөөндөө хийсэн. Би энэ жил төрсөн өдрийн тоглолтоо хийхгүй. Учир нь саяхан 30 жилийн ойн тоглолтоо хийчихсэн шүү дээ. Миний хувьд хэтэрхий ойрхон олны анхаарлыг төвлөрүүлээд байгаа мэт санагдсан учраас энэ жил завсарлахаар шийдсэн.

-Одоогоос 20 жилийн өмнөх 1996 оны “Аргагүй амраг” тоглолтоо эргэн дурсвал?

-Тухайн үедээ бараг шинэвтэр бөмбөгөр цагаан бензийг есөн мянган ам.доллараар худалдан авч байлаа. Машиныхаа голд суусан хүнийг дайлахаар “Наран” трейдэд худалдаалдаг гааг нээх том саванд хийчихсэн.

Мөн би 1996 онд “Аргагүй амраг” цомгоо хийх гэж анх удаа Сингапураас 35 мянган ам.долларын зээл авч байлаа. Тэр зээлээ хоёр жил гаруй хугацаанд төлж байсан юм. Энэ цомгийг гаргахад Пүүжээ ахын маань хамаатан Эрдэнэчимэг гэдэг бизнес эрхэлдэг бүсгүй их тусалж байсан. Ер нь л уг цомгийг бичүүлэхэд их хөлс хөдөлмөр, хүчээ зарцуулж байсан шүү. Тэр үед бас хөгжмийн хайрцагтай болж, нэг утастай микрофонтой болж байсан санагдана. Тэрнээс хойш олон дуучид өөрийн дууны инженертэй болж өөрийн гэсэн микрофонтой болсон. Би ликсикон гээд л хоолойны эффекттэй. Тэр эффектээр “Аргагүй амраг” тоглолтдоо оруулах гээд худалдан авч, Сингапураас хоёр мэргэжилтэн урьж авч ирж байсан. Мөн “Аргагүй амраг” тоглолтын бүжгийг “Хос хунгийн дууль” дууны клипэнд тоглосон Өнөрбат гэдэг бүжигчин залуу дэглэж байлаа. Одоо 20 жилийн дараах тоглолтын бүжгийг Бүх цэргийн ансамблийн найруулагч Л.Баттөр дэглэж байгаа.

-Хамгийн сүүлд Америк улсад фен клубын уулзалт зохион байгуулсан гэж дуулсан. Алс холын Америкт фенүүдтэйгээ хэрхэн уулзав. Сонин сайхнаасаа хуваалцаач?

-Би энэ жил Америкийн баруун эргээр амрахаар төлөвлөчихсөн байсан. Тэгээд Сан-Франциско, Лос-Анжелес хотуудаар очих гээд байж байтал тэнд амьдардаг миний фенүүдээс уулзалт зохион байгуулах хүсэлт тавьсан. Тэгээд л 100 гаруй монголчууд цугларч уулзалт хийсэн. Энэ уулзалтын үеэр нэг сайхан мэдээ дуулсан.

-Юу билээ?

-Би 1998 онд төрсөн өдрөөрөө Германд байж таарсан юм. Тэгэхэд миний амьдарч байсан зургадугаар бичил хорооллын байрны хоёр давхарын тагтны төмрөөс сарнай цэцэг өлгөсөн байна гэсэн сенсааци гарч байлаа. Би тухайн үед итгэхгүй гэртээ ирсэн чинь үнэхээр нэг хатсан сарнай байрны тагтанд өлгөөтэй байсан. Хэрвээ би төрсөн өдрөөрөө гэртээ байсан бол надад бэлэглэх байж л дээ. Тэгтэл би Монголд байгаагүй. Хамгийн гол нь яг тэр цэцгийн өлгөж байх үеэр харж зогссон зургадугаар ангийн охин сайхан бүсгүй болчихсон Америк дахь уулзалтын үеэр ирж, “Ах нар нэг давхрын айлд үнэн учраа хэлж гуйгаад, тагтнаас нь дээшээ авирч цэцгээ өлгөсөн” тухай хэлсэн. Би тэр цэцгийн ямар хүн өлгөсөн бол гэж их боддог. Гэтэл олон жилийн тэр тааврыг маань нээж өгсөнд баярлана биз дээ.Тэгэхээр би тэр уулзалтыг хийх учиртай байжээ гэж бодож суулаа. Он удаан жил фенүүдээрээ хайрлуулж, уран бүтээлээ тэтгүүлж явсны хувьд “Та нартаа баярлалаа” гэж хэлмээр байна.

-Та Америкт албан ёсны тоглолт зохион байгуулахаар төлөвлөж байгаа гэсэн үү?

-Би Америкт 2012 оноос хойш аялан тоглолт хийгээгүй юм билээ. Тэгээд энэ жил албан ёсны аялан тоглолтоо зургаан хотоор хийхээр төлөвлөж байгаа. Би тоглолтуудаа аль болох монголчуудынхаа амралтын өдрүүдэд тааруулахаар хичээнэ. Тэгэхээр ойролцоогоор гурван долоо хоног Америкт аялан тоглолт хийх байх. Энэ жил монголдоо төрсөн өдрийн тоглолт хийхгүй учраас тэнд л аялан тоглолт хийж таарах байх. Бас Европын очоогүй орнууд болох Чех, Ирланд, Унгар, Голланд гадна ОХУ улсад тоглолт хийнэ гэж бодож байна. 

-Дуучин Сараагийн амьдралын тухай өгүүлэх ном хэзээ бэлэн болох вэ. Фенүүд нь номыг нь тэсэн ядан хүлээж байгаа байх?

-Миний амьдралын номыг олон жил найзалсан яруу найрагч, сэтгүүлч Р.Эмүжин маань бичиж дуусгаж байгаа. Бараг цагаан сарын дараагаас нээлтээ хийх байх. Дашрамд хэлэхэд миний тайзнаа “амьдарсан” он жилүүдийн тухай өгүүлэх номын хэвлэлтийг “Хөх монгол принтинг” компанийн хамт олон бүрэн ивээн тэтгэж байгаад талархаж байгаагаа хэлье.

А.СҮРЭН

ГЭРЭЛ ЗУРГИЙГ Ц.АРИУНБОЛД

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж