Хуучирсан мэдээ: 2017.02.03-нд нийтлэгдсэн

Техасын Ти-Рекс

АНУ-ын 69 дэх Төрийн нарийн бичгийн дарга өчигдөр үүрэгт ажилдаа орлоо. Ерөнхийлөгч Дональд Трампын санал болгосон Рекс Тиллерсоныг Сенатын гишүүдийн 56 нь дэмжиж, 43 нь эсэргүүцжээ. Рекс Тиллерсон нь 2016 оныг дуустал газрын тос, байгалийн хийн ExxonMobil корпорацийн тэргүүнээр ажиллаж байсан хүн юм.

АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга гэдэг бол дэлхийн тэргүүлэх гүрний гадаад бодлогыг атгана гэсэн үг. Ийм албан тушаалд гадаад бодлого, дипломат албаны ямар ч туршлагагүй, цэвэр бизнесийн хүнийг санал болгосныг олон хүн эсэргүүцсэн. Гэсэн ч Ерөнхийлөгч Дональд Трамп байр сууриасаа ухарсангүй. Тиллерсоны бизнесийн арвин туршлага, геополитикийн өргөн мэдлэгийг үнэлж байгаагаа Трамп санал болгохдоо онцлон тэмдэглэсэн.

Тиллерсоныг энэ албан тушаалд томилох нь эрх ашгийн зөрчил дагуулна гэдгийг америкийн хэвлэлүүд бичсээр байна. Тиллерсон оросуудтай бизнесийн нэлээн холбоотой. 1990-ээд онд Тиллерсон Exxon корпорацийн ОХУ-ын Сахалин дэх төслийг удирдаж байсан бөгөөд тухайн үедээ одоогийн Ерөнхийлөгч Владимир Путинтэй ажил хэргийн холбоотой байжээ. Мөн 2011 Exxon оросын “Роснефть" компанитай Арктик болон Сибирьт газрын том олборлох гэрээг үзэглэж байсан. ОХУ-ын төрөөс гадаадын иргэдэд олгодог ”Дружба” /”Найрамдал”/ одонгоо Владимир Путинээс гардаж байсан эрхэм.

Украин болон Крымын хэрэг явдлын улмаас ОХУ-д хориг тавигдах хүртэл Exxon оросуудтай нягт хамтын ажиллагаатай байж, хэд хэдэн төсөл хэрэгжүүлж байсан. Энэ хоригийн улмаас Exxon Mobil багагүй алдагдал хүлээгээд байгаа. Тиймээс ч Exxon Mobil нэг бус удаа ОХУ-ын эсрэг авсан хоригийг сулруулах, болж өгвөл бүүр цуцлах ёстой гэсэн байр суурийг илэрхийлж байсан.

Тиллерсон оросуудтай онцгой харилцаатай

Рекс Тиллерсон бол АНУ-ын бизнесийн нэг гол фигур. АНУ-ын нефть, байгалийн хийн том компанийн нэг ExxonMobil-ийг толгойлж байсан тэрбээр төрийн албанд нэг өдөр ч ажиллаж байгаагүй.

ExxonMobil-д 1980-ад оны дунд үеэс байгалийн хийн бизнесийн хөгжүүлэлтийн албанд ажиллаж эхэлсэн бөгөөд 2006 онд Захирлуудын зөвлөлийн дарга, CEO-гоор сонгогдсон. 2011 онд ExxonMobil компани Иракийн Курдистанд нефть олборлох гэрээ байгуулсан нь хууль зөрчсөн хэрэг байсан юм. АНУ-аас түүхий нефть экспортлохыг хориглосон хуулийг хүчингүй болгуулах, шатдаг хийн экспортын хязгаарлалтыг цуцлуулахын төлөө уйгагүй хөөцөлдөж санасандаа хүрсэн нэгэн. 2011 онд ОХУ-ын "Роснефть"-тэй хамтран Арктикт нефть, байгалийн хий олборлох гэрээ байгуулсан. Хэдий хориг тавигдсан ч хоёр тал гэрээ үргэлжилсээр байгаа гэдэг. 2013 онд Санкт Петербургт болсон Эдийн засгийн форумын үеэр хоёр улсын түлш-эрчим хүчний салбарын хамтын ажиллагаанд онцгой хувь нэмэр оруулсныг үнэлэн “Дружба” одонгоор шагнуулжээ.

Тиллерсоны үед Exxon амжилттай ажиллаж, 2014 оны цэвэр ашиг нь 34 тэрбум ам.долларт хүрч татварт 80 тэрбум ам.доллар төлж байжээ.

Тиллерсон бизнесийн чиглэлээр оросуудаас гадна Ойрхи Дорнодын орнуудтай хамтран ажиллаж байсан нь хэрэг болно гэж үзэж байна. ОХУ болон Ойрхи Дорнод бол АНУ-ын гадаад харилцааны эмзэг цэг яахын аргагүй мөн.

Гүн сүсэг бишрэлтэй нэгэн

Тиллерсон 1952 оны гуравдугаар сарын 23-нд Техасын Уичито-Фолс-т төрсөн. Техасын Остин дэх Их сургуульд инженер мэргэжлээр суралцсан.

“Техасын Ти-Рекс” гэсэн хочтой. Гүн шүтлэгтэй, христийн протестант урсгалыг шүтдэг. Ажил хэргийн бүх уулзалтаа залбирлаар эхэлдэг хэмээн түүний тухай Wikipedia-д бичжээ. Унших дуртай ном нь Эйн Рэндийн “Атлантын нуруу тэнийв” зохиол.

А.ТУЛГА

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж