Монгол Улсад Үндэсний кино урлаг үүсч хөгжсөний түүхт 80 жилийн ойн ёслолын үеэр хурсан олон төдийгүй ахмад уран бүтээлчдийг “Богд хааны жинхэнэ хувцсыг мүзейгээс нь аваад өмсчхөж” гэж дуу алдуулахад хүргэсэн эзэд нь үндэсний хувцасны “Уран гоёл” урлангийнхан байсан гэдэг.
Кино үйлдвэрийнхэн ойгоороо хуучны кинонд мөнхөрсөн түүхэн дүрүүдийн хувцас хэрэглэлийг шинээр хийлгэхээр болжээ. Ур ухаан шаардсан энэ чимхлүүр ажлыг тус урлангийн хамт олон гүйцэтгэсэн аж. Энэ талаар нь асуухад “Хөлс, мөнгө гэхээсээ илүүтэй их урлагт өөрийн гэсэн хувь нэмрээ оруулж байна гэдэг сэтгэлээр хандсан. Хуучны хувцсыг сэргээхийн тулд их судалгаа хийж, одоо үйлдвэрлэхээ больсон торго, хоргойг хүртэл Хятад руу явж авчирч байлаа” гэж “Уран гоёл урлан”-гийн захирал Ш.Должинсүрэн даруухан хариулав.
Монгол кинонуудад хэрэглэж ирсэн хаад, ноёд, хатад, лам хувраг, цэргийн зэрэг хуучны хувцаснуудыг эдний салон яг хуучин хэлбэр загвараар нь шинээр урлажээ. “Монголчууд маань үндэсний хувцсаараа гангарах болсон өнөө цагт цөөн тооны хүмүүст үнэтэй борлуулах бус, илүү олон хүнийг өөрийн сэтгэл шингэсэн, хямд үнэтэй ч хэний ч өмнө нүүр улайхааргүй хийц, донжтой сэтгэл шингээсэн хувцсаар хангах нь манай хамт олны баримталдаг зарчим” гэж тэрээр хэллээ. “Уран гоёл” салоны хамт олон өнөөдрөөс “Шангрилла”-д өөрсдийн сэтгэл, оюун шингэсэн гоёлоороо үзэсгэлэнд оролцох гэж байна.
"УРАН ГОЁЛ УРЛАН”-ГИЙН ЗАХИРАЛ Ш.ДОЛЖИНСҮРЭНТЭЙ
МОНГОЛ ХУВЦАС, ГОЁЛЫН ТАЛААР ЯРИЛЦЛАА
-Монгол хувцас урладаг хүмүүс голдуу ээжээсээ энэ эрдмийг өвлөн авсан байх нь олон. Та ч тийм л жишгээр эхэлсэн үү?
-Тийм ээ. Ээж маань дээл, хувцаснаас эхлээд бүхий л зүйлийг оёдог байсан болохоор багаасаа л оёж, шидэж сурсан. Надад монгол дээл, гутал, малгай оёхоос эхлээд ул ширэх, арьс элдэх, цагаан идээ хийх гээд зааж өгөөгүй юм байхгүй. Юм амархан сурдаг хүүхэд байсан юм уу даа. Тэр нь манай нэг бүл ахад таалагдсан юм болов уу даа, нэг удаа “Цаг хэцүү боллоо. Үүнээс хойш эмэгтэй хүн мал муулах хэрэг ч гарч магадгүй…” гээд гэрийн хаяанд намайг хажуудаа суулгачихаад хонь муулахыг заагаад сууж байсан чинь ээж маань хараад “Ямар муу ёртой амьтад вэ. Хэчнээн цаг хэцүүдлээ ч эмэгтэй хүн мал муулна гэж байх уу” гээд загнаж гарсан. Харин ах “Энэ маань сурчихна аа” гэж хэлээд нэмээд уурлуулж билээ.
-Та анх хэрхэн дээл оёж үзсэн бэ?
-Бэргэн эгч маань тухайн үед аймгийн ахуйн үйлчилгээний газарт эсгүүрчин байсан. Хүүхдийн дээл гэхэд л хэдэн зуугаар нь эсгэнэ. Би арван хэдтэй охин. Өдөржин эгчдээ тусалсаар байгаад дээл эсгээд сурчихсан. Хамгийн анх дээл оёхдоо хүнээр заалгаагүй. Хүмүүсийн хийж байгааг нь хараад л явдаг байлаа. Аравдугаар ангид ордог жилээ зээ дүүдээ дээл оёх болов оо. Тэгээд шөнийг хүлээгээд суучихсан.
-Яагаад?
-Хүмүүс унтахыг хүлээж байгаа юм. Шөнө боллоо. Галаа түлж аваад суучихсан. Тэгээд оёж гарсан. Би дээл оёхыг хараад байснаас захыг нь яаж залгадгийг ердөө анзаарч байгаагүй юм билээ. Үүр ч цайлаа. Дээлээ ч дуусгалаа. Гэтэл захыг нь хэрхэн залгахаа мэдэхгүй хөглөж байлаа.
-Оюутан болоод оёдол үйлээ орхив уу, үргэлжлүүлэв үү?
-Оюутан байхад өглөө нь хичээлдээ явна. Өдөр нь ажил хийнэ. Орой хичээлээ хийчихээд л юмаа оёно. Харин сургуулиа төгсөөд ажил дээр гараад юм оёхоо байсан. Ээж маань их юм зааж өгсөн дөө. Долдугаар ангид байсан шиг санагдаж байна. Нэг удаа ээжийн бие өвдөөд хот явахаар болсон. Гэтэл гэрийн бүрээс оёх хүн байдаггүй. Тухайн үед брезент метрээр нь зардаггүй байсан ч олоод оёсон. Ээжийн бие өвдөөд мөнгө олох хэрэг гарсан юм. Манай эгч нар эрэгтэй голдуу олон хүүхэдтэй. Жинсэн өмд их өмсөнө. Тэгэхээр нь өмсөхөө больсон өмнүүдийг нь цуглуулаад, гадна талаар шинэ даавуу авч өнгөлөөд, хуучин жинс, даавуугаар доторлоод ажлын бээлий хийнэ. Шуудай, шуудайгаар нь оёно шүү дээ. Түүнийг ах маань худалдаж авдаг байсан. Энэ бүхнээс харвал оёдолд их ойрхон өссөн. Юм юмыг сурчих гэсэн л хүсэлтэйдээ тэгж явсан байх.
Барилгын компанитай олон жил явсан. Хоёр жилийн өмнө “Уран гоёл” салоноо нээсэн. Хувцас оёж, бусдыг хувцаслана гэдэг хамгийн их буянтай ажил гэж би боддог. Бидний оёсон дээл, хувцас хүнд таалагдаад, баярлаж байхыг нь харах шиг сайхан зүйл байхгүй.
-Сүүлийн үед дээлний захны талаар их ярих боллоо. Манж захтай, хүннү захтай гээд л. Монгол хувцасны онцлог ер нь юу юм бэ?
-Монгол хувцас эздийнхээ сэтгэлгээтэй нь адилхан чөлөөтэй. Бид чинь их чөлөөтэй сэтгэдэг улс. Монголчууд дэлхийн загварын ертөнцөд хамгийн их амжилт гаргах хүмүүс гэдэгт би итгэдэг. Өөрсдөө их чөлөөтэй сэтгэдэг, өмссөн хувцас нь түүнийгээ дагаад хөдөлгөөн хаахгүй чөлөөтэй байдаг. Монголчуудын хувцас хэзээ ч бариу байсангүй. Өмсч байсан дээл, шалбуур өмд, цамцыг нь хар л даа. Биеэ барьсан хувцас байна уу, байхгүй. Тэгсэн хэр нь 1990-ээд оноос өмнө манайхан нийтээрээ тарган байгаагүй. Туранхай гоолиг хэр нь уужим хувцас өмсдөг байж. Дэлгэсэн тэрлэг шиг нутагтайдаа ч бас биш юм. Монгол дээл нөмөрвөл хөнжил, дэлгэвэл гудас, эвхээд дэр болохоос эхлээд нүүдэлчин ахуйд бүхий л талаар зохицдог. Тэгсэн хэр нь өмсөхөд эвтэйхэн. Хүүхдүүдийн дээл гэхэд л зах нь уужуу учраас хүзүүг нь холгохгүй. Хүмүүс янз бүрээр л хэлдэг. Зах нь уужуу, манж зах гээд л. Миний хувьд монгол дээлийг өмсөхөд эр хүний хүзүүг сайхан өндөр, чээжийг тэвхгэр, хажуу энгэр нь том чээжтэй харагдуулдаг. Мөртэй эхнэр дээл гэхэд л эмэгтэй хүнийг цэгцтэй харагдуулдаг. Тийм мөртэй дээл өмсчихсөн хүн мөрөө хавчиж явахгүй шүү дээ.
-Холливудийн киног харж байхад монгол хувцасны загвар харагдаад байдаг. “Оддын дайн”-аас эхлээд дундад зууны харваачийн хувцсыг гэхэд монгол хувцаснаас л санаа авсан харагддаг. Тэд муу юмыг бол авахгүй дээ…
-Тийм шүү. Нөгөөтэйгүүр, монголчуудын их байлдан дагууллын үед дэлхийн бусад улс оронд монгол хувцасны загвар их тархсанаас дэлхий даяараа мэддэг болсон байх л даа. Би тэгж боддог. “Монгол костюмс”-ийн захирал Б.Сувдаа эгч “Монгол хувцсаа монголоор нь л өмсөөч ээ” гэж фейсбүүкт бичсэн байсан. Үнэн л дээ. Европ хэв маяг руу оруулах гэж заавал будилуулаад яах юм бэ. Монгол хувцас өөрийн гэсэн захтай, малгайтай, гуталтай, бүстэй байж гэмээ нь бүтэн болдог. Сайхан харагддаг.
Ажиглаад байхад дээхэн үед хийж байсан солонгос кинонд монгол баатар шиг хөө, дуулга өмсөж байгаагүй. Гэтэл сүүлийн үед бүгдээрээ л хуяг, дуулгатай болчихсон байгаа юм. Тэрийг нь харахаар ерөөсөө л монгол хувцас харагдаад байх жишээтэй. Уг нь тэдний үндэсний хувцас чинь өөр шүү дээ. Тэгээд ч халуун дулаан газар тэр их үс ноос, арьс шир болсон хувцсыг өмсөх үү? Японы түүхэн киноны хувцас ч ялгаагүй монгол хэв маяг орчихсон байна билээ.
-Нэг үеэ бодвол монгол дээл, хувцсаа их өмсдөг, гоёдог болж. Сайхан хэрэг. Гэхдээ бас дээлийн өнгөнөөс эхлээд өөрчлөгдөөд, шинэчлэгдээд байх шиг. Нэг хэсэг ноён шиг л сүртэй дээл, малгайтай явдаг байснаа одоо энгийн даруухныг сонгох жишээтэй. Танд юу анзаарагдаж байна?
-Монгол хүн байна даа, монгол дээлээ өмсье гэж боддог болжээ. Нас намба суугаад өмсөөд байна уу гэвэл үгүй. Залуучууд орж ирээд захиалга их өгч байна. Сайхан шүү дээ. Өвөг дээдэс маань бүтээсэн, өв их соёл биднээр дамжиж, бидний үр хүүхдүүдэд уламжлагдана гэдэг сайхан. Хараад байхад ээжийнх нь оёсон дээлийг санагдуулам энгийн дээлэнд хүмүүс дуртай байх шиг. Бид өнгөрсөн жил үйлдвэрийн аргаар боловсруулсан хурган дотортой дээл хийхэд хүмүүс маш их сонирхон авч байсан. Нэг настай хүн ирээд “Намайг залуу байхад гэр бүл болоод тусдаа гарахад аав, ээжийн минь өгч буй хамгийн үнэтэй бэлэг хурган дээл байж дээ” гэж ярьж байсан. Хүүгээ, охиноо тусдаа гарахаар нь хурган дотортой дээл хийж өгдөг байж л дээ. Миний ээж ч гэсэн “Хүүдээ хурган дотортой дээл хийгээд өгчих юмсан” гэж их ярьдаг байсан. Нөхрийг маань хэлээд буй хэрэг л дээ. 81 настайдаа өөрийн гараар оёж хийж өгсөн. Тэр нь ээжийн өгсөн хамгийн үнэт өв байж. Тиймээс л монголчууд ээжийн минь хийж өгсөн дээл гээд авдартаа хадгалдаг байна аа даа. Саяхныг хүртэл хотын бид чинь авдаргүй болчихсон байлаа шүү дээ. Одоо эргээд авдартай болчих юмсан гэдэг болжээ. Авдартай болчихсон нэг нь хурган дээл хийлгээд авдартаа юмсан гээд өв уламжлалаа сэргээж байна. Моод эргэдэг гэдэг. Монгол дээл дэлхийн загварын чиг хандлагад их нөлөөлж байна.
-Энэ жилийн цагаан сарын дээлний өнгө ямар байх вэ?
-Булганы үс хавчуулсан гоёлууд их орж ирж байна. Дээр нь эртний олдворын дээлний загвараар хийлгэх захиалга их өгч байна. Хатгамалтай загварууд ч захиалж байна. Манайх энэ жил зүү ороож чимэглэсэн дээл хийж байна. Хүмүүст таалагдаж байгаа бололтой, их захиалж байна. Энэ бүхэн чинь загварууд хүндэрч, илүү чамин нарийн болж байна гэсэн үг л дээ.
-Хуучин цагт торго, хоргойгоор л гоёдог байсан. Одоо тэгвэл их өөрчлөгдөж байгаа юм байна даа…
-Тийм ээ. Манайх энэ жил торгон даавуу, ноолуран даавуугаар голдуу хийж байна. Дээр үед бол хүн болгон торго, үйтэн хуар өмсөөд байдаггүй байсан. Цаг сайхан болоод хүмүүс их өмсдөг болсон байна. Гэхдээ торгон дээлний эдэлгээ ямар билээ гэдгийг бодох л ёстой юм. Даавуу бол хэт гялтгар харагдахгүй, тэгсэн хэр нь өмсөхөд зохимж нь ч илүү шүү дээ.
-Бэл бэлчингээ торго, дурдангаар илэрхийлдэг байснаа больжээ дээ?
-Улс төрийнхнийн хувьд хаад ноёд шиг ганган хээнцэр харагдах гэдгээ болиод нийгэмд энгийн даруухнаар харагдах үүднээс имижээ бүрдүүлдэг болсон байна. Гэхдээ энгийн монгол дээлийг таваар эмждэг болсон. Хуучин гурваар эмждэг байлаа шүү дээ.
-Монгол дээлний онцлог нь нэг хүнд л зориулж тэр хүний хэмжээс, өнгөөр хийдэг онцлогтой. Брэнд ярьдаг болсон энэ цагт дахин давтагдахгүй жинхэнэ брэнд ч юм шиг. Тиймээс ч өөрсдийн гэсэн оёдолчинтой болоод байна уу?
-Монгол хувцас нийтийн хэрэгцээнд гээд бөөнөөр нь үйлдвэрлэдэг эд биш шүү дээ. Миний хувьд хүний хувцсыг оёхдоо биед нь яг тааруулж хийж өгөхийг чухалчилдаг. Монгол дээл Цагаан сар, наадмаар гангарахаас илүүтэйгээр хөдөө, гадаа явахад илүү тохиромжтой санагддаг. Одоо монголчууд маань нутаг орныхоо үзэсгэлэнт байгалиар их зугаалж аялдаг болсон шүү дээ. Өглөө, оройн сэрүүнд дээлийнхээ энгэрт хүүхдээ ороочихсон дулаахан, тухтай байна гээд төсөөлөөд үзвэл тийм нэг сайхан таатай мэдрэмж эрхгүй төрж байгаа биз?
-Дээлний загварыг хараад байхад хуучны хэв маяг руу их орж байх шиг. Жишээлбэл, булгаар хормой, ханцуйгаа эмжүүлж байна. Булгаар эмжсэн дээлийн хормойд өвс наалддагггүй гэдэг байх аа?
-Гоёлоосоо гадна маш их бодож, амьдралаас урган гарсан туршлагад суурилж, шалгарсан зүйлийг л ахуй амьдралдаа өргөн ашигладаг байж л дээ. Хуучны хөгшид халиу, булган нударгатай дээл их өмсдөг байсан. Булга хээл хаядаггүй амьтан гэдэг утгаар нь жирэмсэн, дутуу төрөх гээд байгаа хүний хувцсанд булганы сүүл хадаж өгөөд байдаг шүү дээ.
Монголд одоо л дээлний эрин үе эхэлж байна гэж би боддог. Үндэсний хувцсаар дагнасан загварын салонууд маш олон гарч ирж байна. Гэхдээ зарим нь хэтэрхий үнэтэй байна. Тэр нь “цор ганц” гэдэг шалгуур тавьдаг хүмүүст болдог байх л даа. Миний хувьд үнэтэй байлгахаас илүүтэй аль болох миний хийсэн хувцсыг олон хүн өмсөөсэй, аль болох олон хүн худалдан авч чадахаар боломжийн үнэтэй байгаасай гэж хүсдэг. Илүү үнэтэй байгаа дээл, өмдний оёдол, хийцэд нь манайхаас илүү нарийн зүйл байна уу гээд харахаар огт байхгүй байх жишээтэй.
-Дээлний чимэглэл, бүсийг зүү ороож хийж байгаа гэсэн. Зүү ороосон хөөрөгний дайлан гэхэд л их үнэтэй байдаг. Аргагүй их цаг, хөдөлмөр зарцуулж хийдэг болохоор тэр байх л даа. Танай зүү ороосон дээл ямаршуухан үнэтэй байдаг бол гэж уншигчид маань сонирхож байгаа болов уу?
-Жишээлбэл, таван эмжээртэй, торгон даавуугаар хийсэн эрэгтэй дээл гээд бодоод үзье. Түүний үнийг нь өсгөхгүйн тулд бүсэн дээр нь л монгол хээг зүү ороож байгаа. Хатгамал орсон эрэгтэй дээлийг бид 350 мянган төгрөгөөр л гаргаж байна. Цэн цэнгийн алтан нуухтай, үнэт чулуутай хөөрөгтэй хүмүүсийн дайланд нь ч хүрэхгүй мөнгө шүү дээ. Гэхдээ хэнд ч гологдохооргүй оёдог шүү. Гол нь мөнгө бодож хийдэггүй. Хэтэрхий үнэтэй байна гэдэг сэтгэл биш, мөнгө шингээсэн юм шиг санагдаад байдаг. Мэдээж нэг дээлийг хийхэд зураач, дизайнер ажиллаж байна. Дахиад эсгүүрчин, оёдлын технологич, оёдолчин байна. Энэ бүхний дараа гар оёдол хийнэ. Ийм олон дамжлагаар хийж байгаа учраас тодорхой хэмжээний өртөг шингэх ёстой. Өөрийн чинь дээлийг оёно гэж бодъё. Биеийн хэмжээ, санааг чинь аваад дизайнер ажиллана. Материал сонгоно. Загвар зургаа гаргаад эсгүүрчинд өгнө. Эсгүүрчин эсгээд оёдлын технологичид өгнө. Технологич оёдолчинд яаж оёхыг нь хэлж өгнө. Тэрний дараа гар оёдлын хүнд өгнө. Ийм олон дамжлагаар явна. Жаахан чимэг дутаад байна. Энд нь ийм хатгамал оруулъя гэвэл бид том, жижгээс нь хамаараад 50-100 мянган төгрөгт л багтаагаад хийгээд өгдөг. Үүнийг үнэтэй гэхгүй болов уу.
-Таны өөрийгөө үнэлэх үнэлэмж бага байна гэж хэлэх хүн олон байх л даа?
-Гэхдээ тийм гоё дээлийг хүн бүхэн л өмсмөөр байгаа шүү дээ. Тийм биз дээ.
-Тийм ээ, өмсмөөр л байна шүү дээ?
-Хүн болгон мөнгөтэй бизнесмен, хөрөнгөлөг хэсэгт зориулж хувцас хийгээд байвал бусад хүмүүст нь хэн хувцас хийх юм бэ? Хүн болгонд гоё хувцас өмсөх хүсэл байдаг. Тэр хүслийг нь биелүүлэхийг л хичээдэг дээ. Манайхаар хүүхдийн баривч их оёулдаг. Би хүүхдийнх нь жин, мяраалаг эсэх, царай зүс, ямар жилтэй гээд бүгдийг нь асууж байгаад өнгө, загвар санал болгодог. Ингээд эцэст нь хонхыг нь хадаад, уяа бүсийг нь тааруулаад өгдөг. Хорвоод ирээд анхныхаа дээлийг өмсөж үзэх гэж байгаа хүн шүү дээ, тэд чинь. Тийм болохоор үнэ хэлж чаддаггүй. Монголчууд нэр өгөөгүй хүүхдэд баривч оёдоггүй. Учир нь нэр өгөөд, нэрийг нь дуудаад, энэ хүн энэ баривчийг өмсөх юм аа гээд учгаа шингээгээд оёвол яг тэр хүний хувцас болж өгөх нь ээ дээ. Энэ бол сэтгэл. Нэр өгөөгүй хүүхдэд баривч хийдэггүй, хэлд ороогүй хүүхдийн дээлэнд сампин хаддаггүй гэдэг монгол ёс, дом учиртай л даа.
…Ийнхүү бид хоёрын яриа өндөрлөв. Монголын үндэсний хувцасны загвар эргэн ирж байгааг тус урлангийн загвар зохион бүтээгч хэлж байсан. Хүмүүс харагдах байдлыг нь чухалчлаад, судлалгүйгээр үндэсний хувцсанд цээрлэдэг хэв маягийг оруулж ирэх тохиолдол олон анзаарагдах болсон аж. Бэлэвсэн эхнэр хүн өмсдөг өөрөөр нь эмжсэн дээлийг гэр бүл болох нь байтугай нөхөрт ч гараагүй охид хонхны баяраараа их өмсдөг болсон талаар анхааруулж байсан. Үндэсний хувцсаа өмсөх нэг хэрэг. Харин үүх, түүх, утга учрыг нь мэдэж байх нь түүнээс ч чухал нь дамжиггүй.