-Хоккейчид Улаанбаатараас Эрхүү орохын тулд 30 сая төгрөг хэмнэх үүднээс “Приус” маркийн гурван машин, тус бүр нэг “Probox”, дунд гарын жип машин хөлөглөн явжээ-
“Приус-30” машин хөлөглөн эх орноосоо мордсон манай хоккейчид бөмбөгтэй хоккейн дэлхийн аварга шалгаруулах тэмцээнээс хүрэл медаль хүртсэн билээ.
Шведийн Троллхаттан хотын “Слаттбергшэллин” цэнгэлдэх хүрээлэнд бөмбөгтэй хоккейн Дэлхийн аварга шалгаруулах тэмцээний “В” ангилал нэгдүгээр сарын 24-29-ний өдрүүдэд болсон. Тэмцээнд Канад, БНХАУ, Чех, Унгар, Япон, Монгол зэрэг арван оролцсон юм. Уг тэмцээнд Канад түрүүлж, Унгар, Монголын баг мөнгө, хүрэл медалийг хүртсэн юм. Ингээд Монголын баг тамирчид Шведийг хэрхэн зорив.
ХОККЕЙЧИД УЛААНБААТАРААС ГАРАХДАА ТОРГУУЛСАН УДААТАЙ
Манай хоккейчид зардлаа хэмнэхийн тулд Улаанбаатараас Эрхүү хот хүртэл машинаар явж тэндээс Швед хүртэл онгоцоор ниссэн. Багт 19 тамирчин болон дасгалжуулагч, албаны хүмүүсийн хамт нийт 24 хүн Шведед очжээ. Гэхдээ тэд Улаанбаатараас Эрхүү орохын тулд 30 сая төгрөг хэмнэх үүднээс “Пруис” маркийн гурван машин, тус бүр нэг “Probox”, дунд гарын жип машин хөлөглөн явжээ. Улаанбаатараас гарсан өдрөө нэг машины жолооч тоглогч замын цагдаад торгуулаад авчээ. Тухайн үед тэд “За бидний барцад арилах шиг боллоо. 11 жил хүлээсэн медаль маань ирэх байгаа гээд” ихэд билигшээжээ.
ПРИУСНЫ БОСС КИНОГ ӨӨРИЙН ЭРХГҮЙ САНАГДУУЛСАН
Улаанбаатараас Эрхүү хүртэл талдаа 1024 км. Энэ замыг тэд саадгүй туулжээ. Мэдээж өвлийн хүйтэн цагт замд машин саатах тохиолдол байсан ч биднийг алтан шар зам ивээлээ хайрласныг багийнхан хэлж байна. Бүтэн гурван өдөр давхин Эрхүүд саадгүй хүрчээ. -42 хэмийн хүйтэн тэдэнд амаргүй байсныг онцолж байв. “Бидэнд ингэж зардлаа хэмнэхээс аргагүй байсан. Талбайд 11 тоглогч, хаалгач гарна. Мөн сэлгээний тамирчид гээд бүхий л боломжоо дайчлан 19 тамирчинтай Шведийг зорьсон. Улаанбаатараас “Приус” унаатай гарахдаа энэ унааны бөхийг сайн мэдлээ. Үнэндээ “Приусны босс” кино шиг л яваад ирлээ. Бидний зорьсон зорилго маань медаль байсан болохоор үнэхээр хэлэх үг олдоогүй дээ. Хүссэн медальтайгаа ирсэн бидний хувьд буцаж ирэхдээ дэндүү их баяртай байлаа” гэж ахлах дасгалжуулагч А.Мэргэн онцолж байв. Тэд Эрхүү хотод нэг хоногийн бэлтгэл хийж, Швед рүү нисчээ.
МОНГОЛЫН БАГТ ГУРВАН ОРОС ЛЕГИОНЕР ТОГЛОГЧ БАГТЛАА
Монголын багийг Г.Тамир ахалсан бөгөөд дасгалжуулагчаар А.Мэргэн, М.Отгонбаяр нарын удирдлагад 19 тамирчин Шведийг зорьжээ. Тэдний дунд гурван орос легионер тамирчид багтсан бөгөөд Мурзин, Айсбруннер, Радинов нарыг хүчин зүтгэсэн. Тэд Эрхүүгээс багтайгаа нэгдэж, цааш ниссэн байна.
Олон улсын бэндигийн холбооноос энэхүү спортыг хөгжүүлэхийн тулд тухайн улсын багт легионер тамирчид тоглохыг зөвшөөрдөг байна. Тиймээс бусад багуудад ч легионер тоглогчид олон байжээ. Канад, Унгар, Укриан зэрэг орнууд гадны тоглогчидтай байжээ. Өнгөрсөн онд манай хоккейчид хүрэл медалийн төлөө Унгартай тоглоход тухайн багт гадны дөрвөн легионер тоглогч байсныг онцолсон. Тиймээс бид энэ жил гурван орос легинер тоглогчийг багтаа авсан гэв.
ХОККЕЙЧИД ЭНЭ САРД ЯПОНД БОЛОХ АЗИЙН НААДАМД ОРОЛЦОНО
Манай улсад бэнди, шайбтай хоккейн тусдаа тамирчид байдаггүй. Шайбтай хоккейгоор тоглодог тамирчид бэндид тоглодог байна. Гэхдээ бэнди шайбтай хоккейгоос хэцүү гэдгийг тамирчид онцолж байв. Бэнди том талбайд тоглодог бөгөөд яг л хөлбөмбөгийн дүрмээр талбайд 11 тоглогч гардаг аж. Том талбайд 90 минут тоглодог учраас тамирчдаас тэсрэлт, өндөр хурд шаарддагаас гадна шайбтай хоккей шиг биеийн хүчний, бохир тоглолтыг хориглодог байна. Энэ удаагийн ДАШТ-д өрсөлдсөн тамирчид бүгд шайбтай хоккейгоор хичээллэдэг тамирчид юм. Өвлийн спортын багийн төрлөөр хүрэл медалийг эх орондоо анхлан авчирсан баг тамирчдыг дараагийн томоохон тэмцээн энэ сард хүлээж байна. Монголын хоккейн шигшээ баг энэ сарын 19-26-ны өдрүүдэд Японы Саппоро хотноо болох Азийн өвлийн VII наадамд оролцох юм. Тэд хоёр долоо хоногийн хугацаанд Орхон аймагт бэлтгэл сургуулилтаа хийхээр болжээ.
БӨМБӨГТЭЙ ХОККЕЙН ДАШТ-Д МАНАЙ ХОККЕЙЧИД ХЭРХЭН ОРОЛЦОВ?
№ | ОН | ТОГЛОЛТ | ХОЖИЛ | ТЭНЦЭЭ | ХОЖИГДОЛ | БАЙР |
1 | 2006 | 6 | 1 | – | 5 | V |
2 | 2007 | 5 | 2 | – | 3 | V |
3 | 2008 | 6 | 1 | – | 5 | VI |
4 | 2009 | 7 | 1 | 2 | 4 | XII |
5 | 2010 | 5 | – | 1 | 4 | IV |
6 | 2011-2013 | ОРОЛЦООГҮЙ | ||||
7 | 2014 | 6 | 3 | – | 3 | VI |
8 | 2015 | 7 | 3 | 1 | 2 | VII |
9 | 2016 | 8 | 5 | – | 3 | IV |
10 | 2017 | 6 | 5 | – | 1 | ХҮРЭЛ |
_700.jpg)




_700.jpg)