“Жавзандамба хутагт” төвийн багш, Гавж Д.Нямсамбуутай ярилцлаа. Түүнтэй цагаан сарын баярын талаарх яриа өрнүүлснээ хүргэж байна.
-Энэ жил цагаан сарын баяр урин цагт болох нь ээ. Зарим хүмүүс цагаан сарын баяр оройтож болж байгаагийн учрыг янз бүрээр тайлбарлах юм. Энэ нь ямар учиртай юм бэ?
-Хүмүүс цаг хугацааны тоолол зохион тоолохдоо нар, сарны хөдөлгөөнийг зонхидоо ашиглаж иржээ. Харин энэ 2-г хоёуланг нь тооцох хосолсон тоололд жаахан ажиллагаа байдаг. Сарны тооллоор тоолсон 12 сартай жил дунджаар 355 хоногтой байдаг. Харин нарны тоолол 365 хоногтой. Үүнээс 10-аад хоногоор дутуу байдаг гэсэн үг. Хэрвээ энэ жил цагаан сар хоёрдугаар сарын арван орчим байсан бол дараа жил 2 сарын эхээр, түүний дараа жил нэгдүгээр сарын хорьдоор болно. Тэгэхээр хоёр удаа хойшоо алхаж, нэг урагшилж бүжиглэж байгаа юм шиг. Тэгэхээр нар, сарны хосолсон ямар ч тооллын тодорхой өдөр бидний хэрэглээд байгаа нийтийн тооллын буюу нарны тооллын сар орчимд нааш цааш даялдаг гэсэн үг.
-Энэ нь юу гэсэн үг билээ?
–Шар зурхай ёсоор гэхэд нэгдүгээр сарын 20-ноос хоёрдугаар сарын 20-нд хооронд цагаан сар буюу хаврын тэргүүн сарын шинийн нэгэн тохиодог. Энэ нь нар, сарны тооллыг тохируулж буй л хэрэг. Тэрнээс биш ирээдүйд 2026 оны хавар ч юм уу умардын циклон түлхүү түрээд, Монгол орчмын цаг агаар олон жилийн дунджаас илүү хүйтэн болохыг тооцож мэдээд цагаан сараа хойшоо хийж буй хэрэг биш. Ийм зүйлийг урьдаас тооцож болохыг мэдсэн хүн байвал 10-н Нобель ч багадна. Шар зурхайг Чингисийн зурхай гээд байгаа хүн зурагтаар цаг агаарыг урьдчилж яг таг тооцох аргыг мэднэ гэсэн шүү юм яриад байсан. Энэ үг нь өөрөө “би луйварчин” гэж байгаагаас онц ялгаагүй үг л дээ. Дэлхийн тойрсон олон арван хиймэл дагуулаас авсан хэдэн сая мэдээллийг хамгийн супер компьютерүүд тооцоод ч Катрина хар салхины прогнозыг 6-н цагаас илүү хийж чадахгүй байсан юм шүү дээ. Гэтэл бид ийм хүнд итгэцгээж л байдаг.
Нэгдүгээр сарын 20-нд цагаан сар хийхэд илүү хүйтэн байна. Хоёрдугаар сарын 20-нд цаг агаар нэлээд уярсан байна. Өөр арга байхгүй. Хоёрдугаар сарын 20-нд Хятадын цагаан сар болох тохиолдол бий гэсэн. Тэр нь өнөөдрөөс 14 хоногийн дараа гэсэн үг.
Бидний амьдран суугаа бүст дэлхий нартай харьцах тусгал, өдөр уртасч, богиносохоос хамаарч хэсэг хугацаанд дулаан, хэсэг хугацаанд хүйтэн байдаг. Дулаан байх хугацааг нь зун гээд хүйтнээс дулаанд шилжих завсар үеийг нь хавар гэж нэрлэсэн байна. Товчдоо байгальд өөрт нь яаг одоо хавар эхэллээ гэж үзэх товгор, хяналтын зүү үгүй бөгөөд хаврын эхэн сар гэж бид л дундажлаж, зохиож, нэрэлдэг гэсэн үг. Нийтийн тооллоор бол бүр 3-р сараас хавар эхэлнэ. Хаврын урь бол Төгсбуянт зурхайгаар гурав хоногийн өмнө орсон.
-Хятадын цагаар сар өнгөрсөн нэгдүгээр сарын 28-нд болсон. Шар зурхайгаар явбал битүүн, шинийн 15-ныг тоолдоггүй гэж дуулсан. Энэ талаар тайлбарлахгүй юу?
-Шар зурхайгаар битүүн, шинийн 15-ны өдрийг тоолдог байлгүй дээ. Гэхдээ ойлголтын зөрүү ч их байдаг. Хэдий нэг л сартай ч сарын эхийг өөр өөрөөр авах тохиолдол байж болдох. Тодруулбал исламын тоололд сарын эх нь шар зурхай, Төгс Баясгалант аль алины шинийн гурван орчимд тохиодог. За жилийн эхийг бол бид мэднэ, яаж л бол яаж авч болно. Өдрийг эхийг исламууд нар шингэхэд авдаг бол нийтийн тоололд 00 цагт, хятадад шөнө дунд өнгөрөөд, Энэтхэг тоололд өглөө нар мандахад өдөр эхэллээ гэж үздэг. Үүнээс болж цаг тоололд өөрчлөлт орж болно шүү дээ. Цагийн нэг бүсэд хамаардаг 2 улс, нэг өдрийг, нэг нь 15-наар, нөгөө нь шинийн 14-наар авах тохиолдол ч байж болно. Ажиглагч дэлхийн хаана байгаагаас үл хамаарч шинийн 15-ны сар тохиож байдаг. Өөрөөр хэлбэл нар, дэлхий, сар гурав босоо хавтгай дээр зэрэгцвэл шинийн 15 болчихдог. Яг шинийн 15-нд манай оронд жин үдийн нар мандаж байj болно шүү дээ. Энэ тохиолдолд цагийн нэг бүсэд байгаа атлаа нэг улс нь өмнөх өдрийг нь нөгөө улс нь маргааш өдрийг нь 15 наар авчиж болно, таслахад бэрх маргаанаас гадна өдрийн эхийг хаанаас авч байна гэдэг ч нөлөөлнө.
-Төгсбуянтын зурхайгаар хоёрдугаар сарын 27-нд цагаан сарын баяр болох гэж байна. Төгсбуянт, шар зурхайн ялгаа нь юу вэ?
-Монголчуудын аж амьдралд илүүтэй зохицсон талаар хэлж мэдэхгүй байна. Гэхдээ шар зурхайн цагаан сар нэгдүгээр сарын 20-ноос хоёрдугаар сарын 20-ны хооронд даялдаг бол Төгсбуянтынх үүнээс долоо хоногоос хожуу болох тохиолдол байна. Энэ нь хүйтэн газар илүү тохиромжтой байж магадгүй. Гэхдээ зурхайч Намсрай гуайн ярьж байгаа шиг “Шар зурхай Чингисийн, Өгөөдэйн зурхай” гэдэг шиг худлаа зүйл байхгүй. Энэ Шар зурхай гэнэ үү за юутай ч Хятадуудын цагаан сараа бодож олж байгаа тооцооллыг Германы католик шашныг сурталчлагч боловсруулж, Манж Чин улсаас хэрэглэж эхэлж. Илүү дэлгэрэнгүй яривал,Адам Шолл (Johann Adam Schall von Bell ) 1644 онд болсон нарны тал хиртэлтийг урьдчилж зөв тооцож өгсөн тул (өмнө Хятадад хэрэглэж байсан тооцооллууд алдсан) Манжийн хаан түүнийг Одон Орны Товчооныхоо тэргүүн болгож, улмаар Шар Зурхай гэгдээд байгаад Шишиан календарийг зохиожээ. Би энэ бүгдийг маш тодорхой баримттайгаар ярина. Хятад талын болоод Католик талын аль алиных нь баримт байна л даа.
-Жил бүрийн цагаан сарын баярын шинийн 15-ндаа багтан ном засал уншуулдаг. Ингэснээр тэр жилийнхээ гай барцад, ажил үйлсээ засуулна гэж үздэг. Ер нь ном засал хийлгэхийн учир утга юу вэ?
-Энэ бол итгэл үнэмшлийн асуудал. Гандандаа очоод ном уншуулах Бурханы шашинтай хүнд сайхан л санагддаг байх. Ер нь 2 туйлшрал харагдаад байдаг. Нэг хэсэг нь Буддизмыг дан мэргэ төлөг, ном засал л гэж боддог. Нөгөө хэсэг нь Буддизм бол дан философи ч юм уу шинжлэх ухаан ч гэнэ үү. Аль аль нь эндүүрэл бөгөөд Буддизмд аль аль нь байдаг. Гэхдээ сэтгэлийн ариусал, хүн өөрийн сэтгэл болоод үйлдлээ засах бол Буддизмын цөм сургаал.
-Сүүлийн жилүүдэд ард түмэн цагаан сарыг өргөн тэмдэглэдэг болжээ. Энэ хэрээрээ бэлэг сэлт, бэл бэнчин их шаардаж байна. Ер нь цагаан сарын баярыг хэрхэн тэмдэглэвэл зохистой вэ?
Бурхны шашинтнуудын хувьд баяр гэдэг зонхидоо номын баярыг хэлдэг. Цагаан сарын баяр ч Бурханы шашинтнуудын хувьд Бурхан багш Рид Хувилгаан үзүүлсэн 15 хоногтой давхацдаг тул аль болохоор өлзийтэй үгийг өгүүлж, биеэ зөв сайн хянаж, бусдад туслахыг хичээж, болбол хүрээ хийд орондоо бараалхаж, залбирч, эргэл мөргөл хийж, сэтгэлээ ариусгаж өнгөрөөнө.
-“Жавзандамба хутагт” төвд байнгын үнэ төлбөргүй лекц болж байдаг. Удахгүй болох цагаан сарын баяртай холбоотойгоор ямар ямар лекц танилцуулах бол?
-Манай төв сүүлийн зургаан жилийн хугацаанд буддын ёс суртахуун, практик, онолын сургалтыг үнэ төлбөргүй зохион байгуулж байна. Ойролцоогоор долоо хоногийн зургаан өдөрт 22 цагийн хичээлийг тогтмол явуулж байгаа. Сар шинийн баяртай холбоотойгоор Гандантэгчэнлин хийдэд болдог хурал номын агуулга, Бурхан багшийн намтартай холбоотой лекцүүд уламжлал ёсоор болно.
А.СҮРЭН
ГЭРЭЛ ЗУРГИЙГ Ц.АРИУНБОЛД